Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн долоон улирлын турш гадаад эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүд төгрөгийн ханшинд нөлөөлж байна"

ikon.mn
2013 оны 11 сарын 6
iKon.MN
Төгрөгийн ханш сулрах гадаад нөлөөлөл их байна

Монголбанкны ВЭЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас цаг үеийн асуудлаар буюу төгрөгийн ханшийн талаар дараах тодруулгыг авлаа. 

- Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар шалтгаанаар эргээд суларсан бэ?
- Валютын ханш нэг хэсэг бууж байснаа дахин өсч эхэлсэн. Жишээлбэл, сүүлийн долоо хоногийн турш ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд 14 төгрөгөөр буурч, засагдаж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Монголбанкны зарласан ханш 1 ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа.

Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа.

Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл байдал 2011 оны аравдугаар сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. Улмаар 2012 оны сүүлээс Монголд орж ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэхээр сүүлийн долоон улирлын турш дарааллаад гадаад эдийн засгийн орчны сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөллийг авчирсан. Ийм орчинд мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн.  Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гарсаар гадаад эрсдэл маань арилчихаагүй, улам л нэмэгдсэн. Монголд орж ирэх валютын урсгал татарсан байдалтай л явж ирлээ. Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалтгаан болсон төлбөрийн тэнцлээ л сайжруулах нь чухал.

- Төв банкнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
- Гадаад худалдааны энэ орчноос болоод гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшны огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа. 

Та бүхэн мэдэж байгаа сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлзсэн хөдөлгөөн гарсан. Энэ дээр тогтворжуулах арга хэмжээнүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна. Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монголбанк макро эдийн засгийн суурийг дагасан, тодорхой нөхцөл байдалтайгаа уялдаатай, нийцтэй байна гэж харж байна. 

Төв банкнаас эдийн засгийнхаа суурь нөхцлүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд хандлагын эсрэг ажилладаггүй. Харин огцом хөдөлгөөн үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа.
 
Өөрөөр хэлбэл, ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ нөлөөллийг нь зөөлрүүлж өгдөг, автомат тохируулагч гэж ойлгож болно. Тэгэхээр энэ чиглэлээр, нэгдүгээрт ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ханшийн талаарх мэдээллийг графикаас үзнэ үү.