АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Даваалхамаас кавасаки өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг, Монголд ийм өвчний тохиолдол гарсан эсэх, эмчлэгдэх боломжтой эсэхийг тодруулж ярилцлаа.
-Кавасаки гэж ямар өвчин бэ. Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?
-Кавасаки өвчин нь тав хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолддог. Тэр дундаа 80 хувь нь нэг хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчин юм. Энэ өвчний үед халдварт өвчин болон харшлын гаралтай тууралттай их ойролцоо шинж тэмдгүүд илэрдэг учраас ялган оношлоход түвэгтэй байдаг.
АНУ, Япон дэлхийн хаана ч байсан эдгээр шинж тэмдгээр олон улсын удирдамжийн дагуу л оношилдог юм. Үндсэн зургаан шинж тэмдгээс тав нь илэрсэн тохиолдолд энэ өвчний оношийг шууд тавьж болно. Ямар нэгэн лабораторийн оношилгоо, нэмэлт тоног төхөөрөмж шаардагдахгүй. Тийм учраас манай улсад хот, хөдөө хаана ч байсан оношлох бүрэн боломжтой.
-Монголд ийм өвчний тохиолдол гарсан болов уу?
-Энэ өвчин Монгол Улсын хэмжээнд одоогоор тав хүртэлх насанд 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Японы хүүхдийн нэрт эмч Кавасаки 1967 онд анх энэ өвчнийг илрүүлсэн. Тэрбээр тэр цагаас хойш Монголд ийм өвчтөн байдаг юм уу үгүй юу, эсвэл байгаад оношилж чаддаггүй юм уу гэх мэтээр мэдээлэл хайсан ч энэ талын мэдээлэл огт байхгүй байхаар нь 2005 онд өөрийн биеэр ирж 21 аймгийн хүүхдийн эмч нарт сургалт хийсэн юм.
Бид үргэлжлүүлээд судалгаа хийж байж манайд ийм өвчтөн байдаг юм байна гэдэг анхны тохиолдлуудыг илрүүлсэн. Дийлэнх нь өөр оноштой эмчлэгдэж байсан. Харин одоо манай хүүхдийн эмч нар олон төрлийн мэдээллийг интернетээс авдаг болсон л доо. Тусламж үйлчилгээ харьцангуй сайжирч байгаа тохиолдолд зөвхөн шинж тэмдгээр оношилж болох ийм өвчнийг оношлох бүрэн боломжтой.
-Манай улсын хэмжээнд 20 тохиолдол илэрсэн гэхээр шинэ тутам гарч ирсэн өвчин байх нь. Одоо АШУҮИС-ийн бакалаврын хөтөлбөрт оруулах уу?
-АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөрт маш олон төрлийн түгээмэл тохиолддог өвчнүүдийг бүрэн хамруулдаг. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн их сайн хөтөлбөртэй. Тухайлбал, манай сургуулийн хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг Европын холбооноос магадлан итгэмжилсэн. Өөрөөр хэлбэл, бакалаврын хөтөлбөрт дэлхий дээр илэрч байгаа өвчний тохиолдол бүрийг заах албагүй гэсэн үг. Хүний эмч болоод төгсөхөд зайлшгүй мэдсэн байх ёстой мэдлэг, чадварыг өгч гаргаж байгаа. Олон улсын төвшинд ч энэ өвчнийг сургалтын хөтөлбөртөө оруулдаггүй.
Зөвхөн Японд л бакалаврын хөтөлбөртөө оруулсан байдаг юм. Ховор тохиолддог өвчин болгоныг сургалтын хөтөлбөрт бүгдийг нь багтаах боломжгүй байдаг учраас төгсөлтийн дараах сургалтаар л заадаг. Өөрөөр хэлбэл, яг энэ өвчинтэй тулгардаг, энэ өвчний оношийг тавих шаардлагатай эмч нарт төгсөлтийн дараах буюу богино хугацааны сургалтаар заавал илүү үр дүнтэй. Эмч нар маань ч ажлын байран дээрээ гараад туршлагатай болчихсон байдаг, мөн илүү нарийн мэргэшсэн байх үед нь энэ мэдээллийг өгөх нь зүйтэй л дээ. Тиймээс энэ нь бакалаврын сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх шаардлагатай өвчин биш.
