Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цагаан: “Хаданд мөнхөлсөн урлаг" ЭШ-ний хуралд дэлхийн 15 эрдэмтэн оролцоно

President.mn
2016 оны 5 сарын 23
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг удахгүй зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Уг хурлыг энэ тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулах юм.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Хадны зураг” төслийн удирдагч, Балар эртний болон Өнө эртний шинжлэх ухааны Олон улсын нийгэмлэгийн гишүүн (UISSP) П.Цагаан үг хэллээ.

Тэрбээр “Монгол орон эрдэс баялгаар арвин, үзэсгэлэнт байгальтай гэдгийг бид мэднэ. Харин Монгол орны маань уул хад нь хүртэл хүн төрөлхтний соёлын өвийг тээж байдгийг бид тэр бүр сайн мэддэггүй. Хадны зургийн нийт 500 гаруй цогцолбор манай улсад байна. Алтайн нурууны хадны зургийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн, батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг та бүхэн санаж байгаа байх.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний соёлын өв, хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор энэ тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна" гэв.

Түүний хэлснээр Монголд буй хадны зураг нь тоо хэмжээ болон агуулгын хувьд баялаг. Нэг жишээ дурдахад Алтайн нурууны 10 орчим км зурвас хэсэгт нийт 65 мянган хадны зургийг бүртгэсэн байдаг байна. Тэгэхээр энэ гайхамшигтай өвийг судалж, танилцахаар дэлхийн нэртэй 15 эрдэмтэн Монголд хүрэлцэн ирж, Монголын 100-аад эрдэмтэн, судлаачтай хамтран уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцох аж.

АНУ, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц зэрэг улсаас эрдэмтэд ирэх юм байна.

Арга хэмжээнд ЮНЕСКО-гоос гадна Монголын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон төрийн бус байгууллагууд оролцох юм. Мөн эрдэм шинжилгээний бага хурлаас гадна олон чухал арга хэмжээ болно. Тухайлбал хадны зургаас сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэн, “Алтайн хадны чулуун шастир” хэмээх гэрэл зургийн цомог, хадны бичгээс сэдэвлэсэн бүжгийн жүжиг, Үндэсний музейд хадны зургийн үзэсгэлэн зэрэг бусад олон арга хэмжээг дурдаж болох юм байна.

ЮНЕСКО-гийн Нийгмийн болон Хүмүүнлэгийн шинжлэх ухааны секторын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны хэлтсийн захирал Д.Бадарч хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн арвэннэгдүгээрд сард Францад ЮНЕСКО-гийн удирдлагатай уулзахдаа эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатарт хийх тухай хүсэлтээ уламжилсан. Үүний дагуу ЮНЕСКО-гийн ивээл дор тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Түүхийн болон соёлын өв гэдэг утгаар нь хадны зургийг ЮНЕСКО-гийн зүгээс сонирхож, онцгой ач холбогдол өгдөг. Тус байгууллага хүн төрөлхтний түүхийг бүтээх их ажлыг эхлүүлсэн. Үүний дагуу “Дэлхийн хүн төрөлхтний түүх” хэмээн долоон боть ном гаргасан. Олон улсын 400 орчим эрдэмтэнг урьж, 30-аад хүний бүрэлдэхүүнтэй эрдмийн зөвлөл олон жилийн хугацаанд энэ номыг бүтээсэн. Дараа нь Латин Америк, төв Азийн түүх гэх мэт бүс нутгийн түүхийн талаар номууд гаргасан. Эдгээр ном, бүтээлд хадны зураг чухал үүрэгтэй. Хүн төрөлхтний цаасан дээр буулгасан түүх ойроцоогоор 5,000 жилд хамаарна. Тэгвэл хадны зураг 50 мянган жилийн түүх өгүүлдэг. Бүр Индонезийн нэгэн агуйгаас олдсон хадны зургийг 200 мянган жилийн настай гэж эрдэмтэд үзсэн.

ЮНЕСКО нь хадны зургийг хүн төрөлхтний соёлын давтагдашгүй өв хэмээн үзэж сүүлийн жилүүдэд дэлхийн 20-иод орны 30 гаруй хадны зургийг албан ёсоор бүртгэж аваад байна. Үүнд манай Алтайн нурууны хадны зургийн цогцолбор багтаж орсон. Мөн ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн урьдчилсан бүртгэлд Монголын хоёр ч газрын хадны зургийг оруулсан.

Иймээс “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулах нь онцгой ач холбогдолтой санаачилга хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос дэмжин хамтран ажиллаж байгаа юм” хэмээв.

 “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр