Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"2017 JCI ASPAC" чуулганаас ОНЦЛОХ үйл явдлууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын бизнес, эдийн засгийн манлайлагч нэг сая залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын "2017 JCI ASPAC" чуулган зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.  

Чуулганд 51 орны 3,500 гаруй залуус оролцсон юм. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд хуваагдан зохион байгуулдаг бүсийн чуулганы Ази-Номхон далайн бүсийн чуулганыг анх удаа Монгол Улс амжилттай зохион байгуулж дуусжээ. 

Нийт 81 үйл ажиллагаа болсон энэ чуулганаас онцлох ДӨРВӨН үйл явдлыг хүргэж байна. 

“WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ

Чуулганы эхний өдөр буюу Пүрэв гаригийн орой Буянт-Ухаа спорт ордонд болсон нээлтийн арга хэмжээний үргэлжлэл гадаах талбайд зассан асар, монгол гэрт “WELCOME TO MONGOLIA” арга хэмжээгээр үргэлжилсэн юм.

51 орны 3,500 гаруй манлайлагч залуус болон Монголын 400 гаруй лидер залуус оролцсон энэхүү арга хэмжээнд JCI Монголын 13 салбар байгууллага Монгол ёс заншил, ахуй амьдралыг харуулсан өөр өөрсдийн онцлогтой асар майхан, монгол гэр барьж, зочдыг гайхшруулж байв. Монголын үндэсний соёл уламжлалыг харуулсан хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаа бүхий асруудад нэрийн хуудас солилцох, бэлэг дурсгалын зүйлс, мини арт шоу зохион байгуулагдаж байв. Мөн Монголын үндэсний хоол, зоог бүхий үйлчилгээний асрууд болон уух зүйлс айраг, ус, пивоор дайлах асрууд, Монголын үндэсний онцлогийг харуулсан зураг авахуулах ZONE-WALL–ийг гурван хэсэгт бэлтгэсэн байлаа. Энэ хэсэгт үндэсний хувцастай баатрууд, хатадтай хамт зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн нь гадны зочдод илүүтэй таалагдаж байв.

Энэ үеэр Торго загварын шоу болж, Дарханы “Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд аялгуут хөгжмөө тоглож, уран нугараач охид нугаралтын гайхамшгийг гадныханд үзүүлсэн юм. Мөн чопперчид талбайд орж ирж, тулга асаах ёслол болж, салют буудуулж, урлаг соёлын үзүүлбэрүүдтэй гайхалтай үдшийг олон орны залуус Монголын хөх тэнгэрийн доор өнгөрүүллээ. 

Төлөөлөгчид Монголын бизнесийн орчинтой танилцлаа

"2017 JCI ASPAC" чуулганаар бизнесийн форум зохион байгуулсан нь хамгийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.

Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй гэж форумын үеэр судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол  нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг ч онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн салбар тэргүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд удаалж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа.

Учир нь манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс шинэ залуу байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN нээгдлээ 

Чуулганы үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь JCI GARDEN төсөл байв. Тэгвэл JCI Монгол байгууллагаас олон улсын гишүүн байгууллагатай хамтран энэхүү төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN байгуулжээ. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах 0.5 га бүхий талбайд JCI байгууллагын Ази, Европ Африк, Америк гэсэн дөрвөн бүсийг төлөөлүүлж, тэдгээрийн онцлогийг харуулсан 12 жил бүхий хүслийн хайрцаг байгуулсан байна. Мөн хайрын сандал, саравч, урлагийн тоглолт хийх боломжтой тайз, JCI цаг, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрджээ. 

Төслийн нээлтэд эдгээр гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд JCI байгууллагын Японы Ерөнхийлөгч төслийн багийнханд баяр хүргэн 63 сая иень бэлэглэжээ. 

JCI Impact Mongolia 2017 оны Шилдэг шинэ салбар болов

Чуулганы хаалтын үеэр “JCI” байгууллагын энэ жилийн шилдэг төсөл хөтөлбөрийн эзэд, уран илтгэл, мэтгэлцээний аваргуудыг тодруулан шагнал гардуулсан юм.

19 төрлийн шагнал гардуулснаас хамгийн олон шагналын эзнээр Хонконгийн JCI байгууллага шалгарсан бол Филиппин, Камбож, Малайз, Япон, Индонез, Энэтхэг улсууд ч шилдгийн шагнал гардсан юм.

Харин Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төслийн шагналыг JCI Улаанбаатар салбар байгууллага хүртэж, JCI Impact Mongolia 2017 оны Шилдэг шинэ салбар болов. Мөн JCI IMPACT салбар байгууллагын гишүүн Б.Ачбаяр илтгэх урлагийн  уралдаанд олон орны илтгэгч залуустай өрсөлдөн шилдэг гуравт шалгарсан юм.

Энэ мэтчилэн ололт амжилт, урам зориг, үр дүн өндөртэй 2017 JCI ASPAC Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.