Гэхдээ энэ өвчний талаарх мэдээллийг тасралтгүй түгээж, оношилгоог нь сайжруулах, улмаар оношлогдсон тохиолдлуудыг эрт эмчилж, хүндрэл гаргахгүй байхын төлөө бид эмч нарт зориулсан сургалт хийдэг. Энэ жил гурав дахь удаагаа бүх аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарт зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ сургалтад 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нар, есөн дүүрэг болон нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч нар нийлсэн 50 гаруй хүн хамрагдсан. Японы талаас Кавасаки өвчин судлалын үндэсний төв, тэгээд таван их, дээд сургуулиас таван эрдэмтэн ирж бүтэн өдрийн сургалт хийсэн юм.
-Хувийн эмнэлгүүдээс эмч нар хамрагдсан болов уу?
-Хувийн эмнэлгийн эмч нар ч хамрагдсан.
-Кавасаки өвчнийг зөв оношилж, эмчлээгүй тохиолдолд ямар хүндрэл гарах вэ. Ер нь эмчлэгдэх боломжтой юу?
-Энэ өвчний үед зөв оношилж, зөв эмчлэхгүй бол гардаг гол хүндрэл нь хүүхдийн зүрхний титэм судас үрэвсэх, нарийсах, тэгээд бүлэн үүсэж гэнэт нас бардаг. Энэ нь хамгийн аюултай. Онош тогтоогдсоны дараа нэн даруй эмчилгээг хийлгэх ёстой. Ингэж байж эдгэрдэг. Хэрэв өөр онош тавьж, буруу эмчилбэл зүрх, судасны өвчний гаралтай хүндрэл болно. Гэхдээ кавасаки өвчний шинж тэмдэг хурц илэрч, түүнээс хойш 10-20 хоногт шууд хүндэрдэг учраас мэдэхгүй өнгөрнө гэж бараг байхгүй.
-Энэ өвчний дийлэнх тохиолдол нь хаана бүртгэгдсэн бэ. Магадгүй Японд байх. Тэгээд хаана гэдгийг нь мэдэхгүй юм байна?
-Өндөр хөгжилтэй орнуудад их тохиолддог. Япон улсад 300 гаруй мянган хүүхэд энэ өвчнөөр өвдөж, оношлогдсон байгаа. Жил бүр 10 гаруй мянган хүүхэд шинээр оношлогддог. Японоос гадна Хятад, Хонконг, Тайван зэрэг Азийн орнуудад өндөр тархалттай. Мөн АНУ-д ч гэсэн их бүртгэгдэж, оношлогдож эмчлэгддэг. Эдүгээ дэлхий даяар уг өвчний шинэ тохиолдлууд тасралтгүй нэмэгдсээр байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн зүрх судасны олдмол гажиг, зүрх судасны шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
-Манай улсад илэрсэн кавасаки өвчний 20 гаруй тохиолдлыг хаана оношилсон бэ. Монголд уу, эсвэл гадагшаа явж оношоо олсон юм болов уу?
-АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи биостатистикийн тэнхим Монголын Кавасакийн өвчин судлалын нийгэмлэг, Япон улсын Кавасакийн өвчин судлалын нийгэмлэгтэй хамтран “Кавасакийн өвчний үндэсний сургалт, судалгаа”-г 2005, 2008 онуудад зохион байгуулан үндэсний судалгааг хийж Монгол Улс дахь кавасаки өвчний анхны тохиолдлуудыг илрүүлэн мэдээлж байлаа.
Тэр үеийн судалгаагаар 20 орчим тохиолдлыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Монголдоо оношилсон гэсэн үг. Түүнээс хойш 10 орчим жил өнгөрчээ. Харин сүүлийн үед энэ өвчнөө гадагшаа явж эмчлүүлсэн дөрөв, таван тохиолдол гарсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!