Арабын ертөнцөд өрнөж байгаа дипломат маргаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хутгалдлаа.
Уг нь Ойрх Дорнод дахь Америкийн хамгийн том цэргийн бааз Катарт байрладаг юм. Гэтэл Трамп Катарын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа Саудын Араб тэргүүтэй орнуудын бодлогыг магтан сайшааж байгаагаа твиттер хуудсандаа бичсэн байна.
Тэрээр өнгөрсөн сард Саудын Арабт айлчилж, экстремизмийн эсрэг үг хэлсэн нь Арабын орнуудыг зоригжуулж, Катарын эсрэг арга хэмжээ авахад хүргэлээ гээд өөрийн айлчлалынх нь үр дүн гарлаа гэж мэдэгдсэн юм.
Трамп бас энэ алхмыг терроризмийн аюулыг төгсгөл болгох эхлэл юм гэж бичсэн байна.
Хэдийгээр ерөнхийлөгч нь ийм мэдэгдэл хийсэн ч өчигдөр Пентагон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байрлуулж байгаа Катарыг сайшаасан мэдэгдэл хийжээ. Сэтгүүлчид Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жэф Дэвисээс Катар улс терроризмийг дэмждэг эсэхийг асуухад тэр “Би энэ асуултад хариулах хүн биш. Тэд манай маш чухал аль-Удэйд баазыг нутагтаа байрлуулдгийг л би мэднэ” хэмээн хариулжээ.
Катарын аль-Удэйд баазад одоогоор АНУ-ын 8,000 цэрэг байрлаж байгаа нь Ойрх Дорнодын хамгийн том бааз болгож байгаа юм. Мөн АНУ эндээс Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагааг явуулдаг.
Трампын мэдэгдлээс өмнө буюу Даваа гарагт АНУ-ын төрийн департмент Арабын ертөнцөд гарсан дипломат маргааныг яриа хэлэлцээрийн аргаар зохицуулах хүслээ илэрхийлсэн юм.
Харин Трампын мэдэгдэл дээрх бүх байр суурийг нэг мөсөн үгүйсгэсэн явдал болжээ. Террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг гэсэн шалтгаанаар Саудын Араб тэргүүтэй хэд хэдэн орон Катараас дипломат харилцаагаа салгаж байгаагаа Даваа гарагт мэдэгдсэн юм.
Тэд Катар Эйрвэйз компанийн нислэгийг хүлээж авахгүй байх, Дохад төвтэй Аль Жазира сувгийн лицензийг цуцлах зэрэг эдийн засгийн хориг авч эхэлжээ. Мөн Катарын гол экспортын бүтээгдэхүүн болох шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийг хаах арга хэмжээ авч магадгүй байна.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!