Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: МАН одоо л шинэчлэгдэхгүй бол цаашаа явах боломжгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
МАН-ын Бага хурлын гишүүн, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МАН-ын Удирдах зөвлөл, гишүүд дэмжигчдэд зориуж МАН-д шинэчлэл хэрэгтэй талаар уриалга гаргасан.  Тэрбээр МАН-ын жирийн гишүүний хувьд нам дотроо хариуцлага тооцож, нийт гишүүдээ тэгш оролцоогоор хангах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ талаар түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
 
- Ерөнхийлөгчийн сонгууль дууссанаас хойш ялагдсан намд дотооддоо хариуцлага тооцох тухай дуугарч байгаа анхны мэдэгдлийг та гаргалаа.  МАН-ынхан өөрсдөдөө ямар дүгнэт хийх ёстой вэ? 
 
- Сонгуулийн үеэр олон түмний чихийг дэлдийлгэж амыг ангайлгасан олон зүйл боллоо. Үүнийг хар сонгууль боллоо гэж яриад байгаа юм.
 
Сонгуульд өнөөдөр яагаад ялагдав, хаана хэн алдав гэдгийг улс төрийн соёлоор авч үзвэл хаана ч ярих ёстой асуудал.
 
Манай намын тухайд тэр чигээрээ хөдлөөд ч сонгуульд ялагдлаа. Нам болон нэр дэвшигч дүнгээ тавиуллаа. Өмнөх туршлагаар сонгуульд ялагдсан бол нам дотроо хариуцлага тооцож ирсэн түүхтэй.
 
УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдчихаад намын дарга Сү.Батболд долоодугаар сард нь ажлаа өгч байсан.
 
Ц.Энхтүвшин даргын хувьд ч өөрөө дэвшээгүй ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж оролцоод Б.Бат-эрдэнэ аварга ялагдахад бас л ажлаа хүлээлгэж өгсөн байдаг.
Түүх уламжлал дүрмээ бариад ажиллах ёстой болов уу л гэж би МАН-ын гишүүний хувьд бодож байна.

Нам дотроо хариуцлага ярьж, дотроосоо шинэчлэлийг эхлүүлэхгүй бол өнөөдрийн тогтолцоогоор Монголыг урагш аваад явна гэдэг ойлголт алга. 
 
- МАН-ын Бага хурлыг удахгүй хуралдуулах талаар мэдээлэл гараад байна. Бага хурлын гишүүний хувьд танд энэ талаар мэдээлэл байна уу? 
 
- Би МАН улс төрийн сонгуульд ороод дүнгээ нэгтгэдэг, дүгнэлтээ гаргаад хариуцлага тооцох ёстой бол хариуцлагаа тооцдог соёлын талаар ярилаа.
 
Тэгэхлээр Бага хурал хуралдана. Дүрмээрээ бид нар Их хурлаа ч хуралдуулна.
 
Харин миний хүсч байгаа зүйл нь энэ удаад Их хурлаа хуралдуулахдаа дүрмэндээ өөрчлөлт хийж байгаад нийт гишүүдээсээ намынхаа удирдлагыг сонгоё гэсэн санал юм. 
Миний яриад байгаа шинэчлэл нам доторх гүн гүнзгий шинэчлэл
- Нам дотроо сонгуулийн дүнгээ хэлэлцэж бүх шатанд хариуцлага ярих асуудлаа хэзээнээс эхлэх нь зүйтэй гэж та бодож байна? 
 
- Одоо ярьж байх ёстой. Улс төрийг нэг их айхтар бужигнуулалгүй, сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө энэ асуудлаа ярих нь зөв.
 
Хүмүүс амралт чөлөөтэй байх үед улс төрчид нь ажлаа хийгээд есдүгээр сараас эдийн засаг эргээд хэвийн эргэлтэндээ орж эхэлмээр байна.
 
Монгол Улс эдийн засаг нь эмзэг, бүтээн байгуулалтын үе нь богинохон.
 
Тийм учраас аль болохоор богинохон хугацаанд нам дотроо айхтар эвдэрч хагаралгүйгээр өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. 
 
