Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил өчигдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ.

Эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсч, 561 сая ам.долларт хүрснийг уулзалтын үеэр талууд сайшаан тэмдэглэж, цаашид хими, хар төмөрлөг, машин, тоног төхөөрөмж, нэхмэл эдлэлийн худалдааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Төмөр замаар ачааг дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай” хэлэлцээрийг эцэслэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд:

  • Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар багтан ажиллахтай холбогдуулан дээрх салбарын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлжээ.

Тухайлбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас малын халдварт өвчний эсрэг вакцин нийлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас улаан буудай, өвс тэжээл худалдан авах бэлтгэлийн талаар ярилцсан байна.

Түүнчлэн “Төмөр замаар ачааг дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах боломжийг эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд “Монгол, Орос, Хятад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг байгуулах сонирхлоо нотолсон байна.

Энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулна

Уулзалтын үеэр Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын II хагаст зохион байгуулахаар тохиролцжээ.

ЗГХК-ын салбар комиссууд, тухайлбал, хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, 21 дүгээр хуралдааныг бодит ажил, хүрсэн үр дүнтэй угтах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. 

20 дугаар хуралдааны хэрэгжилт сайн явж байгааг тэмдэглэж, энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна.

 

Уулзалтад:

Монголын талаас:

  1. ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа,
  2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн,
  3. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга,
  4. ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх,
  5. Зам тээврийн яамны хэлтсийн дарга Ж.Батболд,
  6. ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү,
  7. II нарийн бичгийн дарга А.Тамир,
  8. II нарийн бичгийн дарга Ц.Баттөр,
  9. II нарийн бичгийн дарга Э.Мөнхбаяр,

Оросын талаас:

  1. ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Е.В.Громыко
  2. Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Н.Р.Инамов,
  3. Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын хэлтсийн дарга А.В.Зеленев,
  4. Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын хэлтсийн ахлах зөвлөх М.А.Магомедовна нар байлцжээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны яам