Аливаа улс орон бүрт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль гэж байдаг. Жишээ нь Норвегид амралтын өдөр ажилладаг дэлгүүр тун ховор.
Бараг согтууруулах төрлийн зүйл огт худалддаггүй гэхэд болно. Мөн шар айргийг 20:00 цагаас хойш зардаггүй. Бусад архи болон градус өндөр ундааг 18:00 цагаас хойш зарахгүй байх хуультай аж.
Гэтэл манайд эсрэгээрээ. Хэдийгээр шөнийн 00:00 цагаас хойш 21 нас хүрээгүй хүнд архи болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон ч тэр нь амьдралд хэрэгждэггүй. Үүний тод жишээг шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулж буй баар, караоке, зочид буудал, цэнгээний газруудаас харж болно.
Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” хороололд 20-иод баар, караоке үйл ажиллагаагаа явуулдаг тул ажил, амралтын өдрийг ялгалгүй наргиж, цэнгэх залуусын хөл татардаггүй аж.
Тэд орлого олж л байвал үйлчлүүлэгч нь насанд хүрсэн үгүй огт хамаагүй
Дээрх баар, караокегоор үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд байдаг байна. Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” худалдааны төв орчим үйл ажиллагаагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудад танадалт хийсэн юм. Тухайлбал “New friend”, “Banana”, “Neo”, “Soyo” гээд шөнийн клубуудын ажиллах цаг хязгааргүй, бас үйлчлүүлэх зочдын нас хамаардаггүй аж.
Энэ мэт нэг дор чамгүй олон газар хаяа дэрлэсэн үйл ажиллагаагаа явуулдаг болоод ч тэрүү зугаацаж, цэнгэхийг хүссэн залуус хэсэг хэсгээрээ хэлхэлдэн баар, караоке, зочид буудлын үүд сахин суугаа нь анзаарагдана.
Биднийг тус газарт 22:00 цагийн үед очиход караоке, баарууд аль хэдийн үүдээ нээжээ. Амралтын өдөр гэхэд ажлын өдөр шиг, тэр дундаа баасан гарагийн өдөр мэт хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Харин баар, караоке бүрийн үүдэнд өөрсдийгөө “зохицуулагч” хэмээн нэрийдсэн залуус хоёр, гурваараа зогсоно. Тэд аль болох олон үйлчлүүлэгч оруулж, орлогоо өсгөх ганцхан зорилготой. Улмаар “Диско баар, караоке, vip өрөө ажиллаж байна” зэргээр үүдэндээ хашгирч багтах зайгүй шахам дүүрсэн зааландаа таних, танихгүй залуусыг хамтад нь суулгаж “Ширээ сулрахаар нь өөр газар шилжүүлнэ” гэх аж.
Чих дөжрэм чанга аянд бүжиглэж архи, согтууруулах ундаагаар цангаагаа тайлах залуусын дийлэнх нь арван жилийн хүүхдүүд. Тэр тусмаа охидууд байгаа нь даан ч халагламаар. Гэвч өнөөх баарны зохицуулагчдад үйлчлүүлэгч нь 10 жилийн хүүхэд, насанд хүрээгүй эсэх нь огт хамаагүй бололтой.
Тэдний ярьж буйгаас үзэхэд үйлчүүлэгчдийн дийлэнх нь ЕБС-ийн хүүхдүүд, оюутан залуус байдаг аж.
ЕБС-ийн сурагчид баар, караокены орлогын ихэнхийг бүрдүүлдэг
Орой үдшийн цагаар хотын төвөөр сэлгүүцэж, улмаар баар, караокегоор үйлчүүлж байгаа иргэдийн ихэнх нь 16-25 насны залуус байдаг болохоор дээрх газрууд орлогоо бодоод тэдэнд үйлчилэхээс өөр аргагүйд хүрдэг гэдгээ нуугаагүй юм.
Шоу цэнгээний үүр болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй “Сансар” хороололын шөнийн амьдрал хөлчүү залуусын хөлд дарагджээ. Энд тав алхаад л байх баар, цэнгээний газрууд үргэлжилж архиндаа халамцан орилж хашгирсан, бөөгнөрч зогссон залуус урдуураа өнгөрсөн охидыг өдөж хоргоох аж. Цаг хэдийн 01:00 болжээ.
“Баянцээл” үйлчилгээний төвийн урдхан талд 16, 17 насны гэмээр хоёр охин зогсож харагдав. Тэд нэлээд согтсон байдалтай, хэл ам нь ээдэрч хэнтэй ч юм утсаар ярьж, хэн нэгнийг хүлээх аж. Энэ хооронд тэр хоёртой хэдэн үг солив.
-Насанд хүрсэн юм уу, та хоёр?
-Хүрэлгүй яадаг юм. /Худлаа ярьж байгаа нь илт/
-Цаг орой болсон байна. Хоёулахнаа яваа юм уу?
-Тийм ээ, хоёулаа явна. Бид хоёрыг авахаар манай ах ирж байгаа.
-Харваас та хоёр жаахан хүүхдүүд байна шүү дээ. Гэрийнхэн чинь ингэж явааг мэдэж байгаа юу?
-Чамд ямар хамаатай юм. Ингэхэд чи хэн юм, миний ах, аав уу… гэсээр цааш алхав. Төд удалгүй “жийп” машинтай хоёр залуу ирээд “Буудлаас гарахдаа мөнгөө аваарай. Тохирох уу” гээд охидыг аваад явчихлаа.
Тэндээс 30 орчим метрийн зайд гурван охин зогсоно. Тэднээс яриа өдөхөөр очиход хоёр нь эзэнтэй болчихсон. Үлдсэн нэгтэй нь тохирвол тохир гээд хээв нэг зогсож байв. Тэд тод хараар нүд, хөмсгөө будсанаас биш түрүүчийн хоёр охиноос насаар арай бага юм шиг санагдсанаа нуух юун.
Энэ талаар “Баянцээл” төвийн үүдэнд жижиглэнгийн бараа зардаг нэгэн эмэгтэйгээс асуухад “Энэ хавийн баар, цэнгээний газруудаар дандаа л жаахан хүүхдүүд үйлчлүүлдэг шүү дээ. Арван жилийн гэмээр охидууд ухаанаа алдталаа уучихаад л явж байдаг юм” гэв.
Хэдийгээр хууль хяналтынхан дээрх баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг ч удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг талаар албаныхан ч ярьж байна. Цагдаа нарыг хяналт, шалгалт хийх тусам үүдээ түгжчихээд үйл ажиллагаагаа явуулах зэргээр аргаа улам нарийн болгодог аж.
Ийнхүү нийслэлчүүд дуг нойрондоо дугжирч, амтат зүүдэнд умбаж байх үеэр их хотын гудамжинд хөлчүү нөхдийн шөнийн амьдрал үргэлжилсээр. Хөл дээрээ тогтож үл ядан алхах залуус машинд дайруулчих шахам явна. Нийслэлчүүд баасан гарагт л зад архидацгаадаг байсан бол даваа гараг хүртэл үргэлжилдэг болсон гэж цэнгээний газрынхан олзуурхангуй ярьж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!