УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Батчимэг, А.Бакей, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар санал хэлэв. Үг хэлсэн гишүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаа тогтоохгүй нь зөв боловч зөвхөн өнөөгийн нөхцөлд баригдсан байдлаар асуудалд хандалгүй үндэсний аюулгүй байдлын үүднээс ирээдүйд үүсэх нөхцөлд үндэсний компаниуд өрсөлдөх чадвартай байж чадах эсэхийг тооцож үзсэн эсэх, мөн хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн хууль эрх зүйн орчноос шалтгаалсан гэж үзэх нь өрөөсгөл юм, цөөхөн хэдэн компанид зориулсан хууль болсон мэт харагдаж байна, үүссэн нөхцөл байдлыг зөв үнэлж, оношоо зөв тавьж байж хүндрэлээс гарах арга замаа олсны дараа хөрөнгө оруулалтын хуулиа ярих нь зөв байсан зэргээр байр сууриа илэрхийлж байв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 56 гишүүнээс 45 нь дэмжсэнээр 80.4 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв.
Хуулийн төслийн танилцуулгыг Эдийн засгийн сайд Н.Батбаяр хийхдээ, энэ бол шинэ хууль, энэ хууль батлагдсанаар манай улсын санхүүгийн зах зээлд үгүйлэгдэж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болох юм гэлээ.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаас гишүүдийн 80.4 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулсны дараа А.Телейхан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд нарын гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхнээс асуулт асууж тодруулав. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан байгуулах нь зүйтэй боловч эрсдэлгүй байх ёстой, хадгаламж зээлийн хоршооны түүх давтагдвал яах вэ, өмнөх хамтын сангийн ойлголт иргэдийн дунд бүрхэг хэвээр байгаа, үүнийг шийдэж байж, энэ сангийн тухай ярих нь зүйтэй биш үү гэдгийг тодруулж асуусан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар гишүүдийн асуултад хариулахдаа, аливаа компанийн бонд хөрөнгийн барьцаатай байдаг, энэ нь хамгаалалт болох учиртай, өмнөх хамтын сантай холбоотой асуудал байгаа, түүнийг УИХ-аас өгсөн үүргийн дагуу иргэдийг хохироохгүй байх зохицуулалтыг хийнэ, хөрөнгө оруулалтын сангийн эрсдлийг төр хариуцахгүй, эрсдлээ хариуцна гэдэг баталгааг авч байж эрх өгнө, хуулийн төсөлд эрсдлийг төр хариуцна гэсэн заалт байхгүй, харин төр хариуцахгүй гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй юм байна, татварыг сангаас төлөхгүй, хөрөнгө оруулагчид нь өөрсдөө төлөхөөр зохицуулалт хийгдэнэ гэсэн тайлбар өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст 78.6 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэхээр төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЭЗБХ-ны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар танилцуулсан юм.
Харин хуралдааны дэгийн дагуу асуулт асууж, санал хэлэх гишүүдийн нэрсийг авч эхлэхэд гишүүн Н.Энхболд МАН-ын бүлгийн зүгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байна, хэрэв санал хураавал намын бүлэг завсарлага авна хэмээн байр сууриа илэрхийлсэн учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн танилцуулгыг хийснээр өнөөдрийн үдээс хойшхи хуралдааныг дуусгаж, маргааш үдээс өмнө МАН-ын бүлэгт Уул уурхайн яамнаас нэмэлт мэдээлэл өгөх, харин чуулганы нэгдсэн хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|