Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Давхар байшинтай улаан хивстэй нь МАН, байшингийн буланд хоргодож байгаа АН

Х.Норжин, Монголын мэдээ
2016 оны 9 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ирэх аравдугаар сард орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн өнөөгийн нөхцөлд орон нутаг бол улс төрийн аль ч хүчний хувьд алдаж болохгүй зүйл.

УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан АН-ын тухайд орон нутагт “хөлтэй” болохын тулд эцсийн хүчээ шавхах бодлого барьж ажиллахыг уриалсан бол өдрөөс өдөрт нэр нь унаж байгаа МАН ч ялгаагүй орон нутгийг сөрөг хүчинд алдах учиргүйг аймаг, нийслэл, сум, дүүргийн намын бүх хороо, үүрүүддээ сануулсан байна.

Гагцхүү ялалтын тугны өнгө цэнхэр үү, улаан уу гэдгийг улс төрийн намуудын тактик, бүх шатанд ажиллах сонгуулийн менежерүүдийн туршлага, нэр дэвшигчдийн нэр хүнд, хэлж ярих зүйлээс ихээхэн шалтгаална.

АН-ын тухайд олж харж, ашиглаж чадвал ард түмний цоожилж орхисон хаалганы оньс мултрахад ойрхон буй. Орон нутгийн ИТ-ын сонгуульд нэр дэвшсэн нөхдүүдийг нь ч харахад ихэнх нь УИХ-ын болоод НИТХ-д нэр дэвшсэн улстөрчид байна лээ.

Тэд мэдлэг боловсрол, олонд танигдсан нэр нөлөө, хийсэн ажил, санаачилсан, боловсруулсан хуулийн төсөл энэ тэрээрээ МАН-аас нэр дэвшиж байгаа хэн ч танихгүй, олонд танигдаагүй залуучуудыг арчаад өнгөрч мэднэ. МАН энэ удаад лидергүйдэн балмагдаж байж мэднэ.

Д.Дэмбэрэл, Ж.Бадамжунай мэтийн луйхаруудтай тэнцэхүйц залуучуудын нэрийг дэвшүүлсэн бол тэр хэрээр сонирхолтой, жинхэнэ сонгууль болох байлаа, үнэнийг хэлэхэд.

МАН-ын мөнгө төгрөгтэй хийгээд олонд танигдсан залуу идэр улстөрчдийнх нь дийлэнх УИХ болоод нийслэлд нэр дэвшин байр суурийг эзлэн УИХ-ын гишүүн цаашлаад сайд, дарга болоод амжсан. Тиймээс орон нутагт томчуудын ар талд ажилласан бэлтгэл хангагчид л нэр дэвшиж буй.

Тэдний халаас хоосон учраас ар талд ажилласан нь ойлгомжтой. Ийм нөхдүүдээс бүрдэх намын санхүүжилт ямар байх нь ч мэдээжийн зүйл. Орох орон, унаж яваа машинаа барьцаат зээлийн газарт тавиад ч болов сурталчилгаагаа явуулах юм гэнэ. Тийм нөхдүүд орон нутгийг үнэн сэтгэлээсээ удирдаж чадах нь эргэлзээтэй.

Яг ийм босготой орон нутгийн тогоо руу АН өнгийнө. Зарим талаар хөнгөн зууш мэт санагдаж болох ч ард түмэн оньгүй. Буруу сонголт хийснээ ухаарч, орон нутгийн сонгуулиар засч залруулахыг хичээнэ эсвэл алдаа оноог нь МАН-д үүрүүлсэн шиг үүрүүлье гээд тэр чигээр нь зүтгүүлж ч мэднэ. Ямартай ч улс төрийн хүчнүүд бэлтгэлээ базааж, өөр өөрсдийн “сум”-аа тавьж эхэлжээ.

Нийслэлийн зургаан дүүрэгт тугаа хийсгэсэн улс төрийн хоёр хүчний намын хороодын үйл ажиллагаатай танилцан хоёр өдөр бэдрэхэд хоёр өөр өнгийн дүр зураг бүхий амьдрал угтаж байсныг нь энд дурдах ёстой байх.

МАН олон жил Засгийн эрхийг барьсан, намын анхан шатны нэгжээ ч бодлогоор авч явж, материаллаг баазыг нь цаг ямагт бэхжүүлж ирснийг нь дүүрэг бүрд орших намын байрны байршил, барилгын хийц загвар, гадна, дотно тохижилт зэргээс нь харж болохоор бол Ардчилсан хувьсгалаас хойш ихэнхдээ гудамжинд лааз өшиглөж яваа АН-ын хувьд туг хийсгэх түрээсийн ч болов байртай байгаа нь их юм аж.

Сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр хариугүй хаалга цохих гэж байхад л их засвар хийж байгаа гээд будаг шохой үнэртүүлж, гишүүд, нэр дэвшигчдийгээ гудамжны буланд шахам цуглуулан хуралдах дээрээ тулж байх жишээний.

Гэхдээ намуудын гал тогоо руу өнгийх аваас эв нэгдэл, зохион байгуулалт, албан тушаал, сандал ширээний төлөөх тэмцэл хэн хэнд нь л байх юм гээч. Муу нэртэй луу данстайгаараа дан ганц АН ч ийм байдаг юм биш аж. 

