Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Криптовалютын хөгжлийг зогсоох аргагүй ч зохицуулах шаардлагатай гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
 

Энэ сарын 19, 20-нд Орхон аймагт зохион байгуулагдсан “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”-д криптовалют, цахим мөнгөний асуудлаар бодлого боловсруулагчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

"хуулийн зохицуулалт яалт ч үгүй шаардлагатай"

Санхүүгийн Зохицуулах Хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг “Хоёр зүйл дээр л эрсдэл үүсч байна. Криптовалют гэдэг ханшийн огцом хэлбэлзэлтэй зүйлийг сурталчилж байгаа хүмүүс зөвхөн сайн талыг нь гаргаад байгаа. Үүнийг ашиглаад onecoin мэтийн залилангийн схемүүд энд энд маш ихээр бий болж байна. Энэ тал дээр СЗХ анхааруулга өгч, хуулийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Дараагийн эрсдэл нь ханшийн савлагаа. Үүнээс болж массыг хамарсан, Хадгаламж зээлийн хоршооны хэрэг шиг замбараагүй асуудал үүсвэл яах вэ гэдэг асуудал бий. Үүн дээр хуулийн зохицуулалт яалт ч үгүй шаардлагатай байгаа юм. Дэлхий нийт энэ асуудалд анхаарлаа хандуулаад эхэлчихсан байгаа. Энэ асуудал дээр СЗХ УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл судалгаа гаргаж өгөх боломжтой гэдгээ хэлье” гэв.

"криптовалютад ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийгээд алдагдал хүлээвэл яах талаар аль ч улс орон шийдэлд хүрээгүй байгаа"

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек буюу технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээний хэлбэр сүүлийн үед, ялангуяа криптовалюттай зэрэгцэж гарч ирж байгаа. Үүнийг манай ард иргэд хольж ойлгож байгаа тохиолдол бий. Тухайлбал цахим мөнгийг криптовалют гэж ойлгох гэх мэт.

Үндэсний төлбөрийн системийн хууль 2017 оны тавдугаар сарын 30-нд батлагдсан. Энэ хуулийн 8 дугаар бүлэгт цахим мөнгө гэж юу вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Үүнээс харвал 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцүү байх гэх мэт тодорхой бичигдсэн зүйл бий.

Криптовалютын хувьд Монголд хөрөнгө оруулалт хийж ашиг олох эсвэл олборлолт хийж урамшуулал авах талын хоёр чиглэлээр явж байна. 2017 оны сүүлээр бид ажлын хэсэг байгуулж нэлээн судалгаа хийсэн. Google-ээс харахад криптовалютыг Монголоос хайж, сонирхсон хүмүүсийн 25 хувь нь Өмнөговь аймгаас,  37 хувь нь Орхон аймгаас, үлдсэн нь Улаанбаатар хотоос хандсан байсан. Хүмүүс цалингаа авч биткойнд хөрөнгө оруулалт хийснээрээ ашиг олох боломжтой гэж бодоод байх шиг байна. Засгийн газрын түвшинд ч дэмжсэн зүйлийг зарим сайд нар ярьсан. Дараа нь ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг харахгүйгээр дэмжсэн нь ажиглагдсан.

Финтекийн хувьд бид дэмжих тал руу ажиллаж байна. Энэ нь одоо байгаа үйлчилгээг илүү амар, шуурхай болгох ач холбогдолтой.

Харин криптовалютад ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийгээд алдагдал хүлээвэл яах талаар аль ч улс орон шийдэлд хүрээгүй байгаа гэдгийг энд онцолъё” гэв.

"НҮБ 2017 онд блокчэйн технологи ашиглаж өөрийнхөө үйл ажиллагаануудыг бүртгэж эхэлсэн"

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ОУВС-гийн жилийн уулзалтаар Кристин Лагард өөрийн тавьсан илтгэлд хэлсэн. Блокчэйн технологийн хөгжлийг зогсооно гэсэн асуудал байхгүй. Харин улс орнууд үүнд ухаалгаар хандаж, яаж зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн.

НҮБ 2017 онд блокчэйн технологи ашиглаж өөрийнхөө үйл ажиллагаануудыг бүртгэж эхэлсэн байгаа. Ялангуяа НҮБ-ын хамгийн их анхаарал татдаг тусламжийн бараа зорилтот эзэндээ очиж байна уу гэдэг асуудлын тайлан бүртгэл тодорхойгүй байсныг илүү тодорхой болгосон байна лээ.

Энэ мэтчилэн банк санхүүгийн салбар гэлтгүй бүх төрлөөр ашиглагдаад эхэлчихлээ. Криптовалюттай холбогдуулж дэлхийн нэлээн олон хотууд өөрсдийгөө Крипто хот болно гэдгээ зарлачихсан байгаа. Тухайлбал, Швейцарийн Зюг хот хамгийн анх зарлаж, үүний дараа Сан Франциско, Амстердам зэрэг хотууд крипто хот болно гэдэг санаачилгаа гаргаад явж байгаа. Тиймээс блокчэйн технологи, криптовалюттай холбоотой асуудлыг бид хүлээх биш асар хурдтай нэвтэрч байгаа учир бэлэн байх, бэлтгэлээ хангах хэрэгтэй” гэв.