“Аюулгүй хот” төслийн хүрээнд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тохирсон, оновчтой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн газраас “Телекамер” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой үр дүнд хүрч эхлээд байна. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор
Шинээр суурилуулсан камерийн тусламжтайгаар 84 зөрчил, 28 гэмт хэргийг илрүүлсэн байна. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн “Камерийн хяналтын төв”-ийн телекамерийн жижүүрийн цагдаа нар энэ оны эхний дөрвөн сард 29 гэмт хэргийг үйлдэл дээр нь, 119 гэмт хэргийг камерийн бичлэгээр илрүүлж холбогдох албан тушаалтанд нь шилжүүлсэн гэх дүн мэдээ гарчээ.
Мөн үйлдэл дээр нь 428 зөрчлийг, камерийн бичлэгээр 151 зөрчлийг илрүүлж зохих арга хэмжээг авсан байна. Телекамер тавигдсанаар гудамж зам талбайд үйлдэгдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр нөлөө үзүүлж буй юм. Мөн камержуулалт хийгдсэнээр гэмт хэргийн шинжтэй гомдол дуудлага ч багассан байна.
Нийслэлийн Засаг даргын зүгээс камержуулалтын ажилд дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт суурилагдсан баталгаат хугацаа нь дуусч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 64 хяналтын камерийг засварлах, солих зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэн өгчээ. Түүнчлэн иргэд аж ахуйн нэгжийн дунд “Камержуулалт” болзолт уралдаан зарласан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зарласан энэхүү уралдаанд иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэн өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчинд 561 хяналтын камер суурилуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!