Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхсоёл: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээнд сэргэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа. 

-Нэг үеэ бодвол саарч байсан эдийн засаг сүүлийн саруудад төсөөлж байснаас илүү өсөлттэй гарлаа шүү дээ. Гэхдээ энэ нь бас л уул уурхайгаас хамааралтай өсөлт ажиглагдаж байна. Гэтэл бид дефолтын өмнө тулж ирчихсэн, гадныхнаас тусламж хүсч өр зээлээ барагдуулахад сонголтыг хийгээд байгаа улс. Үүгээр би юу асуухыг хүсч байна вэ гэхээр иргэдэд ирэх дарамтыг сарниулахын тулд мөнгөний бодлого хэр оновчтой хэрэгжиж байна гэж та дүгнэж байна вэ? 

- Монголбанкнаас бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өсгөөгүйн тухайд энэ шийдвэр нь сүүлийн үеийн статистикуудаас харагдаж буй эерэг өөрчлөлтөд үндэслэсэн гэж ойлгосон. Жишээлбэл, төсвийн орлого давж биелсэн, эдийн засгийн өсөлт олон улсын байгууллагуудын таамаглаж байснаас давж, 5.3 хувьд хүрлээ. Дээр нь инфляци 5 орчим хувьтай байгаа бөгөөд энэ байдал нь 2017 онд хадгалагдах нь гэж үзсэн учраас бодлогын хүүгээ өөрчлөхгүй байхаар тогтсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал санасныг бодвол харьцангуй эерэг чиглэл рүү хандах, тогтворжих төсөөлөл гарч байна.

Гэхдээ энэ байдал манай улсад томоохон бүтцийн юм уу, бодлогын шинжтэй өөрчлөлт гарсантай шууд холбогдохоосоо илүү гол нь эрдэс баялаг, түүхий эд, ялангуяа нүүрсний үнийн өсөлт, түүнийг дагасан борлуулалтын хэмжээ өссөнтэй холбоотой. Тиймээс одоогоор хүүг ямар нэг хэмжээгээр хараахан бууруулаагүй ажигласан байдалтай байгаа юм болов уу. Эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус ДНБ-ий хэмжээ 2.9 хувиар өсөх төлөвтэй гэж тооцож байгаа юм байна.

Ерөнхийдөө манай эдийн засаг эмзэг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай гэдэг утгаараа байнга тооцоотой, хяналттай, хариуцлагатай байх хэрэгтэй байдаг. Бага зэрэг нэмэгдэж байгаа орлогодоо найдаж, хэт өөдрөг төсөөлөлт, таамаглалыг хийх нь өрөөсгөл. 

-Улс төрийн тодорхойгүй бус байдал үүсчихлээ. Ийм эгзэгтэй үед мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засагт ямар үр нөлөөтэй гэж та харж байна вэ?

-Анх 15 хувьд хүргэсний дараа эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бодлогын хүүг өсгөсөн нь эдийн засагтаа улам сөрөг түлхэлтийг авчрах уу гэсэн болгоомжлол байсан. Өөрөөр хэлбэл, БХЗ-ийн хүүг тогтоодог гэдэг утгаараа эдийн засгийг улам агшааж, царцаах вий гэсэн анхааруулга явж байсан. Улмаар бага багаар буулгасаар 2017 оны зургаадугаар сард 12 хувь болгож бууруулсан. Энэ удаад ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжээд, урьдчилсан үнэлгээгээр эерэг үр дүн гарсан. Төсвийн орлого давсан, зарлага тогтвортой, инфляцийн түвшин тогтвортой, зарим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлого бага зэрэг өсч байгаа үед бодлогын хүүг бууруулж магадгүй гэх хүлээлт байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ миний бодлоор одоохондоо 12 хувьтай байхад буруудах зүйлгүй гэж харж байгаа​. Яагаад гэвэл бидэнд урт хугацаандаа тогтвортой бөгөөд найдвартай нөхцөл хараахан бүрдээгүй байна.

Мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Төсвийн бодлогын тухайд сахилга бат, нэгдмэл байдал, оновчтой зарцуулалт чухал байсаар байгаа. Манай улсын өрийн хэмжээ одоо ч гэсэн ДНБ-ий 90 гаруй хувьтай тэнцүү байна. Төсвийн алдагдлыг бууруулахын төлөө зорьж байгаа, Төсвийн тогтвортой байдлын хуульдаа оруулсан өөрчлөлтөд дүйцэх хэмжээнд хүрэх болоогүй байна. Бид 2024 он хүртэл төсвийн тогтвортой байдлаа хангах зорилт тавьсан шүү дээ. Дунд нь арай гэж эерэг байдал гараад, өөрчлөгдөөд эхлэхээр үүрдийн юм шиг, асуудал бүрэн шийдэгдсэн мэт огцом өөрчлөлтийг хийж болохгүй байх. Нөгөөтэйгүүр, бид өөрсдийн алдаа, дутагдлаас болж хүссэн хүсээгүй ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан.