- МАН-ын дарга М.Энхболд нам доторх шинэчлэлийг зогсоосон талаар таны ярилцлагыг уншлаа. М.Энхболд шинэчлэлийг санаатайгаар зогсоох улстөрийн шалтгааныг та арай илүү тодруулахгүй юу?
 
- Би шинэчлэлийг дарга нар гарч ирээд санаатайгаар дараад зогсоочихсон гэж бодохгүй байна. Зүгээр л хийгдээгүй, хийхийг хүсээгүй байж магадгүй.
 
Үндсэн хуулиараа бид парламентийн засаглалтай улс байна гээд заачихсан.
 
Тэгвэл ийм өндөр өртөгтэй, улс орноо талцуулсан, бүтэн хоёр жил улс төржиж, амьдралаасаа хоёр жилийг хасах энэ явдлыг зогсооё гэж олон жил ярилаа.
 
Үүнийг хэзээ бид хийх юм бэ, сонгуулийн хуулиуддаа дорвитой өөрчлөлтийг хэзээ бид хийх юм бэ?
 
Түрүүн би дурьдсан улс төрийн намуудын үүрэг ямар байх ёстой юм бэ, намууд гишүүнчлэлтэй байх ёстой юу, үгүй юу. Намуудын санхүүжилт хэзээ ил болох юм бэ.
 
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Би МАН-ын гишүүнээр олон жил явлаа. Ганц удаа хэдэн төгрөгийн орлого, зарлагатай ямархуу хөрөнгөтэй улс төрийн нам юм бэ гэдгийг олж хармаар байна шүү дээ.
Би МАН-ын гишүүнээр олон жил явлаа. Ганц удаа хэдэн төгрөгийн орлого, зарлагатай ямархуу хөрөнгөтэй улс төрийн нам юм бэ гэдгийг олж хармаар байна шүү дээ.
 
Энэ шинэчлэлийг улс төрийн ууган хүчин болсон МАН ахын зангараг гаргаад өөрөөсөө эхлээд хийчих хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.
 
МАН шинэчлэгдэж ирсэн нам. Энэ үйл явц зогсоогүй, үргэлжилж байгаа.
 
МАХН байсан МАН болж, удирдлага нь солигдсон. Удирлага солигдож байгаа нь шинэчлэгдэж байна гэсэн үг мөн үү гэвэл мөн.
 
Харин миний яриад байгаа шинэчлэл бол илүү гүн гүнзгий нам дотроо хийгдэх шинэчлэлийн тухай юм.Олон жил дуншаад яриад байгаа асуудалд МАН эхлээд заавал хариулт өгөх ёстой.
 
- МАН-ын хувьд ялагдал хүлээх гол шалтгааныг та ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж, татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг хассан буюу 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан санааг тусгасан байсан.  Энэ яг зөв дүгнэлт эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь МАН улстөрийн шинэчлэлийг хийж чадахгүй байгаатай холбон тайлбарлаж болох уу?
 
-МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө бид татварыг нэмэхгүй гэж тусгасан.
 
Миний хувьд энэ сонгуульд олон хүнтэй уулзаж, нэр дэвшигчээ дэмжиж ажиллалаа.
 
Ялагдах нэг шалтгаан яах аргагүй татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг хассан, тэтгэврийн насыг өндөрсгөсөн зэрэг бол мөн.
 
Нөгөө талаараа засгийн газрыг байр суурийг ч бас ойлгож байна. ОУВС орлогоо нэмэгдүүлээд зардлаа танах шахалт үзүүлсэн.
 
Би хувийн хэвшлийн төлөөллийн байгууллага болох CEO клубын мэдэгдлийг сонингуудаар гаргаж байлаа. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод хаяглаж байгаад өөр гарцыг зааж өгсөн.
 
Ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудаас өөрчлөлтийг эхлээч ээ.
 
Тэд нарын хийж бүтээдэг ажлыг нь сайжруулаад ногдол ашиг, төлдөг татвараар нь цоорхойгоо нөх.
 
