Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Цогтбаатар: Монголд анх удаа үлэг гүрвэлийн мөрний судалгааг хийлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хооронд "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулах, гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус сургуультай ирэх дөрвөн жилд хамтран хэрэгжүүлэх "Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл" судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүйн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Япон улсын Окаяама хотын шинжлэх ухааны байгууллагатай Монголын ШУА-ийн Палеонтологийн төв, геологийн хүрээлэн 1992 оноос хойш хамтран "Монгол говийн экосистем" сэдэвт судалгааг хийж иржээ.

Судалгааны явцад Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан байдаг аж.

Үлэг гүрвэлийн мөрийг судлах, үлэг гүрвэл амьдарч байсан газрын хөрсийг судлахаар зорьж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн ерөнхийлөгч Яасунобу Яанагисава "2013 оноос хойш хоёр академи мөн манай сургууль хоорондоо гэрээ байгуулан эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Энэ удаа бид үйл ажиллагаагаа дахин өргөжүүлж, нэгдүгээрт үлэг гүрвэлийн мөрийг судлах, хоёрдугаарт үлэг гүрвэл амьдарч байсан газрын хөрсийг судлахаар зорьж байна. 

Мөн АНУ-аас олдсон эртний үлэг гүрвэлийн амьдарч байсан газрын хөрстэй Монголын хөрсийг харьцуулж судлахыг зорьж байгаа" гэлээ.

Монголоос бөөнөөрөө хадгалагдсан 15 үлэг гүрвэлийн зулзаганы яс олдсон
 
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар "Энэ удаагийн экспедиц зөвхөн үлэг гүрвэлийн судалгаанаас гадна орчин, мөн үлэг гүрвэлээр дамжуулаад Монголын говийн эртний экосистемийг сэргээн тогтоох судалгаанууд хийгдсэн байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог байгаа юм.

Монголын говиос олдсон дэлхийд гайхагдах олдворууд бий. Жишээлбэл, өмнө нь олдож байгаагүй бөөнөөрөө хадгалагдсан 15 үлэг гүрвэлийн зулзаганы яс олдсон. Мөн зургаан шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж нээсэн.

Хамгийн гайхалтай нь Монголд анх удаа үлэг гүрвэлийн мөрний судалгааг энэ экспедицийн явцад бий болгосон юм. Бусад оронд үлэг гүрвэлийн зөвхөн мөр нь олддог бол манайд нэг давхаргаас чулуужсан яс нь мөртэйгөө цуг олддогоороо онцгой" гэв.

Жил бүр Монголоос дөрвөн залуу судлаач, оюутныг Японд сургах аж. Мөн палеонтологи болон үлэг гүрвэлийн судалгааг сонирхож байгаа Япон оюутан, сурагчдыг нутагтаа урьж хээрийн дадлага хийлгэхээр төлөвлөжээ.