Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ченжгүй монгол ногоо

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 9
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Алс хязгаараас ирсэн найз маань төд удалгүй буцаж буйгаа дуулгалаа. Ховдоос тав орчим тонн тарвас тээн ирсэн тэрбээр таван хоногийн дотор бүгдийг борлуулжээ. “Улаанбаатарт удна байх. Сэрүү буухаас өмнө хэдэн тарвасаа боломжийн үнээр борлуулмаар байна" хэмээн учирлаж байсан тэрбээр шуудайныхаа ёроолыг үзчихэж.

Мань эр ачааны машинд хэд хоног “сэгсчүүлж”, 1600 километр зам туулсныхаа хариуд тарвасаа зараад хоёр дахин ахиу орлого олжээ. “Килограммыг нь 700 төгрөгт бөөндөөд гурван сая төгрөг оллоо. Замын зардал энэ тэр гэсээр бараг сая төгрөг нь “хийсчихсэн”. Гэхдээ явсан нохой яс зууна гэгчээр чамлалтгүй” хэмээн додигор ярьж байна, мань нөхөр.

Яаж ийм богино хугацаанд борлуулсныг асуутал тэрбээр "нууц" хэмээн сэтгэл ханамжтай нь аргагүй инээв. Тэгснээ онлайнаар борлуулснаа хэлэв. Энэ санааг анх их сургуулийн оюутан хүү нь гаргажээ. Ингээд л аавтайгаа хамтран борлуулалтаа эхлүүлсэн байна.

Тэд нийгмийн сүлжээ фэйсбүүкт “Ховдын ногоог хамгийн хямдаар” нэртэй цахим хуудас нээж, час улаан амтат тарвасны зургийг үнэ, холбогдох утасны дугаарын хамт “нүүр ном”-оор түгээжээ. Фэйсбүүк хэрэглэгчид ч амтат тарвасны зургийг бие биетэйгээ хуваалцаж, сайтар сурталчилсан. Төд удалгүй захиалга авч, автомашинаар нийслэл хотод хүргэлт хийж эхэлсэн байна.

Цахимаар ногоо борлуулж буй жишээ ганц энэ биш. “Хүнсний ногоо зарж байна. Хүргэлт үнэгүй”. Ийм зарыг “нүүр ном”-ын хэрэглэгч та уншсан гэхэд эргэлзэхгүй байна. Ногоочдын зарим хоршоо, хамтрал цахим худалдааны томоохон дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж буй.

Бас фэйсбүүк хуудсанд “Ченжгүй монгол ногоо” нэртэй групп байх ба бараг хоёр мянган гишүүн элсчээ. Ногоочид зах зээлийн шинэ хэмнэл, их хотын хэрэглэгчдийн хүслийг мэдэрч эхэлсэн нь энэ. Тиймээс борлуулалтын стратегиа өөрчилж байна.

Их хэмжээний бүтээгдэхүүн авсан тохиолдолд хүргэж өгөх арга нь борлуулалтыг мэдэгдэхүйц дэмждэг гэдгийг найз маань хэлж байв. Тиймээс хамаатан садан, эсвэл албан байгууллагууд хамтраад хүнсний ногоо захиалдаг юм байна. Нэг байгууллага дунджаар 10-20 шуудай ногоо худалдан авдаг аж.

Борлуулалтаа өсгөх ийм арга манайд дэлгэрээд удаагүй. Ер нь уншигч та анзаарсан уу. Ногоочид ургацаа өөрсдөө хэрэглэгчдэд хүргэхийг хичээдэг болжээ. Ченжийн гар харалгүй, борлуулалт хийж буй ногоочидтой та ч бас таарсан гэхэд эргэлзэхгүй байна. Хүн ам шигүү суурьшсан орон сууцны хороолол, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайг зайчлан ногоогоо дэлгэжээ.

Энэ намар нийт 43 байршлын 430 гаруй цэгт хүнсний ногоо борлуулах зөвшөөрөл олгосон байна.