Хөтөлбөрт хамрагдахын тулд хоёр талаасаа тохирсон нөхцлүүдээ биелүүлэх ёстой. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж байгаа. Үнэлгээ хийхдээ яг ингэж тохирсон, үүгээрээ л байх ёстой гэдэг асуудлыг ярихгүй, харьцангуй уян хатан байх юм билээ. Тийм ч учраас удахгүй төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Нэмж орж ирсэн орлогоороо цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг хэлэлцлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тиймээс мөнгөний бодлогын хувьд хэсэг хугацаанд харгалзаж үзэх нь зүйтэй болов уу. 

-ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаас хойш эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдийн талаар та ямар бодолтой байна вэ? 

-ОУВС-ийн хөтөлбөр тавдугаар сарын 26-нд батлагдан хэрэгжиж эхэллээ. Үүнээс хойш гадаад, дотоод аж ахуйн нэгж, байгууллага, болон улсын хувьд аль аль түвшинд хүлээлт байсан учраас тодорхой хэмжээнд итгэл, найдвар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн улстөрчдөөс хамаарсан эрсдэлтэй байдал багасч, олон улсын түвшинд нэр хүнд сайжирч, Монгол руу урсах гадаадын болон дотоодоос оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж хүлээж байсан.

Тэр нь ч тодорхой хэмжээгээр биелснээр эдийн засагт эерэг өөрчлөлт бий болж эхэлсэн. Олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчдын уулзалтууд Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдын тоо харьцангуй нэмэгдсэн гэж дүгнэцгээсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эерэг өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтийн зэрэгцээ харамсалтай нь, Засгийн газар огцорлоо.  

- Засгийн газрыг огцруулсан бас нэг талын шалтгаан нь эрх баригчдын зүгээс амалсан амлалтаасаа ухрахад хүрснийг шүүмжилж байсан. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахын тулд зарим нэг асуудлыг золиослоход хүрсэн үү?

-Хоёр талтай байх. Нэг талаар эдийн засгийн хүндрэлд орсон учраас хөтөлбөрт хамрагдаж Монгол Улс олон улсын байгууллагын өмнө хариуцлага хүлээж байгаа. Тэр хариуцлагыг Засгийн газар биелүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Тийм ч учраас засгаа унагахгүйн төлөө арга хэмжээ авсан, мэдэгдэл хийсэн байхаа. Гэвч нөгөө талаас Монгол Улс тусгаар тогтносон улс учраас ялангуяа улстөрийн өөрчлөлтүүд, засгийн газар унах зэрэг асуудал гадны ямар нэгэн байгууллагаас хамаарахгүй л явагдана. Улс төр барьцгүй, тогтворгүй байна. Хэдий нэг нам олонхи болсон ч дотооддоо зөрчилтэй байна. Тэр бүх зөрчлүүд нь Монгол Улсад хэрэгтэй байгаа гол зүйлээс даваад гарчихсан. 

- Том агуулгаар нь тайлбарлавал, үүнээс бидэнд үлдэх өгөөжийг та хэрхэн харж байна  вэ?

-Төсвийн мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлсэн, төсвийн сахилга бат алдагдсан гэх мэт бодлогын болон бусад алдаа дутагдал гаргасан учраас Монгол Улс өр, төсвийн алдагдал ихтэй, мөнгө шаардлагатай байгаа өнөөдрийн энэхүү байдалд хүрсэн. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо мөнгө татах байдлаар төсвийг тал талаас нь зулгаах байдал явцгүй.

Үүнээс улбаалан зардлыг тэлсэн, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн, оновчтой бус төсвийн хуулийг баталсаар ирсэн. Төсвөөс гадна Хөгжлийн банкны гэх мэт хөрөнгө оруулалтуудын зардлууд давхар явж байсан нь төсвийн сахилга бат алдагдаж, нэгдмэл бус байдлыг бий болгосон. Эдгээрээс манай төсөв, мөнгөний бодлогод улс төрийн нөлөө их ордгийг харж болно. Тийм ч учраас ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мөнгө өгөх бус бүтцийн шинжтэй, бодлогын өөрчлөлтүүд хийхээр тохирсон. Үүнд нэгдүгээрт, төсөв санхүүгийн удирдлагын шинэтгэл хийх. Макро эдийн засгийн анализ хийж бодлого, нөхцөл байдалтайгаа уясан төлөвлөлт, хэрэгжилтийг оновчтой хийх.

