Нэг өрх дунджаар 4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор хэрэглэдэг байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Сав баглаа боодлын чиглэлээр 40 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг
Зориулалтын савны үйлдвэрлэл, хангамж хүрэлцээгүй, чанар болон үнийн хувьд өрсөлдөх чадвар сул зэргээс нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ашигладаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ.
Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бий болсон.
Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр салбар хариуцсан яамны зүгээс санаачлан боловсруулсан 5 зорилтот төслийг танилцуулж, хэлэлцүүлсэн нь уулзалтын үр дүн байлаа.
Уулзалтад өндөр ач холбогдол өгч ОХУ, Франц, Чех, Турк, Кувейт, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Вьетнам улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Мерси кор, Глобал коммунитис, Каритас Монгол зэрэг олон улсын байгууллагууд, манай улсад хэрэгжиж байгаа олон улсын хөтөлбөр, төслийн нэгжүүд, үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үеэр дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж байлаа.
Үзэсгэлэнд модон сав, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага, цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгч дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.
“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтын илтгэлүүд:
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн танилцуулга /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- Хүнсний зориулалтын бус савны хэрэглээ – хүний эрүүл мэнд /Эрүүл мэндийн яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- Хуванцар сав – хог хаягдал – хүрээлэн буй орчин /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- Хүнсний сав, баглаа боодол – стандартчилал /Стандарт, хэмжил зүйн газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- Хүнсний сав, баглаа боодол – хяналт, шалгалт /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- Хүнсний сав, баглаа боодол – хэрэглэгчийн боловсрол /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТББ-ын оролцоо /Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо “Заша өвс” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага/. Монгол илтгэлийг энд дарж, англи илтгэлийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
