Энэ онд нийслэл хотод дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил ёстой л нэг өрнөх шиг боллоо.
Харин ирэх жил хаана юу баригдах вэ гэдгийг хотын иргэд өөрсдөө шийдэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал иргэдийн зүгээс бидний татварын мөнгөөр ийм бүтээн байгуулалт хийнэ үү, хотын удирдлагууд та бүхэн үүнд бодлогоо чиглүүлнэ үү хэмээдэг болж байгаа нь сайшаалтай. Харин бодит байдал дээр иргэдийн тусгасан санал ажил хэрэг болох үгүй нь эргэлзээтэй. Учир нь “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил 12 хоног үргэлжлэх бөгөөд иргэдийн оролцоог идэвхжүүлж санал авахаар нийслэлийн өрх бүрт хаяглан тухайн хороонд нэн шаардлагатай таван чиглэлээр жагсаан бичсэн саналын хуудсыг 152 хороогоор тараасан.
Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо, ойр орчиндоо, өрх гэртээ хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргийг сонгон тэмдэглэгээ хийх аж.
Харин энэ ажлыг хорооныхон аль хэдийнэ хийгээд иргэдийн саналыг нэгтгэж, зориулалтын ав¬томат машинд уншуулсан байх ёстой. Тэгээд хамгийн олон санал авсан ажлыг иргэд, хотын удирдлагуудтай хэ¬лэлцэх журамтай.
Хэлэлцүүгийг зохион байгуулж буй ажлын хэсгийн мэдээгээр 152 хорооноос 64 мянга 052 санал асуулгын хуудас ирж, автомат машинд уншуулснаас 58 мянга 394 санал асуулгын хуудасны дүн гарчээ. Нийт саналын 1.6 хувь нь буюу 5118 хуудас хүчингүй болсон байна. Энэ нь нийслэлээс зохион байгуулж буй “Иргэний оролцоотой төсөв-2014” ажилд нийт өрхийн 20 орчим хувь нь оролцсон гэсэн үг.
Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн хоёр хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг сонгожээ.
Мөн гэр хорооллын өрхийн 40.9 хувь нь цэвэр бохир усан хангамж, орон сууцны өрхийн 40.1 хувь нь нэгдсэн гарааш, авто зогсоолтой болох шаардлагатай гэж үзэн саналаа өгсөн байна.
Түүнчлэн тохижилтын чиглэлээр саналаа өгсөн гэр хорооллын өрхийн 45.5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцын өрхийн 44.1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Удирдамжийн дагуу иргэдийн өгсөн саналаас хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсааж, хороо бүр дээр “Иргэний оролцоотой төсөв-2014” шууд хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.
Одоогоор ийм мэдээлэл гараад байхад зарим хорооны ажлыг гүйцэтгэж явсан нөхөд “Энэ айлд хүн алга. Дахиж ирэлтэй нь биш. Өөрсдөө бөглөчихье” гээд саналын хуудсыг нь өөрсдөө бөглөөд явсан сурагтай. Ингэхээр нөгөө 20 орчим хувийн санал гэдэг нь худал болж таарч байгаа юм.
Нөгөөтэйгүүр нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргасан 114 сая 214 мянга 600 төгрөгийн ажил зүгээр нэг хэлбэрийн төдий зүйл болох эрсдэлтэйг харуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!