Тэтгэврийн  шинэчлэлийг хийгээч. Ингэснээр бид нар ОУВС-ийн шаардлагыг ч хангана. Нөгөө талаар төсөвт үүсэх цоорхой нөхөөд ажиллах боломж байна гэдэг гарцыг хэлсэн.
 
Харамсалтай нь сонсоогүй. Тэгвэл миний өнөөдрийн ярьж байгаа шинэчлэлээр намын дарга нар гишүүдээ сонсдог хүлээж авдаг болгох ёстой.
 
Манай улс гуравдугаар сарын 26-нд бид 480 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх байсан.
 
Дараагийн бондын эргэн төлөлт дараа оны нэг сард хийх ёстой. Сангийн Яам өмнө нь эрх барьж байсан намын баасан дээр нь хальтрах тийм аюул тулгарсан.
 
Хэрвээ бид нар гуравдугаар сарын 26-нд бондын эргэн төлөлтөө хийж чадаагүй бол асуудал нэлээд хүндрэх байсан.
 
Энэ талаас нь хүмүүст энэ алхмууд арга хэмжээг зөв гэж тайлбарлах эрх засгийн газарт байгаа.
 
Миний хувьд өөр гарц шийдлийг хайсан. Зөвхөн үүнээс гадна сонгуулийн сурталчилгааны үеэр 60 тэрбумын асуудал, гишүүдийн ёс зүй, Эрдэнэс Таван Толгойн хувьцааг нээлттэй болгох, төрийн өмчийг хэдхэн хүмүүс мэддэг болсон зэрэг асуудалтай сэдвүүдийн талаар хөндөж ярих нь шударга алхам болох ёстой байв. Намын гишүүдийн дунд энэ бүх асуудлаа хэлэлцэж, эргэлзээг тайлаад тэгээд бид цаашаа явах нь зүйтэй. 
Бидэнд сэтгэл зориг дутсан зүйлүүд байгаа
 
Гэрэл зургийг mpa.mn

 - МАН манай улс төрийн ууган байгууллага. Энэ намд алс хэтийн ямар чиг баримжаа хэрэгтэй гэж та харж байна вэ?

- Бидний хувьд үзэл баримтлал, чиг баримжааны хувьд дутсан зүйл байхгүй. Бид тунхаг баримт бичгийг маш сайн гаргадаг нам.
 
Гэхдээ бидэнд сэтгэл зориг дутсан зүйлүүд байгаа. Тухайлбал төрийн албыг төрлийн алба болгох явдлаас салмаар байна.
 
Нам эрх барьж байгаа бол хамгийн туршлагатай, хамгийн зоригтой, сэтгэлтэй өөртөө хөрөнгө оруулалт хийгээд боловсорч гүйцсэн хүмүүсээр төрийн албыг дүүргэмээр байгаа юм.
 
Тэр минь миний үнэнч туслах байсан юм шүү, тэр нь миний эгчийн хүүхэд байгаа юм, тэр нь надад мөнгө өгсөн юм гэдэг байдлаар төрийн албыг буян хишиг тарааж байгаа юм шиг тараадаг байдлыг үгүй хийхгүй бол зөвхөн энэ намаа бус энэ улсаа аюулын ангал руу чирнэ. 
 
- Таныг МАН-д шинэчэл хэрэгтэй талаар гэнэтийн мэдэгдэл гаргахаар өөрийг тань улс төрийн ямар нэгэн албан тушаалд өрсөлдөх нь үү гэсэн яриа дуулдах юм? 
 
- Би шударга, зоригтой байя гэж уриалчихаад өчүүхэн эрх мэдэл, мөнгөний төлөө явж байсан бол энэ олон жилийн дотор баригдчих байсан байлгүй дээ.
 
Миний хувьд бодсоноо л хэлдэг. Хэлсэн зүйлээ хэрэгжүүлдэг. 2016 онд намайг нэр дэвшинэ, дараа нь сайд болох гэж байгаа гэж хүмүүс таамаглаад байсан. Үгүй л байна.
 
