Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таван хуулийг тойрсон дуулиан

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 9 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар албан ёсоор ёсчлон батлаагүй, Төрийн эмхэтгэлд хэвлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг буцаах тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Гэр бүлийн хүчирхийллийг наашлуулах асуудлаар ажлын хэсэг ажиллана’’ хэмээн тодотгосон боловч тоож сонссон хүн гараагүй бололтой. УИХ-аар шийдвэр гараад удалгүй асуудал өрнөж, мөнөөх таван хууль долоо хоногийн дотор бөөн дуулиан үүсгэлээ.

Ямар нэгэн асуудлыг ойлгохоосоо өмнө өөр өөрсдийнхөөрөө харж, тайлбарлаж, мэдээлэл түгээдэг болсон нь өнөөдрийн “онцлог” хэвшчихжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх асуудлаар гаргасан УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригт “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах..." тухай заасан.

Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.

Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна” хэмээн дурдагджээ.

“Малчин хүнийг гэрийн хорионд хорино гэж чи бодож байна уу”

Дээрх хуулиудыг 2012-2016 оны УИХ баталсан. Батлагдахдаа мөн л багагүй маргаан тарьж байсныг олон хүн санах биз ээ. Дээрх хууль батлагдахаас өмнө Эрүүгийн хуулийн хүрээнд доорх эмзэг сэдвүүд хөндөгдөж байсныг энд эргэн дурдъя.

2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өдөр тутмын сонинд “Эрүүгийн хуулийг шинэчиллээ гээд байгаа Д.Ганбат чинь Эрүүгийн хууль сөхөж ч үзээгүй хүн. Тийм хүнтэй би юу ярих юм. Том хандлагаар нь авч үзвэл шүүхийн дөрвөн хууль батлуулчихаад эд нар чинь мундаг том юм хийчихлээ гээд үсэрч байсан биз дээ.

Одоо эргээд хар. Бүгд Үндсэн хууль зөрчсөн байна. Эрүүгийн хууль гээчийн чинь согог нь мэдэгдэх болоогүй. Яг хэрэглээд эхлэхээр нь ер бусын согог дагуулна. Онц хүнд гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргийн ангиллын ойлголт, рецетив гэмт хэргийн ойлголт, зохион байгуулалттай гэмт хэргийн тухай ойлголт гээд аюултай этгээдүүдээс нийгмийг хамгаалж байдаг бүх хөшүүргийг шинэ хуулиараа авч хаясан.

Энэ хуулиуд чинь хэрэгжээд эхэлбэл эрүүгийн нөхцөл байдал чинь дахиад хоёр дахин хүндэрнэ гэдгийг хэлчихье. Яагаад гэхээр яалт ч үгүй шоронд аваачиж хийж нийгмийг хамгаалах ёстой этгээдүүд нь торгуулчихаад гэрийн хорионд байхдаа гудамжинд хийдгээ л хийнэ.

Эцсийн том дүнгээр нь авч үзвэл хөрөнгө чинээний ч ялгарал гаргасан. Хөрөнгөтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх юм бол гэрийн хорионд байгаад зувчуулсан мөнгөөрөө амьдарч, ардын хүүхэд хэрэг хийвэл шоронд явдаг тийм хууль хийчихлээ.

Эрүүгийн хууль гээчийн чинь согог нь мэдэгдэх болоогүй. Яг хэрэглээд эхлэхээр нь ер бусын согог дагуулна. 

Гэрийн хорио гэдгээ яаж ч хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тухайлбал, малчин хүнийг гэрийн хорионд хорино гэж чи бодож байна уу” гэсэн ярилцлагыг өгч байсан юм. Зөвхөн энд дурдагдсан жишээ юм бодогдуулахгүй байна уу. Төрийн өмч хулгайлсан этгээдүүд хэргээ шүүхээр шийдүүлээд “гэрийн хорио”-ны ял авчихаад, зугаалаад явах нь тэгээд шударга юм гэж үү?

