Нийслэлчүүдийн өвлийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд болно.
Наадамд Монгол бахархал болсон дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриаллаа.
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Хөтөлбөр:
- Урлагийн тоглолт
- Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
- Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
- Цанын сонирхогчийн тэмцээн
- Тэшүүрийн үзүүлбэр
- Снөүбоардын тэмцээн
- Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
- Нохой чарганы үйлчилгээ
- Өвлийн дугуйны үйлчилгээ
- Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
- Параглайдингийн үзүүлбэр
- Олс таталтын тэмцээн
- Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