Өнөөдөр нам дотроо бидний хэсэг нөхөд ажиглагчийн байр суурьнаас асуудалд хандаж сүүлийн дөрвөн жил явж ирлээ.
 
Биднийг ажил хийгээч гэдэггүй, бид ч ажил хийе гэдэггүй.
 
Энэ хүмүүс 2012 онд ялагдсан харицлагаа хүлээгээд дуугүй сууж байх нь зөв. Дараагийн баг удирдлага ажлаа хийх нь зөв өө.
 
Харин хэрэг гараад очоод хийгээд өг, дэмжээд өг, намынхаа төлөө яв гэхээр нь саяны сонгуулиар хамгийн их хүчин чармайлт гаргаж ажилласан хүмүүсийн нэр ч гэсэн тодорхой л байгаа байлгүй дээ.
 
МАН-ын урдаа бариад явсан хүмүүсийн нүүр царай бидний ой санамжаас арилаагүй л байна.
 
Хүнийг зүгээр л хар сэжмээр биш, хийсэн үйлдэл хэлсэн үгээр нь дүгнэхгүй бол дараагийн засагт ажил горьдож байна ч гэх юм уу ийм байдлаар хардаад дэмий.
 
Би ер нь худал хуурмагт дургүй. Худлаа зүйл эргээд хэзээ нэгэн цагт ил болдог.
 
Тиймээс би хүүхдүүдийнхээ нүд рүү эгц харах эрх чөлөөгөө хадгалж үлдмээр байна. 

- Таны гаргаж буй энэ санаачлагын ард хэн байна вэ, ямар фракц байна вэ гэсэн олон эргэлзээ бий болоод байна. Та үүнд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тайлбар хэлсэн байсан. Таныг дэмжиж байгаа намын олон нөхөд бий юу?

- МАН одоо л шинэчлэгдэхгүй бол цаашаа явах боломжгүй.
 
Бид нар ингэж яваад 2020 онд задраад унах эрсдэл байна гэдэг энгийн логик байдлаар сэтгээд харчихад тийм хэцүү биш.
 
Бид өнөөдөр намын тухай, нэр дэвшигчийн тухай, намын удирдлагуудад ажиллаж байгаа хүмүүсийн тухай нийгэмд байгаа элдэв яриаг цэгцэлж авахгүй бол эргэлзээ хуримтлагдсар байна. 
 
Бид нэг баг, нэг намын гишүүд, нэг завин дээр суучихсан байж бие биедээ итгэхгүй бол яаж баг болж ажиллах вэ. Миний санаачлалгыг жирийн олон гишүүн дэмжиж байгаа. Төрийн дээд албан тушаалд ажиллаж байгаа олон хүн дэмжиж байна.
 
Өөрийнхөө мэддэг, чаддаг хүрээнд туршлагатай, боловсролтой гэсэн бүхий л хүмүүстэй ярилцлаа.
 
Тэгэхээр шинэчэлийн асуудалд асуудалтай зүйл байхгүй. Намайг гэж бодоод сайн санаад ийм зүйл ярих болоогүй гэсэн зөвлөгөө байна.
 
Гэхдээ миний өөрөө дангаараа итгээд үнэмшээд гаргаж ирсэн шийдвэр бол хариуцлагыг ярих ёстой.
 
Хариуцлагыг зөвхөн нэг хүн дээр яриагүй.
 
Ялсан бол юунаас болж ялав, ялагдсан бол юунаас болж ялагдав гэдгийг бүх шатанд ярьж байж гишүүд маань илүү оролцоотой болж энэ нам биднийх гэсэн тийм итгэл үнэмшлийг төрүүлж чадна.

Тэгээд намын даргаа нийт гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж 50+1 гэдэг зарчмаар сонгох ёстой.

АН 30 хэдэн хувиар намаас нэр дэвшүүлэх хүнээ сонгож байсан бол бид тэгж болохгүй, намаа удирдах хүнийг  олонх нь дэмжих ёстой. 
Хүний  мөстэй хүмүүстэй би хамт ажилламаар байна
 
Гэрэл зургийг mpa.mn

- МАН-ын шинэчлэл нь нийт Монголын эрх ашигт ямар ач холбогдолтой талаарх ойлголтыг та жаахан дэлгэрүүлэхгүй юу?

