“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаарх хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Бүх нийтийн боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
- Өвлийн уралдаанаар 50 гаруй хүүхэд мориноос унасан гэсэн судалгаа гарсан байсан. Энэ хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах ётсой вэ?
- Үндэсний хэмжээнд 120,000 гаруй уяач байна. 40,000 гаруй унаач хүүхэд байдаг гэсэн тоо баримт байна. Унаач хүүхдийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол маш хүнд байгаа.
Үүний эрх ашгийг нэгдүгээрт гэр бүлийн гишүүд бүрэн дүүрэн хяналт тавих ёстой. Манайд гарч байгаа тохиолдол дээр аймаг дамнаж явахын зэрэгцээгээр улс дамнаж уралдаанд оролдог жишиг тогтлоо.
Цаашлаад хүүхэд, хүүхдийн гэр бүл зөвшөөрөөд гэрээгээр ажиллаж байна гэдэг зүйл байна. Тэгвэл гэрээний үүргийг уяач нар бүрэн дүүрэн биелүүлж чадаж байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ.
- Танай байгууллагад хурдан морины уралдаанаас болоод хохирсон хүүхдүүд хэр их ханддаг вэ. Тэдний эрх ашгийг ямар байдлаар хамгаалж байна?
- Төрийн бус байгууллагын хувьд зориод ирдэг эцэг эхчүүд ханддаг. Гэхдээ энэ нь ТББ-ын дүрэмд зааснаас хэтэрсэн хохиролтой, гэм хортой холбоотой асуудал учраас бид хууль зүйн зөвлөгөө авч, хэрэг маргаанаа шийдвэрлэвэл зохино гэж зөвлөдөг.
Ингэхээр эцэг эхчүүд өмгөөлөгч авах мөнгөгүй, уяачтай хийсэн гэрээнд өмгөөлөгчид хандахгүй байхыг заасан эсвэл хүүхэд маань эдгэчих байлгүй дээ гэсэн байдлаар хандаад байдаг.
Гэхдээ хурдан мориноос унаж бэртээд, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон баримт нэлээд бий. Тоо хэлэхэд жилд дунжаар харилцан адилгүй 2-5 хүүхэд бэртдэг.
Мориноос унаж бэртээд, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөрийн чадваргүй болсон баримт нэлээд бий.
Бид нэг зүйлийг харах хэрэгтэй. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэдэг бол зөвхөн хувцас өмссөнөөр, даатгал төлснөөр шийдэх асуудал биш.
Хувцас нь стандартын дагуу хийгдэж байгаа боловч энэ нь АНУ, Английн хурдан морин тойруулга дээрх насанд хүрсэн хүмүүст зориулсан стандартаас хуулбарласан байгаа.
Нөгөө талаас тархины бэртэл нь хүүхдэд маш хүндээр тусдаг. Өнөөдөр унаад гурван сарын дараа хөл дээрээ явж байгаа хүүхэд насанд хүрээд татаж унадаг эсвэл үйлдлээ хянах чадваргүй сааталд орох магадлалтай.
Тэгэхээр энэ үр дагаврыг тооцохгүйгээр хүүхэд уналаа, унасан ч гэсэн зөөлөн эд нь гэмтсэн байна, эмнэлгийн зүгээс тусламж үзүүлсэн нь тоон статистикийн хувьд бага харагдаж байгаа боловч цаашид гарч болох үр дагаврыг харах юм бол маш хор нөлөөтэй.
- Улс дамнасан уралдааны талаар ярилаа. Жишээлбэл ямар улс дамнаж хэдэн хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахаар явуулсан байна?
- Хүний Эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллийг аваад үзвэл ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, зүүн хойд хязгаарын мужуудад хурдан морины уралдаан зохион байгуулах зорилгоор хүүхдүүдийг авч гарч байгаа мэдээ байгаа.
Ойролцоогоор 60-80 хүүхэд гэсэн тоо байгаа боловч бүртгэлтэй хүүхдийн тоо 7-9 гэж гарч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!