НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн шийдвэрт хориг тавих асуудлаар санал хураажээ.
Ингэхэд АНУ-аас бусад аюулгүй байдлын зөвлөлийн 14 гишүүн орон дэмжсэн байна.
АНУ-ын холбоотнууд болох Британи, Франц, Итали, Япон, Украины төлөөлөгчид Иерусалемын талаарх Трампын шийдвэрийг “хууль ёсны бус, цуцлах ёстой” гэж дүгнэжээ.
Гэвч АНУ-ын НҮБ дэх төлөөлөгч Ники Хэйли хурлын дараа мэдэгдэхдээ “АНУ элчин сайдын яамаа хаана байрлуулахыг дэлхийн ямар ч улс орон заах ёсгүй” хэмээн эсэргүүцсэн байна.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт АНУ, Британи, Хятад, Франц, Орос улсууд дангаар хориг тавих эрхтэй байдаг тул уг шийдвэр ийнхүү гацаж байгаа юм. Трамп энэ сарын 6-нд Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, өөрийн элчин сайдын яамыг Тель Авиваас шинэ нийслэлд нүүлгэх болсноо зарласан юм.
Түүний шийдвэр дэлхийн муслим ертөнцийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. 1967 онд Израйльчуудын булаан эзэлсэн зүүн Иерусалемд исламын шашинтнуудын ариун газар байдаг ба Палестины тусгаар улсын ирээдүйн нийслэл гэж үздэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!