Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Таж Махалыг үзэх хүний тоог өдөрт 40,000-аар хязгаарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн засгийн газар 17 дугаар зууны түүхэн дурсгал болох Таж Махал бунханд зочлогчдын тоог өдрийн 40,000-аар хязгаарлаж байгаагаа өчигдөр зарлалаа.

Энэтхэгийн дотоодын аялал жуулчлал хөгжихийн хэрээр Таж Махалд зочлогчдын тоо жилд сая саяар нэмэгдэж байгаа юм. Агаарын бохирдлын улмаас өнгө нь шарлаж байгаа бунхны цагаан гантиг хүний хөлд дарагдахын хэрээр улам бохирдож, арчилж дийлэхгүйд хүрч байгаа ажээ.

Тиймээс бунханд зочлох дотоодын жуулчдын тоог өдөрт 40,000-аар хязгаарлах шийдвэрийг Лхагва гарагт гаргасан байна.

Хориг нь гадаадын иргэдэд үйлчлэхгүй гэнэ. Гадаадын жуулчид бунханд нэвтрэхийн тулд 1,000 рупи ($16) төлдөг. Харин Энэтхэгчүүд дөнгөж 40 рупи төлдөг ажээ. Гэхдээ бунхны дотор талд орохын тулд аль аль нь илүү өндөр үнэ төлдөг.

Таж Махалыг 1631 онд төрөхийн хүндрэлээс болж нас барсан Мумтаз Махал хатандаа зориулан Моголын хаан Шах Жахан байгуулсан юм.

Өнгөрсөн оны сүүлчийн өдөр бунханд ирэгсдийн тоо хэт ихэссэний улмаас таван хүн бэртэж гэмтсэн нь ийм хязгаарлалт хийхэд хүргэжээ.

Таж Махалд өдөрт дунджаар 10,000-15,000 хүн зочилдог бол амралтын өдрөөр 70,000 болж огцом нэмэгддэг байна.

Энэтхэгийн засгийн газрын тоо баримтад өгүүлснээр 2016 онд 6.5 сая хүн бунхныг үзжээ.

 

Эх сурвалж: AFP