Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дан дээл, ДАВХАР ЗАХИАС

А.Алиман
2017 оны 10 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох  эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эсэх гэдэг үг ч энд илүүц байх. Учир нь энэ шийдвэрийг УИХ-аас урьтаад эрх барьж буй нам баталгаажуулаад оруулж ирсэн юм. Тэгэхээр батлах, эсэх эргэлзээний талаар энд ярих нь дэмий биз. Харин дан дээлтэй Ерөнхий сайдад дайх давхар, давхар захиасаар дүүрэн чуулган болж өнгөрөх нь тодорхой байна.

Захиас нэг: Өр дарах санаачилга дээр хамтран ажиллаарай

Намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ хамгийн эхний захиасыг шинээр байгуулагдах Засгийн газарт өглөө. У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө “Багш нарт цалин нэмэхийг амлаж чадахгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэж хэлсэн хэдий ч Ерөнхийлөгч намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага.

Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна" хэмээв. Нэг үгээр бол шинээр байгуулагдах Засгийн газарт арга зам эрэлхийлэхийг захилаа.

Тэрчлэн “УИХ , шинээр байгуулагдах Засгийн газрыг хамтран ажиллана хэмээн найдаж байна” хэмээн хаягийг нь тодруулан байж хэлсэн нэгэн захиасыг энд онцолъё. Тэрбээр “Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой.

Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ? Үндсэн хуулийн 6.1, 6.2-т харшилсан хуулиудыг үтэр түргэн залруулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчдээ иргэдийн ер, зээлийг нэг удаад төрөөс дарах “даалгаврыг” өгч байсан. Тэгвэл чухамдаа газрын баялгийн өгөөжөөр өр дарахад хамтарч ажиллана шүү гэж энэ удаад хэллээ. Захих, шахахын засварт хэцүүхэн зүйлийг ийнхүү санууллаа.

Захиас хоёр: Төрийн албанаас шахагдсан АН-ын нөхдүүдийг ажилд нь буцааж аваарай

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс У.Хүрэлсүхтэй албан ёсоор санал солилцсон гээд нэлээн урт жагсаалт бүхий захиасыг албан тоот - дээр бичиглэжээ. Өмнөх Засгийн газрыг огцруулсан үндэслэлүүдийн нэг болох “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох"-ыг захижээ. Бас л захиас гэх үү, шахаас гэх үү хэцүү даалгавар.

Багш, эмч нарын цалингийн сүлжээг ур чадвартай нь холбогдуулан нэмэгдүүлэх, баялгийн хуваарилалттай холбоотой Ерөнхийлөгчийн санаачлах хуулийн төслийг дэмжиж ажиллах, ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авахыг захисан байна. Энэ нь угтаа сонгуулийн дараа намын харьяаллаар ажлаасаа чөлөөлөгдсөн Ардчилсан намын угшилтай нөхдүүдийн эрх ашгийг хангаарай гэсэн шахалт бололтой.

Захиас гурав: Хөнжлийнхөө хэмжээг томсгоорой

Дан дээлтэй Ерөнхий сайдад хөнжлийнхөө хэмжээг нэмэхийг захисан хүн бол Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар. У.Хүрэлсүх “Багш нарын цалинг нэмэх бололцоогүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээнэ” гэж хэлсний хариуд тэрбээр “Тэгвэл хөнжлөө томруулаарай” гэж шахсан нь энэ.

Засгийн газар болгонтой нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг МҮЭ болон Ажил олгогч эздийн холбоо байгуулдаг. Ер нь энэ гэрээ цалин, хөлсөө үргэлж чамлах ажилчдын уур бухимдлыг дарах, нөгөө талаас Засгийн газарт ирэх дарамтыг зөөллөх зорилготой, ёстой л нөгөө “Хонь бүрэн, чоно цатгалан" гэдэг зарчмыг тунхагладаг гэрээ гэлтэй. Тэгэхээр шинэ Засгийн газар МҮЭ-ийн захиас болох “Хөнжлөө томсгоорой” гэдэг захиасыг “Ерөөл бат оршиг ээ” гэсгээд ёсчлох байх.

Бусад хүндхэн захиас, шахаасыг хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх. Ер нь У.Хүрэлсүх шиг хүний өөрийн намын захиас гэхэд зөөлдөж, шахаас гэхэд хатуудах шантайж дунд Ерөнхий сайдаар томилогдож байсан хүн ховор болов уу.

Зураг