- Яагаад энэ өөрчлөлт шинэчлэлт зөвхөн намын гишүүдээр хязгаарлагдахгүйгээр улс орноо гэж боддог, аль нэг намыг дэмждэг ч бай дэмждэггүй ч бай нийт ард түмэнд хамааатай вэ гэхээр МАН бид бүхний амьдралд ямагт оролцож ирсэн.
 
Цаашид ч гэсэн тийм байна. Хамгийн энгийнээр хэлэхэд УИХ-ын 65 гишүүн МАН-ынх.
 
Энэ хүмүүс хууль гаргах, дарга нарыг томилох гээд бидний амьдралд ирэх 3 жилд шууд нөлөөлөх хүмүүс.
 
Тиймээс ч МАН-ын шинэчлэл нийт иргэдэд шууд хамаатай болчихож байгаа юм.
 
- Та Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөгч намын нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор данстай хэмээх мэдээлэл тараасан. Энэ асуудлаараа дахин хөөцөлдөж эцсийг нь үзэх үү?
 
- Миний ярьсан хэлсэн зүйлүүд телевизийн камерын хуурцаг, сонингийн хэвлэмэл хуудас, сошиал хуудсанд маань үлдсэн.
 
Би хэлсэн зүйлээ ч мэдэж байгаа. Гэхдээ би иргэний хувьд өөрийн олсон баримтуудаа олон түмэнд дэлгэх нь зөв зүйтэй гэдэг байр сууринаас хандсан.
 
Харин үүнийг цааш нь шалгаж үнэн зөвийг тогтоодог байгууллага нь би биш.
 
Холбогдох байгууллагууд нь дор бүрнээ шийдэх ёстой байх. Би үгээ хэлэх, сэжиг таамаг нотолгоог нийтэд мэдээлэх иргэний үүргээ л гүйцэтгэсэн. 
 
- Та цахим хуудсандаа "Ялалт дарга нарынх, ялагдал жирийн гишүүдийнх байдгийг болих хэрэгтэй" талаар бичсэн байсан. Танай нам дотор ийм зүйл байна уу? 
 
- Өнөөдөр МАН нээлттэй нам байх ёстой.
 
Ялахаараа дарга нар нь зангаа хувиргаад, гишүүдээ хаяад тоохоо больчихдог, гишүүдийнхээ хэлсэн үгийг нохой хуцсанаас дорд үздэг дарга нартай баймааргүй байна.
 
Ялсан ч, ялагдсан ч хамтдаа байдаг хүний мөстэй хүмүүстэй би хамт ажилламаар байна. Би ялж байсан намд элсэж байсан.
 
Ялагдаж бас үзсэн. Зангаа хувиргасан хүмүүст үнэхээр дургүй.
 
Хувь хүнийхээ хувьд Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед, З.Энхболдыг УИХ-ыг удирдаж байх үед МАН-ын гишүүний үүрэг хариуцлагаа ухамсарлаад ямагт болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг өлгөж аваад засаж залруулахын төлөө дуугарч ирсэн.
 
Ялагдсан үед намын үнэнч гишүүд нь хий гэсэн ажлыг нь хар бор гэж гололгүй үргэлж хийгээд л ирсэн.
 
Ялангуутаа зөвхөн ялсан багийн хэдхэн нөхдүүд дангаараа бүх асуудлыг шийдээд ирсэн нь миний эгдүүг хүргэснийг нуугаад яахав.
 
Надад албан тушаал өгөөгүйд би эмзэглээгүй. Би албан тушаал авахгүй гэдгээ өмнө нь хэлчихсэн байсан.
 
Яагаад эмзэглэсэн бэ гэвэл мэргэжлийн засгийг томилохоос эхлээд л алдаа гаргасан гэж боддог.
 
Зөвхөн сайн сайхныг хүсээд санал дэвшүүлж байхад хүний ёсоор хүлээж аваад сонсдог л байх хэрэгтэй.