Дундговиос ирсэн малчин өвгөн З.Дарьсүрэн гуай “Монголд ядуу амьдрах шалтгаан байхгүй” хэмээн ярьж байна. Хотод хуралд сууж бас хүүхдүүд дээрээ хэд хоносон өвгөн “Хүчит шонхор” захаар орж махны үнэ ханш судалж, Нарантуул зах , найрамдлын Дархан гээд хэд хоног ёстой л “Толь” Гэндэн шиг “таваргажээ”.
Хотод ядарч зүдэрч яваа дуулдсан холын хамаатантайгаа бүр зорьж зүтгэж уулзаж, Нарангийн оршуулгын газрын наахна байх навтгар бор гэрээр нь хүртэл очсоноо ярьж байна.
Хэзээний хэрсүү өвгөнд ойлгомжгүй зүйл олон байна гэнэ. Энэ шороо манарч, утаа тунарсан хотод яахаараа ингэж шоргоолж шиг шавааралдаад байгаагийн учрыг олсонгүй. Ядахнаа Дархан явах замыг дагаад тэр задгай сайхан газраараа тараад амьдарч болдоггүй юм уу хэмээн гайхширч байх юм. Дэд бүтэц байхгүй болохоор хүн очиж амьдрахгүй биз дээ гэвэл:
-Би хөдөөний хүн. Манайх нарны цахилгаан үүсгүүртэй. Зурагтаар гадаад дотоодын олон суваг авдаг. Хөдөөд тохирсон хөргөгч, угаалгын машин хүртэл байна. Гар утастай. Аймаг хотыг холбосон засмал замаасаа холгүй нутагладаг. Энэ чинь тэр дэд бүтэц мөн биз дээ гэж өөдөөс асууж байна лээ.
Өвгөн идэшний цагаар хэдэн мал борлуулах бодолтой “Хүчит шонхор” захад очиж, үнэ ханш сонирхжээ. Манай тэндээс авдаг махны үнэ ханшаа бүтэн нугалаад тавьчихаж. Хонь, ямааны толгой 800 төгрөг, харин шийр нь арьсандаа санжигнаж байх юм.
Сайхан хуйхалсан шийр гэдэг салахын аргагүй л амттай байдаг сан, хотод өлсч байгаа хүн лав алга юм байна. Гэлээ гээд ингэж цамаархаж болохгүй шүү дээ гэж байна.
Холын хамаатны нэг эр нь хотод ажил төрөлгүй, эхнэртэйгээ тэр Нарангийн энгэрт амьдарч байна гэнэ. Бие эрүүл, ухаан саруул, идэр дундын насны эр эм хоёрыг хотод ингэж байснаас “хөдөө гараад манай хаяаг бараадаад амьдар.
Мал тасалж өгье. Мал маллахгүй юмаа гэхэд зун очоод идэх цагаан бүгээн идээгээ үнэгүй бэлтгээд ав гэж гэнэ. Гэтэл нөгөө хоёр хариуд нь мал сүүний ажлаас хөндийрснөө учирласан юм байх. Одоо яахав, илжиг модон худрагандаа гэгчээр хоосон ходоодоо хоржигнуулаад хогоо түүж амьдраг гэж байна.
…Хорооны хэсгийн ахлагч хижээл насны эмэгтэй нийслэлийн төсвийн санал авахаар орж ирлээ. Тэрбээр ядуу зүдүү гэдгээ амьдрах аргаа болгосон нэг биш хүн байна гэж ярьж байх юм.
Нэг тийм өрхийн залууг ажилд зуучлаад оруулжээ. Харамсалтай нь тэр ажлынхаа байрнаас кабель хулгайлаад хөөгдчихөж гэнэ. Өөр нэг өрх толгойлсон эмэгтэйг үнэгүй дамжаанд сургаж, гуталчин болгоод ажлын байранд зуучилжээ. Гэтэл мөнөөх нь байсхийгээд л ажил таслаад алга болчихдог. Хэд хоногийн дараа баахан зовлон тоочоод ирдэг гэнэ.
Тэгснээ дахиад л алга болно. Арга нь барагдсан ажил олгогч нь халчихжээ. Одоо тэр хоёр хороон дээгүүр халамж хүсээд гүйж байдаг гэсэн. Халамжийг хавтгайруулж, сонгуулийн амлалтаар бэлэн мөнгө тарааж байсан нь бэлэнчлэх сэтгэлгээг ийн өдөж өөгшүүлчихэж.
