Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

В.С.Лобанов: Манайх шатахууны Үнийг нэмэх бус харин 107 ам.доллараар бууруулах санал оруулсан

Л.Оюун, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 11
Өдрийн шуудан

“Мэргэ  ван” ХХК-ийн гүйцэтгэх захирал  В.С.Лобановтай уулзлаа. Тус компани нь МИАТ-т онгоцны түлш нийлүүлэх тендерт ялсан бөгөөд сүүлийн үед үнээ нэмэхээр зэхэж байгаа гэх мэдээлэл гарах болсон юм.

Тодруулбал, Зам тээврийн сайд А.Гансүх “Мэргэ ван”-гийнхан МИАТ-тэй байгуулсан гэрээгээ зөрчиж, шатахууны үнийг зохиомлоор нэмэх тулган шаардалт хийж байна” хэмээн өнгөрсөн сарын твитер хуудсандаа жиргэсэн.

Сайдын дэлгэсэн энэ мэдээллийн мөрөөр манай сонин сурвалжилж энэ сарын 7-ны дугаартаа “Шатахууны үнэ нэмнэ хэмээн дарамтлагч Мэргэ ван” нийтлэлийг хүргэсэн юм.

“Мэргэ ван”-гийн захирал В.С.Лобанов манай нийтлэлд дурдагдсан мэдээллийн талаар дараах тайлбарыг өгсөн юм.

В.С.Лобанов: Бид 107 ам.доллараар буулгах санал өгөөд байхад сайд яагаад ийм мэдээлэл тараасныг ойлгохгүй байна.

-Танайхыг МИАТ компанид нийлүүлдэг шатахууны үнээ нэмэх гэж байна гэх мэдээл­лийг Зам тээврийн сайд өгсөн.  Хэрэв нууц биш бол яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх гэж байгаа юм бэ?

-МИАТ компани шатахуун нийлүүлэх тендер зарлахад оролцсон таван компаниас манайх  нэг тонн түлшийг 1240 ам.доллараар нийлүүлэх үнийн санал өгч ялсан. Энэ оны тавдугаар сарын 25-нд шүү дээ. Түүнээс хойш энэ үнийн саналдаа ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Харин есдүгээр сарын сүүлч аравдугаар сарын эхээр үнээ шинэчилж өгсөн. Ингэхдээ гадуур яриад байгаа шиг нэмсэн юм байхгүй. Харин ч анх санал болгосноосоо  107 ам.доллараар бууруулж нэг тонн түлшийг 1133 ам.доллараар нийлүүлэхээр оруулсан.  Бид 107 ам.доллараар буулгах санал өгөөд байхад сайд яагаад ийм мэдээлэл тараасныг ойлгохгүй байна.

-Та бүхэн энэ үнийн саналаа МИАТ компанид мэдэгдсэн үү. Тэд ямар нэг албан ёсны хариу өгсөн үү?

-Бидний явуулсан саналтай холбоотой ямар нэг хариуг өнөөд­рийг хүртэл өгөөгүй байгаа.

-Нууц биш бол та нар шатахуунаа ямар үнээр ав­даг юм бэ. Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн айдас хаа хаагүй байдаг. Гэтэл та бүхэн буулгана гэсэн нь анхаарал татаж байна?

-Бид нэг тонн шатахууныг 1133 ам.доллараар аваад тэр үнээр нь МИАТ-т өгч байгаа. Наушкаас авсан үнээрээ МИАТ-т өгч байгаа. Тендерийнх нь шаардлагад нь Наушкаас шатахуун нийлүүлэх гэж зарлагдсан шүү дээ. Гаалийн бичиг баримт гээд бүх зүйл нь хуулийн дагуу байгаа.

-Ингэхэд гэрээнд шатахууны үнийг нэмж хасах тухай заалт байдаг юм уу?

-Гэрээний заалтад анх санал болгосон үнээс 25 ам.доллараар дээш доош болгож болно гэж бий. Ингэхдээ талууд уулзаж байгаад гэрээндээ нэмэлт өөрчөлт оруулна гэсэн заалттай юм. Бид дураараа нэмэх гээгүй. Харин ч анх санал болгосон үнээсээ 107 ам.доллар бууруулах гэж байгаа юм.

-Та бүхэн энэ асуудлаар салбарын сайдтай ярилцсан уу. Танайхыг үнээ нэмэх гэж байна гэсэн мэдээллийг Зам тээврийн сайд өгсөн шүү дээ?  

-Бидэнд сайдтай ярилцах боломж тэр бүр олдоод байдаггүй. Гэхдээ яг энэ асуудлаар уулзах хүсэлтээ илэрхийлж албан бичиг өгсөн. Хэзээ боломжтой талаар хариу өгөөгүй л байна.

-Танай компани МИАТ-ийн тендерт өмнө нь хэд хэдэн удаа орж ялж байсан туршлагатай. Үнэ буулгах асуудлаар МИАТ-ийн захиралтай уулзсан уу?  

-Уулзалгүй яах вэ. Бид өдөр болгон шахам уулзаж, асуудлаа танилцуулж байгаа.

-Танайхыг “Сод Монгол”-ын охин компани гэсэн ойлголт байдаг. Үнэхээр тийм юм уу?

-Үгүй ээ, манай компани “Сод Монгол”-ын охин компани биш. Орос-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компани. “Сод Монгол” манай компани хоёрыг ялгаж салгаж ойлгоосой гэж хүсч байна. Би Оросын талын захирал, хөрөнгө оруулагч нь. Манай ТУЗ таван гишүүнтэй. Энэ жил гурав нь орос, хоёр нь монгол хүн ажилласан бол дараа жил  гурав нь монгол, хоёр нь орос гээд солигдоод явдаг. Манай компанид надаас бусад нь монголчууд. Тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд олон монгол хүнийг ажилтай, орлоготой болгоод явж байгаа. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.

-Монголд бизнес эрхлэхэд хүндрэлтай зүйл тохиолдож байна уу. Саяхан ШӨХТГ-аас танайд шалгалт орууллаа гэж байсан?   

-Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг.  Тэгж ч ажиллаж байгаа. Бас маш олон шалгалт ирдэг. Саяхан ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч манайхыг шалгаад ямар ч асуудалгүй юм байна гэдгийг тогтоосон. Мөн Оросоос ч олон дахин шалгалт хийдэг. Ер нь байнга л шалгуулж байдаг юм шүү дээ.

Зураг