Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрмээ өөрчлөх үү, дүрэм дагадаггүй дарга нараа өөрчлөх үү?!

З.Оргил, Өглөөний сонин
2016 оны 11 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Зорилтот сценариар өнөөдрийн ҮЗХ-ны хурал болж өнгөрвөл дараа сард товлон байж таван сарын турш хүлээсэн Их хурал хэлбэр төдий зүйл болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арван жил тасалдаж, товлосноосоо хойш таван сар хүлээлгэсэн Их хурал шийдвэрлэх үүрэггүй, зүгээр л “жүжиг” болж хувирна- 

Өнөөдөр хуралдах Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар үндсэндээ гурван асуудал хэлэлцэхээр товложээ. Нэгдүгээрт, Ардчилсан намын шинэ дүрмийн төслийг хэлэлцэх, хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаар хэлэлцэх асуудлыг товлох, гуравдугаарт, Их хурлыг зохион байгуулах мандатын комисс байгуулах асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Арваад жил хуралдаагүй намын Их хурлаа хийж, эндээс гарах шийдвэрээр намын шинэчлэлийнхээ суурийг тавина гэж жирийн гишүүд дэмжигчид нь найдаж буй. Үнэндээ сонгуулийн ялагдлын дараа үүсэн бий болсон сэтгэл хөдлөл, жирийн гишүүдийн намаа шинэчилье гэх халуун сэтгэл, зориг эрмэлзэл бүдгэрэн тайвширсан хойно Ардчилсан нам ҮЗХ-ны хурлаа ч, Их хурлаа хийх гэж байгаа нь энэ юм.

Сонгуулийн дараах синдром дарагдаагүй байх үед эхэлж нэг үзсэн ҮЗХ-ны хурал нь хэрүүл болон хувирч, зорьсон зорилгодоо хүрэлгүй тарсан. Тэгэхээр өдгөө хаа, хаанаа эмоцио дарж, асуудалд ултай хандах бололцоотой цаг үеийг сонгон ҮЗХ-гоо хуралдуулах гэж байж ч магадгүй юм.

Ялагдлынхаа гол шалтгааныг “дүрмээ мөрддөггүй, дураараа дургидаг”-аас л боллоо хэмээн дүгнэж, “Шинэчлэгдэхгүй л бол болохоо байжээ” гэсэн гаргалгааг дэвшүүлж байсан Ардчилсан намынхан өнгөрсөн богино боловч хугацаанд өөрсдөө огт өөрчлөгдсөнгүй. Нөгөө л фракц нэртэй хэсэг бүлгүүдээрээ хуйвалддаг, нийтлэг эрх ашгаа биш фракц бүлгийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаад бүх асуудлыг түүндээ нийцүүлэн зохион байгуулдаг механизмаа ажиллуулсан хэвээр.

Үүнийг УИХ дахь есхөн гишүүнтэй бүлгийн удирдлагаа, УИХ-ын дэд даргаа, намын даргын үүрэг гүйцэтгэгчээ хэрхэн яаж томилж байснаас харж болно. Мөн саяны орон нутгийн сонгуулиар зарим дүүргийн намуудаа яаж бужигнуулснаас нь ч анзаарч болно. Харин одоо ҮЗХ-ны хурлаа ч мөн “шонхруудын” эрх ашгийн төлөө бэлтгэсэн сценариар зохион байгуулахаар тооцоолж байгаа гэх.

Тэрхүү сценариар бол намын дүрмийн төслөөр ҮЗХ-ны хурал дээр баахан хэрүүл үүсгэн сэлэм эргүүлж байгаад Их хурлаар хэлэлцэх асуудлыг замхруулах, намын даргын томилгоог марафоны зарчмаар шийдье, гэхдээ урин дулааны улиралд зохион байгуулъя гэдэг асуудлыг зүтгүүлж, Их хурлыг үүрэггүй, үнэ цэнэгүй болгох “төлөвлөгөөг” боловсруулжээ.

Энэхүү зорилтот сценариар өнөөдрийн ҮЗХ-ны хурал болж өнгөрвөл дараа сард товлон байж таван сарын турш хүлээсэн Их хурал хэлбэр төдий зүйл болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арван жил тасалдаж, товлосноосоо хойш таван сар хүлээлгэсэн Их хурал шийдвэрлэх үүрэггүй, зүгээр л “жүжиг” болж хувирна. Учир нь шинэчлэх гээд байгаа дүрмээ ҮЗХ-ны хурлаар хэлэлцчихнэ, намын даргыг марафоноор дараа жил сонгочихно... 

Тэгэхээр Их хурал нь хот, хөдөөгөөс цугларах жирийн олон гишүүдийн хувьд санал сэтгэгдлээ хэлж, бухимдал гомдлоо тайлах талбар болоод өнгөрөх бололтой. Жир гишүүдийн үзэл бодол, санал онол нь намын шийдвэрт тусгалаа олохгүй юм бол ер нь ямар хэрэгтэй юм бэ? Хэсэг бүлэг фракцын бэлтгэсэн сценарийг баталгаажуулж, амь оруулах үүрэгтэй “жүжигчид” биш шүү дээ.

Үнэхээр намын өнөөгийн удирдлага, эрх мэдэлд нөлөөтэй байгаа фракцууд нь иймэрхүү “жүжиг дэглэх”-ээр бэлтгэсэн нь үнэн болоод биеллээ олбол Ардчилсан нам ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүгээр л тахимаа өгөхөд бэлэн болжээ. 

Өнөөдөр дарга, удирдлагаа биш дүрмээ солих гэж яарч байгаагаас нь дүгнэж үзвэл энэ намд “дүрэм мөрддөггүй дарга нар биш, дүрэм нь л өөрөө буруутай” байсан бололтой. Гэвч үнэндээ дүрмээрээ ажилладаггүй удирдлага нь л Ардчилсан намын алдаа байсан. Ахиад үүнийгээ давтах эсэхээ тэд өнөөдрийн ҮЗХ-ны хурлаараа харуулах байх.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.