Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн тэрбумын хүчирхийлэл

О.Уянга
2016 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Нэг жолоочийг цагдаа зогсоогоод шалгаж л дээ. Гэтэл шаардсан бүхий л зүйл нь байж. Харин замын цагдаа “Бүх жолоочоос түрүүлж шаардсан зүйл бүрдүүлсэн байна” гээд торгочихож.

Нэг иймэрхүү наргиа саяхан фэйсбүүкээр баахан “давхив”. Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явуулж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн дээ.

Стандартын шаардлага гэдэг нь бас их ёжтой. Автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч байгаа эсэхийг шалгана гэж байгаа.

За цаашлаад ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгаж буй. Дээрээс нь бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтыг хэмжиж, иргэдэд 19200-аас 42 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулж байгаа юм.

Энэ их дайралт эхэлсний дараа л нэг дургүй нь хүрсэн нөхөр хошигнох, бухимдахын хооронд дээрх ёжлолыг бичихгүй юу. Өнөөдөр Улаанбаатарт цагдаа нар ёстой л баруун солгойгүй торгож байгаа.

Энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд 100 мянган автомашиныг шалгаж, жолоочийг нь торгоход л босоод ирэх юм уу даа, янз нь. 

Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх ёстой. Тэгэхээр замын цагдаа нар хэн гээч жолоочийг, хаана зогсоогоод, ямар шалтгаанаар торгох нь өөрийн дур. Машинаа угаагаагүй давхиж яваа нөхрийг дохиж зогсоогоод, “өнгө үзэмж муутай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцлоо” гээд л торгоод хаячихна шүү дээ.

Бас жаахан утаа хаяад байгаа машинтай нөхрийг бол ямар ч өчиггүй торгож болно. Үүнийг чинь “Дөрвөн тэрбумын хүчирхийлэл” гээд байгаа юм. Мань мэт нь ч ингэж хэлээгүй. Бүхэл бүтэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ мэдээллийг ард түмэндээ өгсөн.

Угаасаа л төсөв бүрдүүлэхээр торгож байгаа гэдэг нь тодорхой л доо. Өмнө нь хэзээ тэгтлээ эмийн сан, галын хор нэхдэг байлаа даа. За болъё, өнгө үзэмжтэй байх ёстой гэж хэн ч торгож байгаагүй юм шүү, харин. Гэтэл өнөөгийн эрх баригчдын үед л машинаа угаах мөнгөгүй байсныхаа төлөө торгуулж мэдэхээр болчихлоо.

Ийм л байна. Хэрвээ манай эрх баригчид, тушаал өгөгчид эрхэм жолооч нарыг эмх цэгцэд нь оруулах гэж байсан бол шууд торгохгүй шүү дээ. Ядаж сарын хугацаа өгнө. За өнөөдрөөс эхлээд нэг сарын хугацаанд жолооч нарыг эмийн сан, галын хор, ослын гурвалжинтай болохыг анхааруулж байна.

Мөн автомашины өнгө үзэмждээ анхаарч, цацруулагчтай болох хэрэгтэй. Харин сарын дараагаас шаардлагатай зүйлсийг биелүүлээгүй жолооч нарыг торгоно гэсэн бол арай өөр.

Гэтэл шууд нэг журам гаргаад, шалгаад, торгоод эхэлж байгаа байхгүй юу. Харин ямар азаар улсын төсөвт жолооч нарын халааснаас ердөө дөрөвхөн тэрбумыг татна гэсэн төлөвлөгөө гаргасан юм.

Энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд 100 мянган автомашиныг шалгаж, жолоочийг нь торгоход л босоод ирэх юм уу даа, янз нь. Цаад эрх баригчид чинь хотын биднээсээ дөрвөн тэрбумыг тэр чигээр нь татахгүй юм гэсэн.

Уул уурхайд ажиллаж байгаа том оврын автомашины жолооч нарын халааснаас 2.1 тэрбумыг нь татах сураг байсан. Тэгэхээр нийслэлчүүд бид ердөө л 1.9 тэрбумыг улсынхаа төсөвт хандивлах нь.

Эхлээд эмийн сан, галын хор, ослын тэмдэг зарж байгаа нөхдүүддээ бас хөрөнгө оруулалт хийнэ ээ. Энэ журам гарснаас хойш цагдаа нарын шаардаж байгаа бүх зүйлийг багцаар нь зарж байгаа сэргэлэн “толгой”-нууд ч гарч ирсэн байсан.

Тэднийгээ жаахан баяжуулаад, дараа нь улсынхаа төсөвт хандиваа өргөхөөс өөр яах вэ. Аз байвал торгуулах 100 мянгад нь багтахгүй ч юм бил үү, тийм биз дээ.

Зураг