Малчин З.Дарьсүрэн гуай “Хүн өөрийнхөө амьдралыг зурдаг” гэж хэлсэн нь үнэн. Ядуу эсвэл баян цатгалан амьдрах нь тухайн хүний өөрийнх нь хүсэл мөрөөдлийн хэрэг. Арга ядлаа гэхэд Хатан Туулаа бараадаад ногоо тарьсан ч сайхан л амьдарна.
2000 оны эхээр монголчуудын 40 орчим хувь нь ядуу гэсэн ангилалд хамаарч байв. Хүн амынх нь бараг тэн хагас нь. Харин тэр үеийн энэ дүр төрх мартагдаж эхэлж байна. Баримт сэлтээс харвал монголчуудын энэ ядуурал эдүгээ 20 гаруй хувь болж буурчээ. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 20-иос доош хувь болсон гэх таатай мэдээ байна.
Энэ бол Дэлхийн банкны хийсэн судалгааны үр дүн гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Ажилтай орлоготой болоод ирэхээрээ амьдралын түвшин дээшилдэг нь жам ёс. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 179 мянган ажлын байр, Чингис бондоор 25 мянган ажлын байрыг хадгалж чадсан хэмээн Н.Алтанхуягийн Засгийн газар өөрсдийгөө тодотгодог.
Юутай ч эдийн засагчид үүнийг “одоо хэрэгжүүлж буй төрийн бодлогын хамгийн эерэг үр дүн” хэмээн онцолсон байна билээ. Түүнчлэн эдийн засгийн орчин маш таагүй байсан 2013 онд өмнөх ажлын байрыг хэвээр хадгалахын сацуу энэ хугацаанд шинээр ажилд орсон иргэдийн тоо 77 хувиар өссөн байх юм.
Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар 42 мянга гаруй хүн ажилд оржээ. Өмнөх жил буюу 2012 оны мөн үед 23.8 мянган хүн ажилд орж байсантай харьцуулахад энэ бол бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Шинээр ажилд орогсдын олонхи нь Засгийн газрын бодлогоор дэмжсэн салбарууд болох барилга, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны салбарт ажиллаж байна.
Эдүгээ Монголд ажилгүйдлийн түвшин 7.3 хувь хүртэл буурсан гэсэн статистик байна. Энэ нь нэг талаас иргэдийн ажил хийж ам тосдох идэвхи нэмэгдсэн, нөгөө талаас энэ талаархи Засгийн бодлого “бай”-гаа оносны илрэл болж таарна.
Амьдралын өнгө зураг зугуухан ч гэлээ өөдрөг өнгөтэй болж байгаа нь анзаарагдаж байна. Эдийн засгийн орчин эрүүлжиж, элдэв тээг саад, тусгай зөвшөөрөл цөөрч, төрийн хүнд суртал багасч байгаа нь энэ цаг үеийн нүүр царайны нэг хэсэг болж байна.
Ингэснээр аливаад иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Хувь заяаныхаа эзэн байх мэдрэмж, хичээл зүтгэл нь идэвхжижээ. Энэ бүхэн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг тэлж, энэ хэрээрээ амьдралын чанарт ахиц гарч байгаа хэмээн анзаарагдаж байна. Үүнийг гадныхан ч олоод харчихаж.
Монгол дэлхийн хамгийн ядуу буурай орон гэсэн тодотголоосоо холдож эхэлж байгаа бололтой. Саяхан “Нью-Йорк Таймс” сонин Монголын иргэдийн амьдрал сайжирч, Монголд тансаг хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа тухай бичжээ. Энэ бол дэлхий нийтэд өгч байгаа нэг мессеж л болж таарна.
“Монгол дахь бизнесийн боломжийг олж харахгүй бол тэнэг хэрэг болно” хэмээн тэр сонин онцолжээ. Тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэгчлэн бид өөрсдөө эх орондоо байгаа бизнесийн тэр боломжуудаа тоохгүй байна уу, эсвэл олж хардаггүй юм болов уу.
Боломж ямагт дэргэд байдаг гэх үг бий. Ядуу байхыг хүсээгүй хэн бүхний гар хүрэх газарт амжилт таныг хүлээж байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!