Төрөөс Мөнгөний Бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь хэсэгт “Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах” үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан. Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн А-241 дугаар тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны бодлогын газрын захирлууд, Монголын Банкны Холбоо, эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд ажлын хэсэг 6 сарын турш ажиллаж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн төсөл”-ийг бэлэн болгоод байна. Тус төсөлд судлаач, эдийн засагчдын саналыг авах хэлэлцүүлгийг өчигдөр /2018.03.20/ зохион байгууллаа.
Үүний дараа Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг нийт оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа.
Стратегийг тоймлон онцолбол, зээлийн хүүг бууруулахдаа макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд стратегийн 11 зорилтыг тодорхойлж, стратеги тус бүрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Зээлийн хүүг бууруулах стратегийн 11 зорилт нь:
Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс зээлийн хүүг бууруулахад Төв банк санаачилга гаргаж ажиллаж буйд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хүүг бууруулахад дан ганц Төв банк гэлтгүй төр засгийн бүхий л институциуд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал өндөр, хэт их цаг хугацаа зарцуулагдаж буй нь хүүг өндөр тогтоох бас нэг шалтгаан болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо. Инфляцийг бууруулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах, шаардлагатай бол Төв банкнаас банкуудад тогтоож буй заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах нь зээлийн хүүг бууруулахад бас нэгэн чухал дэмжлэг болно гэх зэргээр оролцогсод байр сууриа илэрхийлэв.
Эх сурвалж: Монголбанк