Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийг хуулийн байгууллага шалгах уу?

Р.Саруул
2017 оны 5 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

-Тус аймгаас 2012-2016 онд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал илэрчээ-

Орон нутгийн удирдлагууд өнгөрсөн жилүүдэд төсвийн мөнгийг үргүй зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, олон ч дарга аавынд морилж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Засгийн азрын хэрэг эрхлэх газраас Сүхбаатар аймгийн санхүүгийн тайланд шалгалт хийхэд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч хэн нь хариуцлага үүрэх вэ гэсэн нөхцөл байдал бий болжээ.

Тодруулбал, 2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.

Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна. Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.

Мөн Засаг  даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлжээ. Хамгийн хачирхалтай нь тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байгаа нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд тус аймгийн удирдлагууд нэлээд хөрөнгө мөнгөтэй дарга нарын тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн онд АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлаж, аймгуудын Засаг дарга нарын хөрөнгийг ил болгож байсан билээ. Энэхүү мэдүүлэгт олны нүдийг орой дээр нь гаргасан хүн бол яах аргагүй Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь.

53 сая төгрөгөөр айргийн тавд жагсаж, энэ их хөрөнгийг хаанаас олдог вэ гэсэн асуулт ч гарч байсан. Түүнчлэн тэрбээр , 2013 онд АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2,872,105,000 /хоёр тэрбум найман зуун далан хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгтэй хэмээн олны нүдийг бас л орой дээр нь гаргаж байсан. Тиймээс л түүнийг “Аймгаасаа баян засаг ноён”-ы жагсаалтын тэргүүнд хэвлэлүүд онцлон мэдээлж байсан билээ. Эндээс түүний энэ их хэмжээлшгүй хөрөнгө хаанаас бий болов гэсэн асуулт гарч ирж байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шалгалт хийсэн Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын алба, гүйцэтгэлийн аудитынхан яагаад дээрх найман тэрбум гаруй төгрөгийн зөрчлийг илрүүлээгүй вэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч одоогоор найман тус аймгийн санхүүгээс найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрлээ. Энэ бүхнийг нарийвчлан шалгах эцсийн байгууллага нь хууль хяналтынхан. Тиймээс төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж их хэмжээний мөнгөн дүнгийн зөрчил гаргасан хөрөнгөлөг эрхмүүдэд хуулийнхан ямар хариуцлага хүлээлгэх бол гэдэг нь анхаарал татаж байна.

Зураг