Ус хүн төрөлхтний эрүүл аж төрөх амьдралын баталгаа, тухайн улсын экосистемийн бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн үндсэн элементийн нэг болдог.
Энэ тодорхойлолтод заасан баталгаатай цэвэр ус гэдэг нь түүний эх үүсвэр, усны чанарыг сайжруулах арга, усан хангамжийн тогтолцооны онцлогоос үл хамааран халдварт болон нутагшмал өвчин тархах аюулгүй, физикийн үзүүлэлт, химийн найрлагаараа хор нөлөөгүй, мэдрэхүйн үзүүлэлт (өнгө, үнэр, амт) хэвийн буюу уухад тааламжтай усыг хэлнэ.
Хүн амыг найдвартай усан хангамж, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж (энгийн бие засах газар, бохир усны нүх, хог цуглуулж зайлуулах сав, гар угаах )-аар хангах нь тухайн орны Засгийн Газрын үүрэг, хүний үндсэн эрхэд хамаарах асуудал боловч хөдөө, орон нутгийн иргэдийн хувьд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь нийтлэг ажиглагдах болж, дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
ДЭМБ-ээс дэлхийн хэмжээнд даган мөрдөх “Ундны усны чанарын удирдамж”-ийг 1963, 1971, 2005, 2010 онд тус тус шинэчлэн гаргасан байна.
Ундны усны чанарын эрүүл ахуйн үнэлгээнд усны мэдрэгдэх чанар (физик шинж), химийн болон бичил амь судлалын үзүүлэлтүүдийг онцгойлон авч үздэг. Усны чанарын химийн үзүүлэлтийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар нь байгалийн усанд агуулагдах, ахуйн болон үйлдвэрлэл хөдөө аж ахуйн үйл ажиллагааны, ус цэвэршүүлэх төхөөрөмж ба түгээх шугам хоолойн хийц, халдваргүйтгэлийн гаралтай химийн бодисууд гэж ангилна.
Манай оронд ундны усны чанарыг MNS 900:2005 стандартаар үнэлдэг. Усны нян судлалын үзүүлэлтийг усны эх үүсвэрээр нь: төвлөрсөн усан хангамж болон төвлөрсөн бус (гүн өрмийн өргөх төхөөрөмжтэй, халдваргүйтгэл хийдэггүй худгууд) гэж ангилна.
Усанд байх нянгийн тоо нь 100мл усанд байвал зохих нийт нянгийн тоог 20-иос ихгүй, гэдэсний бүлгийн нянг “илрэхгүй” байхаар заасан байна. E.Coli нь усыг хүн болон амьтны ялгадсаар бохирдсоныг илтгэх нэг чухал үзүүлэлт тул 100 мл усанд E.Coli-ийн байвал зохих хэмжээг усны эх үүсвэр бүрээр тодорхой зааж өгсөн.
Орчин үед цацраг идэвхит бодисыг өргөн хэрэглэх болсонтой холбогдуулан ундны усанд агуулагдах цацрагийн аюулгүй үзүүлэлтийг радон, нийлбэр альфа ба бета идэвхи гэсэн 2 үзүүлэлтээр хэмждэг байна.
Та бүхэн усны чанарын холбогдох үзүүлэлтийг тогтмол хянаж зөрчил илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай.
Усны чанар, аюулгүй байдал зөрчигдөх нь нийгмийн ядуу буурай байдал давамгайлсан улс орны хувьд эдийн засгийн боломжгүйгээс удаан хугацаанд үргэлжилж болох учраас цаг хожих, эрүүл мэндээ хамгаалах, урт наслахын тулд усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах үйл ажиллагаанд иргэн бүр оролцох зайлшгүй шаардлага урган гарч байна.
Усны үр ашиггүй зарцуулалтын талаарх тоо баримт:
Эвдэрхий цоргоор ус дуслахад цагт 0.54, хоногт 13, долоо хоногт 90, жилд 33,112 литр цэвэр ус ямарч үр ашиггүй хаягддаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 3 сая гаруй төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг юм.
Та крантаа хаахгүйгээр шүдээ угаах үедээ 5-10 литр ус ашигладаг бөгөөд жилд 1,825-3,650 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 209,875-419,750 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна. Харин та шилэн аяганд ус хийж шүдээ угааснаар энэ мөнгийг хэмнэх боломжтой юм.
Та ариун цэврийн өрөөний усаа нэг удаа татахад 6-10, гараа угаахад 3-5 литр ус зарцуулдаг байна.
Автомашиныг даралттай усаар угаахад цагт 500, зөөж угаахад 50 литр ус зарцуулдаг байна.
Усыг хэмнэснээр эрчим хүчийг хэмнэнэ.
Ус хэмнэх энгийн аргууд:
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!