Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: “Монголын нууц товчоо” ЯПОН хэл дээр хэвлэгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслөөс өнөөдөр “Монголын нууц товчоо”-ны Түгээмэл эх номны япон хэл дээрх хувийг олонд танилцуулж, нээлтийн арга хэмжээг Үндэсний номын санд зохион байгууллаа. Ингэснээр “Монголын нууц товчоо” 7 дахь хэл дээрээ /монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар/ хэвлэгдэж байгаа юм.

Япон хэл дээрх хувилбарын орчуулгыг Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо хийжээ. Тэрбээр ухамсарт амьдралаа Монголын төлөө зориулж, “Монголын нууц товчоо” гэдэг шинжлэх ухааны салбарыг үндэслэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм гэдгийг энд цугларсан эрдэмтэд онцолж байсан юм.  

Харин номны зургуудыг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл зуржээ. Энэ нь урьд өмнө нь хэвлэгдэж байсан МНТ номуудыг бодвол үйл явдлыг текстийн хажуугаар зургаар өгүүлснээрээ онцлогтой ажээ.

"МНТ-ны үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг хүнд илүү ойлгомжтой болгож байгаа хэлбэр"

 

Номны талаар Түүхч, археологич Д.Эрдэнэбаатар “Арваад жилийн өмнө зураач Р.Батцэнгэлтэй танилцахад Монголын түүх соёлыг өөрийн уран бүтээлээрээ дэлхий нийтэд хүргэх зорилготой гэдгээ хэлж байсан. Одоо хүртэл энэ зорилгоо биелүүлж ажиллаж байна.

Дэлхийн томоохон хэлүүд дээр гарсан МНТ-ны орчуулга бол ердийн нэг уран зохиолын орчуулга биш. Тэр дундаа япон хэлний хувилбар нь бидний мэдэх нэрт Монголч эрдэмтэн Озавагийн орчуулга юм.

МНТ-ны үйл явдлыг дүрсээр үзүүлнэ гэдэг хүнд илүү ойлгомжтой болгож байгаа хэлбэр юм. Ингэснээр залуу үеийнхэн төдийгүй бүхий л насны хүмүүст хүртээмжтэй болж байна. Зураач Р.Батцэнгэл энэ номны зургуудыг хийхдээ Монголын археологич, түүхчдийн судалгааны бүтээлийг үндсэн эх сурвалжаа болгон ашигласан учраас зөвхөн зураг биш мөн түүний судалгааны бүтээл гэж ойлгож болно” гэв.

"Бид номоо Японы зах зээлд гаргахаар судалж байгаа"

 

Төслийг санаачлагч, зураач Р.Батцэнгэл “”Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төсөл 2008 онд анх эхэлж байлаа. Төсөл эхэлснээс хойш МНТ 9 дэх жил дээрээ 7 хэл дээр гарчихаад байна.

Зургуудын хувьд уншигчдад яг кино үзэж байгаа мэт үйл явдал, ахуй амьдралд хөтлөгдөж уншаасай гэж бодож зурсан. Хамгийн гол нь археологичдын олдвор, түүхийн судалгаа дүгнэлтэд тулгуурлаж бүтээсэн. Номын текст дээр зурган агуулга нэмэгдсэнээрээ илүү онцлогтой болж байна.

Бид номоо Японы зах зээлд гаргахаар судалж байгаа. Тэгвэл Японы 120 гаруй сая иргэн, мөн дэлхий дахинд буй япон хэлтэй хүмүүс МНТ-той танилцах боломжтой болж байна. Цаашид бид герман, франц, итали, испани хэл дээр хэвлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.  

"Озава багшийн орчуулга, Р.Батцэнгэл зураачийн зургуудтай гайхалтай зохицож, урлагийн өндөр хэмжээний бүтээл болсон"

 

Япон улсын Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго “Монголын нууц товчоо” номыг Озава багш хэдэн жилийг зарцуулан Япон хэл дээр буулгасан бөгөөд Монголд элэгтэй, Монголтой холбоотой үйл ажиллагаа хийдэг хүмүүст маш хэрэгтэй уран бүтээл болсон гэж бодож байна.

Би ч гэсэн энэхүү номыг уншсан. Озава багшийн орчуулга, Р.Батцэнгэл зураачийн зургуудтай гайхалтай зохицож, урлагийн өндөр хэмжээний бүтээл болсон гэж хувьдаа дүгнэсэн. Мөн уншихад Монголын түүх, домгийн ертөнцөд урин татаж байлаа.

2017 онд Япон улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн номын нээлт нь Монгол, Японы хамтарсан уран бүтээл гэдэг утгаараа бусад үйл ажиллагаануудаас илүү онцлогтой юм” гэв. 

ГЭРЭЛ ЗУРГУУД

Гэрэл зургийг MPA.mn