"Г.Номуундарийн талаар шалгалт хийж дууссаны дараа мэдээлэл өгөх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна"
Иргэн Г.Номуундарь охин олон нийтийн сүлжээгээр хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хүргүүлэх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна.
Олон нийтийн сүлжээгээр хэргийн явцын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу энэ нь боломжгүй, хориотой байдаг. Тиймээс бид хэргийн шалгалт дууссаны дараа прокурорт танилцуулж, зөвшөөрсөн хэмжээгээр нь олон нийтэд мэдээлнэ. Хувь хүний нууцтай холбоотой, хуулиар хамгаалагдсан зүйл яригдах учир хуулийн хүрээнд мэдээлэл бэлтгэхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