Хоёрдугаарт, Төв банкны улстөрийн шинжтэй хамаарлыг багасгаж, илүү бие даасан институци болгохын төлөө ажиллах нь. Төв банк эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хадгалж, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалахын төлөө ажиллах ёстой. Үүний тулд улстөрөөс хараат бусаар, зорилтот ажлаа тууштай, тогтвортой хийх боломжийг хангахын төлөө явна. Гуравдугаарт, Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөх. Төсвөөс гадуур ямар нэгэн хөрөнгө оруулалт, концесс яригдахгүй. Өөрөөр хэлбэл, төсвийг нэгдмэл байдалтай байлгах тухай асуудал юм. Мөн Монголбанкны хариуцаж байсан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх гэх зэрэг бодлогын шинжтэй реформууд хийгдэж эхлэх нөхцөл бүрдсэн. Ийнхүү тогтвортой орчин бүрдэнэ гэж найдсан учраас гадны хөрөнгө оруулагчдын болон олон улсын санхүүгийн байгууллагуудын сонирхол, итгэл тодорхой хэмжээнд сэргэж эхэлсэн гэж үзэцгээж байна.  

-Гол нь бидний ярилцлага яагаад зөвхөн ОУВС дээр тусаад байна вэ хүн бүрийн анхаарал үүнд чиглэж ямар нэг хүлээлт үүссэн. Иймээс зөв буруу гэсэн олон янзын талцал нийгэмд үүсээд байна шүү дээ. Бас нэг холбогдох асуудал нь банкны активын чанарын үнэлгээ энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна. Бас л хоёр талтай хандаж байна?

-Олон асуудал тодорхой бус, нөхцөл байдал ямар байгааг мэдэх шаардлага байгаа учраас арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийхээр тохиролцсон байх. Банкны систем бол эмзэг асуудал. Учир нь энэ салбар иргэн бүрт хамаатай бөгөөд итгэлцэл чухал суурь болж өгдөг. Банкны системд хадгаламж эзэмшигчдийн мөнгө, нөгөө талдаа банкнаас зээл авагсад байгаа шүү дээ. Банкны систем нийт санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байна. Банкуудын зээлийн хүү өндөр байна, их ашиг орлоготой байна гэх шүүмжлэл, шаардлага, хардлага байнга байдаг. Тэр утгаараа банкуудын хувьд ч бас үнэхээр тийм бол нөхцөл байдлаа иргэд, харилцагчдадаа бодитоор нь мэдээлэх боломж олдож байна гэж харж болно. Бас нэг зүйл нь банкны дүрмийн санд өөрчлөлт орох, зарим нэг банкууд хоорондоо нэгдэх зэрэг явц бий болж магад гэх таамаглалууд бий.

Сүүлийн үед хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ аажмаар өссөөр байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр наймдугаар сард чанаргүй зээлийн үзүүлэлт нийт зээлийн үлдэгдлийн 8.8 хувьтай тэнцэж, 1.2 их наяд төгрөгт хүрсэн байсан. Нөгөө талдаа банкууд эрсдлийн сандаа ойролцоогоор 1.2 их наяд төгрөг нөөцөлчихсөн байна гэж буй. Зах зээл дээр зээл, санхүүгийн эх үүсвэрийн хэрэгцээтэй байгаа олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна. Тэгэхээр шалгалтаар банкуудын хадгалаад байгаа мөнгийг зах зээлд гаргах ёстой юу, эсвэл нөөцлөх хэрэгтэй юу гэх зэрэг олон асуулт тодорхой болох байх. Үнэлгээний дараа нийтэд хамаатай мэдээлэл түгээгдэх л байх. 

-Үнэлгээ хийгдэж эхлээд байгаа энэ үед үнэлгээнд тавигдаж байгаа шаардлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаагаа зарим арилжааны банк илэрхийлсэн байсан. Тэднийхээр бол гадныханд мэдээллээ дэлгэх нь тийм ч таатай асуудал биш гэж хандсан байсан? 

-Дотооддоо дан өөрсдөө хийхээр итгэх, итгэхгүйн асуудал гарах байх. Хоёрдугаарт, аливаа аж ахуйн нэгж хөндлөнгийн аудит үнэлгээг гадны байгууллагаар хийлгэдэг. Энэ нь тогтсон стандарт. Олон улсын түвшинд зарласан тендерээр Монголбанк, ОУВС-ийн тохирсон стандартын дагуу PwC-ийн Чех дэх салбар шалгарсан юм байна гэж ойлгосон.

Басхүү тэр байгууллага дангаараа үнэлгээг хийхгүй, хамтарсан баг ажиллана гэж ойлгож байгаа. Үүнээс өөр ямар арга, хэлбэр байгааг би сайн мэдэхгүй байна. Мэдээж энэ нь нэг талдаа банкны эзэд, хувьцаа эзэмшигчдийн асуудал. Нөгөө талдаа харилцагчдад мөн хамаатай асуудал гэж ойлгож байна.

Магадгүй үнэлгээ хийсний дараа харилцагчдын итгэл нэмэгдэж болно. Ер нь манай зах зээл ямар байна вэ, арилжааны банкуудын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг аль аль талдаа илүү мэдээд авчих байхаа. 

-Ярилцсанд баярлалаа!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.