Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ингвар Кампрад болон ИКЕАгийн вант улсын тухай 9 баримт

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ИКЕА брэндийг үндэслэгч, Шведийн хамгийн баян хүн Ингвар Кампрад өнгөрсөн Бямба гарагт 91 насандаа таалал төгсжээ.

Түүний хувийн амьдрал болон байгуулсан хямд өртөгтэй модон эдлэлийн вант улсынх нь тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

 

Тэр дэлхийн найм дахь баян хүн байсан

Кампрадын хөрөнгийн тухай янз бүрийн тоо баримт байдаг. Блүүмбергийн тэрбумтнуудын жагсаалтад түүнийг $59 тэрбумын хөрөнгөтэй гэж үнэлжээ.

Гэхдээ энэ тоо ч эргэлзээтэй. Учир нь Кампрадын байгуулсан компани, сангууд бүгд хувийн өмчлөлтэй тул нарийн тооцоолоход бэрх. Кампрадыг хэзээ ч бусдаас мөнгө зээлж байгаагүй, хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргаж байгаагүй гэдэг юм.

Тэр 1980-аад оны сүүлээр гүйцэтгэх захирлын суудлаа шилжүүлж, 2014 онд төлөөлөн удирдах зөвлөлийн суудлаа өгсөн байдаг.

 

Тэр таван настайдаа анхны бизнесээ хийсэн байна

1926 онд Смоланд хотод төрсөн Кампрад таван настайдаа Стокгольмд суудаг авга эгчээсээ чүдэнзний хайрцаг бөөндөж аваад орон нутагтаа зарж анхны ашгийг олж байсан гэдэг. Дунд сургууль төгсөх жилээ тэр зул сарын баярын чимэглэл, загас, модны үр зэргийг зардаг бизнестэй болоод байжээ.

 

Тэр хуучин хувцасны захаас өмсөх хувцасаа авдаг байсан

“Энэ бол Смоландын арвич хямгач хүмүүсийн хэв маяг” гэж Кампрад 2016 оны баримтат кинон дээр ярьсан байдаг.

 

ИКЕА нэрний учир

Кампрад бизнес хийхийн хажуугаар сайн сурагч байсан. Түүнийг сургуулиа амжилттай төгсөхөд эцэг нь мөнгөөр шагнаж байсан ба тэр мөнгөөрөө Смоландын ойролцоо Agunnaryd тосгоны Elmtaryd хэмээх жижиг эдлэнг худалдаж авч байжээ. Компанийхаа нэрийг өөрийн нэрний эхний үсэгнүүд ба энэ газрынхаа нэрний эхний үсгүүдээр IKEA (Ingvar, Kamprad, Elmtaryd, Agunnaryd) гэж нэрлэсэн гэдэг.

 

Өмнөд Америкаас бусад бүх хүн амьдардаг тивд Икеагийн дэлгүүрүүд бий

 

 

Тэр онлайн худалдааны эринг зөгнөж байсан

Кампрад 1940-өөд оны үед анхны шуудангаар захиалга авч тавилга нийлүүлэх үйлчилгээг нэвтрүүлж байжээ. Ингэхдээ хамгийн хямд үнийн баталгааг өгөхийн тулд дундын ямар нэг зуучлагчгүй шууд хэрэглэгчтэйгээ харьцах загвар боловсруулж байв. Тэр бас бүтээгдэхүүнийхээ каталогийг гаргаж, биеэр ирж үзэх шоурүүмийг 1953 онд нээсэн нь өнөөдрийн Амазоны бизнес загвар байв.

 

Икеа дэлхийн хамгийн том модны хэрэглэгч

Түүний вант улс дэлхий даяар 389 дэлгүүртэй. Дэлхийн нийт модны нийлүүлэлтийн 1 хувийг дангаараа худалдаж авдаг.

 

Кампрад 1973 онд бага татвартай газар хайж Шведээс явж байв

Тэр татварын зардлаа багасгахын тулд Шведээс Дани, дараа нь Швейцарьт шилжиж байжээ. Түүний компанийг одоо Нидерландын ашгийн бус байгууллага хянадаг, хэд хэдэн офшор компанитай.

2017 онд Европын эрх баригчид Икеагийн татвар төлөлтийг шалгаж байжээ.

 

Түүний хамгийн том алдаа Фашизм

1994 онд олон нийтэд ил болсон мөрдөн байцаалтын баримт бичигт Кампрад 1940-1950-аад оны үед Шведийн фашист хөдөлгөөнд оролцож байсан нь илэрсэн юм. Үүний дараа Кампрад ажилтнууддаа хандаж тайлбарлахдаа энэ түүхээ “миний амьдралын хамгийн харамсалтай хэсэг”, “хамгийн тэнэг алдаа” гэж нэрлэж байжээ.

 

Эх сурвалж: Quartz