Их Майдарын тэргүүнийг залах ёслол боллоо
Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөртэй суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байгаа.
“Их Майдар бурханыг Монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж, дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэх юм” хэмээн төслийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр хэлж байна.
Тэгвэл энэхүү Майдар бурханы тэргүүнийг Чингисийн талбайд залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ингэснээр олон түмэнд Майдар бурханыг дүрийг харуулж, сүсэглэн залбирах боломжийг олгож байна.
Майдар бурханыг бүтээж байгаа материал нь 1000 жилийн настай гэнэ. Өөрөөр хэлбэл, гууль болон хүрэл төрлийн материалаар хийжээ
Эл ёслолд урлаг соёл, спорт, бизнес, шашин, улс төрийн гээд бүхийл салбарын төлөөлөл болон иргэд оролцсон юм.
Тодруулбал, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, А.Очирбат, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гээд маш олон төлөөлөл иржээ.
Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Яг монгол урлагаар Майдар бурханыг бүтээж байна. Мөн энд нэг гайхамшиг байгаа. Юу гэхээр бүтээж байгаа улсуудын санаа төр буюу соёл, шашин хоёрыг төлөөлсөн юм. Энэ нь Монгол Улсын төр мандан бадраг гэсэн утга байна. Дээрээс нь оюун ухаан, энэрэл нигүүлсэл, бие биенээ хайрлан цогцолтой сайхан амьдрах, амгалан жаргалантай байх давхар утга бас байна” гээд гайхамшигтай сайхан бүтээл болсоныг тодотгосон.
Их Майдар цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд Хан уулын өвөрт Улаанбаатар хотоос 50 км зайд орших Өгөөмөрийн ам, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зурх уулын энгэрт байрлаж байгаа юм.
Энэхүү Майдар бурханы их бүтээн байгуулалтын эхний шатанд /2016 он хүртэлх/ 32 сая ам.доллар шаардлагатай байгаагаас 10 орчим сая ам.доллар зарцуулаад байгаа аж.
Үүнд 54 метр Майдар бурханыг босгох ажил багтаж, ийнхүү өнөөдөр тэргүүнийг нь залах ёслолыг зохион байгуулсан билээ.
Одоогоор барилга угсралтын талбайд Майдар бурханы угсралтын ажил хийгдэж байгаа тухай төслийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр дурдлаа.
Түүнчлэн Майдар бурханыг бүтээж байгаа материал нь 1000 жилийн настай гэнэ. Өөрөөр хэлбэл, гууль болон хүрэл төрлийн материал буюу зэсийн 88 хувийн орцтой хар тунгалаг болон бусад төрлийн орцтой материал аж. Мөн зураг төслийг 8 баллын газар хөдлөлт, хар салхинд тэсвэртэй байхаар хийсэн байна.
Майдар бурханы тухай
Энэхүү бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан гэж тооцогддог байна.
Майдар хэмээх нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай ажээ.
Майдар бурханы тухай бошиглосон олон олон зөнч мэргэд түүнийг энэ дэлхийд залрахуйд ертөнцийн бүхий л хүмүүс түүний сургааль номыг хүлээн зөвшөөрч нэгэн амьтай мэт нэгдэн дагах болно гэсэн байдаг аж.
Ингэснээр хүн төрөлхтөн хагарал бутрал, дайн дажин бүгдээс татгалзан эв нэгдэлтэйгээр эх дэлхий дээрээ амар тайван амьдрах нөхцөл нь бүрдэх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