Байр суурийн төлөөх тулаан МАН-д байна 

МАН бага хурлаараа Орон нутгийн ИТХ-д нэр дэвшиж өрсөлдөх улстөрчдийнхөө нэрийг тодруулж, тойргийг нь хэдийн хуваарилж өгчээ. Орон нутгийн сонгуулийг удирдах ерөнхий менежер хийгээд сум, дүүргийн менежерүүдээ сонгон, намын хороод хуралдан, сонгуулийн хугацаанд ямар тактикаар ажиллахаа хэлэлцэж тодорхойлоод амжиж.

МАН-ыг боловсон хүчин, бааз суурийн хувьд хангалттай хэмээдэг ч УИХ-ын ээлжит сонгуулийн дараа намын хороодын дарга нар нь УИХ-д заларч одсон тул голомтоо сахиж үлдсэн гишүүд нь байр суурь, нэр төрийн төлөөх тулаанд АН-ын адил мордоцгоосон нь дүүргүүдийн намын хороодын өдөр тутмын байдлаас харж болохоор.

Жишээ нь, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо гэхэд л өөрийн байр савтайн дээр тохижилт, ширээ сандал, техник тоног төхөөрөмжийн хангалт энэ тэрийн тухайд ярих юм алга. Бүх зүйл нь бэлэн, зэлэн.

Гагцхүү намын үүр нь хоёр хуваагдчихаад баларч байгаа аж. Намын хорооны дарга асан н.Төмөрбаатар нь гишүүдээ хоёр хувааж орхисон юм байх. Сонгуулийн ерөнхий менежер нь нэр дэвшигчдээ цуглуулж хуралдах гэж гурвантаа зар тарааж оролдоод тусыг эс олжээ.

Бага хурлаас нэр дэвших нь тодорхой болсон дөрвөн нэр дэвшигч нь хуучин даргаа санагалзсан юм байлгүй, хаана, юу хийж яваа нь өнөө хэр тодорхойгүй байгаа гэнэ. Иймэрхүү дүр зураг бүхий байр суурь, сандал ширээ, албан тушаалын төлөөх тулаан улс төрийн хоёр хүчний аль алинд байгаа сурагтай.

Уг нь МАН-д сонгогчид ихээхэн итгэл хүлээлгэж байсан юмсан. Засгийн эрхийг авмагцаа л улсын төсвийг хэмнэнэ, тэрхүү хэмнэлт дарга нараас эхэлнэ хэмээн сүрийг үзүүлж, дэвхэцсэн ч 60 хоногийн дотор хэлснээсээ буцаж, АН-ын эхлүүлсэн, хэрэгжүүлсэн байр суурийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ бүх үйлдэл нь МАН нэрийг барж буй. Ийм байхад МАН ялна гэж хэлэхэд хэцүүхэн л байна. 

АН-д боломжууд бий, гэвч... 

АН-д ялах боломж уг нь бий. Харамсалтай нь орон нутгийн сонгууль хаяанд ирчихээд байхад ҮЗХ-ныхоо ээлжит хурлыг ч хийж чадахгүй, хурлынхаа товыг гурвантаа хойшлуулчихаад сууцгааж буй.

Баахан шинэчлэл ярьсан залуучууд л хэвлэлийн бага хурал зарлаж гүйлдээд байх юм. Тэднийг тоож байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Ямартай ч АН-ын шинэ даргыг сонгох марафон үргэлжилсээр орон нутгийн сонгуультай залгав.

Даргын асуудал түүгээрээ шийдэгдэх биз гээд орхилоо гэхэд нийслэлийн АН эзэнгүйдээд балрах дээрээ тулаад байгааг юу ч гэж ойлгомоор юм. Нийслэлийг хэн удирдаж, орон нутгийн сонгуульд орох асуудал өнөө хэр бүрхэг хэвээр. Явж явж бор халзан хонь гэгчээр өнөө муу Э.Бат -Үүлийг л гэх байх.

Үнэндээ ч түүнийг нийслэлчүүд санаж “үхэцгээх” гэж буй. Утаат улаанбаатарчуудын амьдралыг шинэчлэхийн төлөө санаачилсан, хэрэгжүүлсэн төслүүд таг зогссонд иргэд ихээхэн бухимдацгааж байгаа билээ.

Хашаагаа орон сууцаар солих хүсэлтэй гэр хорооллынхон АН-д саналаа өгнө гээд дэвхцэцгээж буй. Сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрч жилийн чөлөө авахаас өөр аргагүйд хүрсэн оюутнууд “Сайн оюутан” хөтөлбөрийг хэдийн санагалзаад эхэлжээ.

Харамсалтай нь тэр бүхний автор гэж хэлж болох Э.Бат- Үүлийг Эрүүгийн цагдаагийнхан барьж хорих гээд байгаа. Дээрээс нь АН-ын нэр дэвшигчдийг орон нутаг дахь сонгуулийн хороо хоёр гурваар нь хасаад хаячихсан байдаг. Яах вэ, энэ асуудал өнөөдөр эцэслэн шийдэгдэж, үнэн ялах биз.

МАН энэ мэт асуудлаар хөөцөлдөх нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг пиарчид нь зөвлөдөггүй л юм байх даа. Аливаа зүйлийн төлөө хэт улайрах ч гал өөр дээрээ дууддаг гэмтэй.

Ер нь орон нутгийн сонгуулийн өмнөх дүр зураг иймэрхүү л янзтай байна. Гэхдээ 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн жишгээр хэн нэгнийг нь ард түмэн сонгох нь дамжиггүй. Тэр нь харин хэн байх юм, орон нутгийг улс төрийн аль хүчин удирдах юм бэ гэдгийг одоогоор таашгүй.

Зураг