Ямар ч бичил схем, чип зэрэг биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, зөвхөн зураг дизайныг нь хийдэг Британий ARM Holdings компанийг Японы Softbank $31.4 тэрбумаар өчигдөр авлаа.
Энэ бол Microsoft-ын Nokia-г авсан үнэнээс дөрөв дахин том дүн.
Ийм үнэ хүрэх болсон шалтгаан нь ARM-ын хүч нөлөөтэй холбоотой. Одоо бол мобайл буюу хөдөлгөөнт төхөөрөмжүүд хүн төрөлхтнийг эзэгнэж байгаа цаг үе. Харин гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг бүх мобайл төхөөрөмжийн дотор ажиллаж байгаа бичил чип нь ARM-ын зураг архитектурын дагуу хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр бүх мобайл төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчид ARM-д лицензийн төлбөр төлдөг гэсэн үг.
Эдгээрийн жагсаалтад iPhone, Galaxy, Blackberry, Droid, Lumia гар утаснууд зэрэг Intel фирмийн чипийг ашигладаг төхөөрөмжүүд багтаж байна.
ARM зөвхөн мобайл процессор зохион бүтээгээд зогсохгүй, график чип, wireless сүлжээний чип, server чип зэрэг олон эд ангийн дизайныг эзэмшдэг.
Хэрвээ та ямар нэг мобайл төхөөрөмж хийх гэж байгаа бол зайлшгүй ARM-тай тохиролцох хэрэгтэй болно.
ARM бол оюуны өмчийн хүчирхэг компани юм.
ARM зөвхөн судалгааны үйл ажиллагаа явуулж нийт 4,500 орчим лиценз эзэмшдэг байна.
Их Британий хамгийн том технологийн компани гэгддэг ARM-ыг ийнхүү Япончууд эзэмших болж байна. Ажиглагчдын дүгнэлтээр Британи Европын Холбооноос гарах болсны дараа үүссэн валютын ханшийн уналт Япончуудад ийм наймаа хийх боломж олгосон гэнэ.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!