Цаг хугацааг эргүүлэн харвал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анх хэлэлцсэн 2015 оны зургаадугаар сарын 25-ны УИХ-ын чуулган дээр гишүүд Д.Дорлигжав сайдын оруулж ирсэн Эрүүгийн хууль нь сайжрах биш бүр дордсон байна.

Бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулахаар болж.

Тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих оролдлого хийж байна гэж сануулсан ч экс эрх баригчид тоож сонсоогүй билээ.

Эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина

Эрүүгийн хууль амьдралд нийцээгүй талаар эрүүл мэндийн салбарынхан дөрөвдүгээр сарын 26-нд санал нэгтэй дуугарцгаасан. Дуугарсан гэвэл дэндүү зөөлдсөн болох байх.

Тэд цагаан халаадтайгаа Улаанбаатарын төв талбайд жагсаал хийж, шинэ Эрүүгийн хуульд орсон эмч нарт ял тооцох тухай хатуу заалтыг авч хаях шаардлагыг Эрүүл мэнд спортын яаманд өгсөн билээ.

Энэ үеэр салбарын сайд нь авлигын хэрэгт шалгагдаад шоронд сууж байсан тул шаардлагыг яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гардан авсныг олон хүн санаж байгаа байх.

Хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ Эрүүгийн хуульдаа эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээг гурван жил, ОХУ дөрвөн жилээр тогтоогдсон байдаг. 

Эмч нарын эсэргүүцэл одоо ид улстөржиж байгаа хуулиудын нэг Эрүүгийн хуулийн 10.1, 15.1, болон Ерөнхий ангийн 7.1 мөн 11.1 дүгээр зүйлтэй холбоотой. Эмч нар энэ хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдлэх зэрэг хүний эрүүл мэндэд, санаатай хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгтэнтэй ижил хариуцлага хүлээхээр болсон байв.

Хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ Эрүүгийн хуульдаа эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээг гурван жил, ОХУ дөрвөн жилээр тогтоогдсон байдаг.

Гэтэл эрүүл мэндийн эрхэлсэн сайдгүй, эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөртэй “ардчилсан Монгол” эрүүл мэндийн салбарынхнаа өндөр ялаар яллах гэж байгааг шударга бус хэрэг гэж үзсэн цагаан халаадтангуудаа нийгэм өмгөөлж байв.

Яг энэ орой нь Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч намайг дуудаж, эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина гэдгээ илэрхийлэв” хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэж байлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн

Хориг тавигдсан хуулиудаас хамгийн их шуугиан тарьж буй нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд болон Хүний эрхийн комиссын дарга нар хэвлэлийн хурал хийж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг мөрдөхийн тулд одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байна.

Энэ хууль 2004 онд батлагдсан. Хэрэгжээд 12 жил болсон ч сайжруулах шаардлага гарсан тул Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн бариад, хэлэлцээд үндсэндээ батлаад явж байсан. 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг.

Мөн энэ хугацаанд "95 хүн нас барсан байдаг. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн.

Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна” гэж мэдэгдэж байв. Харин нөгөө талд энэ хуулийг батлалцсан УИХ-ын гишүүн байсан эрхэм “Уг хууль эцсийн дүнд хуулиа ёсчилж батлаагүй, Төрийн эмхэтгэлд хэвлээгүй нь тухайн үед УИХ сонгууль эхэлж, ирц байхгүй болсон”-той гэдгийг хэлсэн байв.

Гэвч эдгээр үг олон хүний чихний хажуугаар өнгөрсөн бололтой. Хэзээ монголчууд нам эвсэл гэж туйлшралгүй, тулгарсан хүнд асуудлаа тал талаас нь хэлэлцээд, нийгэмдээ, цаг үедээ тохирсон шийдвэр гаргаж сурах юм бол.

Зураг