Зарим ногоочин ачиж ирсэн машиныхаа тэвшин дээрээс худалдаа эрхэлж ч байна. “Ногоочдын гараас “но”-гүй хүнсийг” гэсэн хаяг хадсан цэг цөөнгүй. Ногоочид өөрсдөө энд тэндгүй борлуулалт хийж буйгаас гадна тэдэнд зориулсан тусгай талбайг хүртэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж өгчээ.

Энэ намар нийт 43 байршлын 430 гаруй цэгт хүнсний ногоо борлуулах зөвшөөрөл олгосон байна. Томоохон худалдааны төвүүдийн өмнөх талбай болон хөл хөдөлгөөн ихтэй газруудад эдгээр цэг байрлаж байгаа. Нийслэлийн зүгээс энэ төрлийн худалдаанд ямар нэг татвар, хураамж ногдуулаагүй.

Зөвхөн ногоо худалдах зориулалтын саравч барьж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байхыг сануулсан. Бид эдгээр цэгийн нэг Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Бөхийн өргөө”-ний хойд талын шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг зорив. Заримынх нь худалдаа хэдийнэ жигдэрсэн байхад цөөнгүй ногоочин саравчаа шинээр босгож байлаа.

“Саравчныхаа яс модыг босгочихлоо. Одоо ус нэвтэрдэггүй материалаар бүрнэ дээ” хэмээн хижээл насны эмэгтэй хэлэв. Дэргэд нь зогсох 18-20 орчим насны хоёр хүү саравчийг нь хадаж харагдсан. Тэд их сургуулийн оюутан. Ногооноос олсон орлогоороо их сургуулийн сургалтын төлбөрөө хийхээр зэхэж буй аж. Тиймээс ч ээжтэйгээ ээлжлэн, хичээлийнхээ завсраар худалдаа хийж гэж байгаа.

Бас Улаанбаатарт ногоо хадгалах агуулах байхгүй учраас ногоогоо шөнө саравчиндаа манаж хонодог гэсэн. Хижээл насны эмэгтэй шуудайтай хүнсний ногоо руу зааж, “Эд чинь энэ жилийн төлбөр шүү” хэмээн хэлэв.

Энд 10 гаруй ногоочин бүтээгдэхүүнээ борлуулж буй. Өмнө нь дамын наймаачдын хэлсэн хямд үнээр ногоогоо “өгчихдөг” байлаа. Одоо бол боломжийн үнээр борлуулж буйгаа тэд хэлсэн.

 Ченжүүд ногоочдоос шуудай төмсийг 13 мянган төгрөгөөр бөөндөж аваад 18 мянгаар борлуулдаг. Тэгвэл ногоочид шуудай төмсийг 15 мянган төгрөгөөр өгч байна.

Өмнөх жилүүдийн жишгээр шинэ ургацын төмс, хүнсний ногоо ногоочдоос хэрэглэгчдийн гарт хүрэхдээ заавал ченжийн гараар дамждаг байсан. Дамын наймаачид хэт хямд үнээр ногоочдоос ургац бөөндөж аваад, хэрэглэгчдэд өндөр үнээр борлуулдгийг тариалан эрхлэгчид хэлдэг.

Тодруулбал, ченжүүд ногоочдоос шуудай төмсийг 13 мянган төгрөгөөр бөөндөж аваад 18 мянгаар борлуулдаг. Тэгвэл ногоочид шуудай төмсийг 15 мянган төгрөгөөр өгч байна.

Хүнс, хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүнсний ногооны үнэ бөөний ченжээс жижиглэнгийн худалдаачдыг дамжсаар багадаа 1-2 дахин нугардаг гэсэн тооцоо бий.

Худалдаачид ногооны үнэ тогтоодог бичигдээгүй хууль үйлчилж байв. Тэгвэл энэ хуульд өөрчлөлт орж эхэллээ. Ногоочдын санаачилга хийгээд шийдэл нь зах зээлд бодит үнийг тогтоож байна. Ингэснээр нэг талаас ногоочид хөдөлмөрөө ахиу үнэлүүлэх, нөгөө талаас хэрэглэгчид хямд үнээр шинэ ургац хүртэх боломжийг олгож байгаа юм. 

Зураг