Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 8000 орчим хүн ял эдэлж байгаа аж.
Өршөөлийн хуулиар өнгөрсөн арван жилийн хугацаанд зургаан мянга орчим ялтан суллагдчихаад байхад 2-3 жилийн дотор буцаад найман мянга болж шорон дүүрдэг Эрүүгийн хууль манайд үйлчилж байна.
Гэхдээ энэ нь гэмт хэргийн гаралт ихсээд байгаадаа биш аж. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн тооны өсөлт таван хувьд хүрэхгүй байхад ялтны тоо 13 хувийн өсөлттэй байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх цаг болсны дохио гэнэ.
Х.Тэмүүжин: Авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа.
Дээр нь ял эдэлсэн хүн төрийн байгууллагад байтугай хувийн хэвшилд ч багтаж орох орон зайгүйгээр гадуурхагддаг.
Судалгаагаар жилд 1500-2000 хүн шоронгоос суллагддаг аж. Мөн Өршөөлийн хуульд хамрагдагсдыг нэмэх юм бол сүүлийн арван жилд 20 мянган хүн хорихоос суллагдсан гэсэн үг.
Гэхдээ энэ хорин мянган хүнийг нийгмийн идэвхитэй хүрээнээс шууд л түлхэж байгаа. Түүнчлэн одоогийн Эрүүгийн хууль орчин үеийн нийгэмд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Тиймээс л Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчлөх зорилт тавьснаа Монгол Улсын Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээрээ хэлж байна.
“Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” сэдэвт уулзалт өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн уг уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлсэн юм.
Тэрбээр шударга ёсны тогтолцооны асууддын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гэдгийг хэлж байв. Мөн том төрөөс ухаалаг төррүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн юм.
Түүнчлэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг онцгойлон анхаарч, хохирсон иргэний эрхийг хамгаалах талаар тусгасан талаар тэрбээр хэлж байв. Гэмт хэргийн аль ч түвшинд хэрэг үйлдсэн хүн хохирлоо төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлдэг, зарим төрлийн ялаас чөлөөлдөг болох ёстой аж.
Тиймээс хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хууль шүүхийн байгууллагууд үр нөлөөтэй ажиллах арга хэлбэрийг Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа аж. Харин хүүхэд, эмэгтэйчүүдийн тухайд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь өөр нөхцөлтэй.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн хэрэг нь тэдний гэнэн томоогүй зангаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, тусгайлан бодлого хэрэгжүүлдэг аж. Тиймээс манай улс ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудлыг тусгайлан авч үзэхийг баримтлах болжээ.
Харин эмэгтэйчүүдийн тухайд гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа болон, хүний наймаа, бэлгийн дарамтын хохирогч болохоос хамгаалахад илүү анхаарч байгаа юм байна.
Ерөнхийлөгч мөн хууль шүүхийн шинэтгэлтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан болон УИХ-д өргөн барьсан, барихаар бэлтгэж байгаа хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрэгжилтэд нь анхаарч ажиллахыг захисан юм.
Х.Тэмүүжин: Хийсэн хэрэг бүрт нь ял оноодог болно
Уг уулзалтад Хууль зуйн сайд Х.Тэмүүжин мөн оролцсон бөгөөд, түүнээс зарим хуулийн талаар тодруулсан юм.
-Гэмт хэргийн тухай хуулийг баталснаар хорих ял эдэлж буй хүмүүсийн тоо 30 хувиар багасна гэж үзэж байгаа. Гэвч энэ хууль зарим хүнд ял завших боломж болох вий гэдэг болгоомжлол бий. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Багаар бодоход 30 хувь нь суллагдана. Шоронд заавал хорих шаардлагагүй хүмүүст олон ял өгч байгаагаас болж байсхийгээд дүүрчихээд байна. Гэмт хэргийн тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэнийг нь ял шийтгэх, аль хэргийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг заагаад өгчихөөр хорих ял эдлэх хүмүүсийн тоо багасна.
Энэ нь зайлшгүй ял эддэх ёстой хүмүүс ял завшина гэсэн үг биш. Хуульдаа зааг ялгааг нь сайн гаргаж өгсөн.
Бусдад авлига өгсөн этгээд энэ үйлдлээ өөрөө илчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх талаар тусч байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Авлигын гэмт хэрэг дээр орж байгаа зарчмын томоохон өөрчлөлт нь авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Яагаад гэвэл авлига өгсөн хүмүүс ихэнхдээ хууль ёсны эрхээ эдэлж чадахгүйгээс танил талаа ашиглах юм уу, гарыг нь цайлгах байддаар авлига өгдөг. Тэгэхээр авлига өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзахаар энэ төрлийн хэрэг илчлэгдэх магадлал өсөх юм. Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь албан тушаалтан саад хийсэн тохиолдолд авлига өгсөн бол хариуцлага хүлээхгүй. Харин авлига авсан албан тушаалтан нь эрүүгийн хариуцлага хүлээх шинэ тогтолцоо руу шилжиж байна.
-Онц ноцтой, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэггэнд дээд тал нь 25 жил оноодог. Харин зарим оронд үйлдэл болгонд нь ял оноодог шүү дээ. Ийм байдал руу орох уу?
-Хуучин Эрүүгийн хуулиар гэмт этгээдэд ял оноохдоо хөнгөнийг хүндэд нь багтаадаг байсан. Жишээ нь, хүн амины хэрэг үйлдсэн этгээд өмнө ньямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай 25 жил дотор нь багтааж ял оноодог учраас бусад гэмт хэрэгт нь хариуцдага хүлээхгүй, ял завшаад өнгөрч байна гэсэн үг. Гэмт хэргийн тухай хуулиар тухайн этгээдийн үйлдсэн гэмт үйлдэл бүр дээр хариуцлага оногдуулдаг байхаар оруулсан. Тэгэхээр хийсэн хэргээсэээ хамаараад хэдэн ч жилийн ял сонсч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!