"Монгол, Хятадын цахим, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага" дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо.
Уг уулзалтад оролцохоор дөрөвдүгээр сарын 23-30-ны хооронд долоо хоногийн томилолтой гарсан би уншигч та бүхэнтэй аян замын тэмдэглэлээсээ хуваалцаж байна.
Дөрөвдүгээр сарын 24-ний өглөө Эрээн хотод очсон биднийг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал тэргүүтэй төлөөлөгчид угтсан юм. Эндээсээ 460 км-ийн зайд байрлах ӨМӨЗО-ны төв Хөх хотыг зорин хөдөллөө.
Зам дагуу үе үехэн хонь, адуун сүрэг бэлчихтэй тараалдах бөгөөд нэг сүрэг 100 гаруй хоньтой бололтой. Шавар байшин, эсгий гэртэй айлууд нь гаднаа бага хэмжээний салхин сэнс, нарны зай хураагууртай. Яг л Монголын говьд явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Таван цаг хурдны замаар давхисан бид оройн 18:00 цагийн орчимд Хөх хотод ирлээ.
ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруун тийш 2,400 гаруй км, урдаас хойд зүгт 1,700 гаруй км, нийт нутаг дэвсгэр 1,183 мянган кв.км талбайтай. Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн 1\8 хувийг эзэлдэг.
Дэргэдээ Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай гэсэн есөн хот, Хянган, Шилийн гол, Алшаа гэсэн гурван аймагтай бөгөөд Өөртөө Засах Орны төв нь Хөх хот юм. ӨЗО-д нийт 102 хошуу, шянь/хот, дүүрэг/-тай.
ӨМӨЗО-нд Монгол, Хятад, Манж, Хотон, Дагуур, Эвэнк, Орцон, Солонгос, Шивээ, Түжя, Дүншян, Мяо зэрэг 55 үндэстэн ястан амьдардаг ба нийт хүн ам ойролцоогоор 25 сая юм байна. Нийт хүн амын 17.1 хувь буюу 4.5 сая орчим нь Монгол гарал угсаатай.
Дөрөвдүгээр 25-ны өдрийн үдээс өмнө бид Өвөр монголын өдрийн сонин, Солонго мэдээллийн төв болон “Монгол өвс” компанид зочилсон юм.
“Монгол өвс” компани нь цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуурай чийг багатай хөрсөнд, халуун, хүйтэнд тэсвэртэй ургмалыг бойжуулан тарьж ургуулах ажил хийдэг юм байна.
Мөн устаж буй ховор ургамлуудыг нөхөн сэргээх, үрийг нь шинээр гаргаж авахад анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ажээ. Энэ ажлыг нь ч төрийн бодлогоор дэмждэг гэдгийг тус компанийнхан хэлж байлаа.
Цөлжилтийг саармагжуулах, ногоон байгууламжийг их хэмжээгээр бий болгох ажил үр дүнд хүрч байгааг Хөх хотын гудамжаар явж байгаа хэн ч харж болохоор. Дөрөвдүгээр сарын 20-ны үеэр цаг агаар 20 орчим хэмийн дулаантай байхад модод хэдийн ногоорч, өнгө өнгийн цэцэгс алаглаж харагдана.
16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Мэнню сүүний үйлдвэрийн байр тун өвөрмөц зохион байгуулалттай. Үйлдвэрлэлийн үе шат бүрийг хүссэн хүн харах боломжтой бөгөөд шилний цаанаас бүрэн автомат үйлдвэрийн ажилтай танилцдаг юм байна.
Нэг тал руугаа шилэн, нөгөө талаараа тус үйлдвэрийн байгуулагдсан цагаас хойших үйлдвэрт ашиглаж байсан тоног төхөөрөмж, хамтран ажиллагч байгууллагуудын танилцуулга, үе үеийн бүтээгдэхүүний сурталчилгаа гээд хүнд үзүүлж болох бүхнийг музей байдлаар байрлуулсан байлаа.
Шилэн цонхоор үйлдвэрийн дамжлага, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэдээ нэгд нэгэнгүй үзүүлж тайлбарладаг тойрон аяллыг байнга зохион байгуулдаг гэнэ.
Аялалд оролцож буй хүн бүрт алаг даавуун улавч өмсгөж, ариун цэвэр сахидаг юм байна. Энэ танилцах аялал хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд аялалын төгсгөлд амтат мөхөөлдсөөр дайллаа.
Эндээс Хөх хотын бас нэгэн томоохон бүтээн байгуулалттай танилцахаар Үүлэн компьютерийн аж үйлдвэрийн паркыг зорилоо.
Компьютерийн Үүлэн /Cloud/ системийн үйлчилгээний төвлөрсөн бүсийг Хөх хотод бий болгох ажил ид үргэлжилж байна. Энэхүү байгууламжаа ашиглан Хөх хот Хятадын оюуны төв болох зорилготой байгааг онцолж байлаа. Үйлдвэр, ногоон байгууламж, технологийн дэвшилтэй танилцан, Хөх хотоор нэг өдөр аялсан бид хот байгуулалт, ногоон байгууламжийн сайхныг биширсээр байсан юм.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр "Монгол, Хятадын цахим, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага" болж, хоёр талын цахим мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжил чиг хандлагын талаар танилцуулах илтгэл тавьж, ярилцлаа.
Уулзалтын үеэр хоёр орны цахим мэдээллийн хэрэгслүүд томоохон үйл ажиллагааг хамтран сурвалжлах, харилцан сэтгүүлч томилж ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтууд зохион байгуулах гэх мэт саналууд гарч байсан юм.
Дөрөвдүгээр сарын 27-ны өглөө эртлэн босож Хөх хотоос 300 гаруй км зайтай Ордос хотыг зорин хөдөллөө.
Хурдны зам дагуу сүрлэг өндөр уулс, огтхон ч тасрахгүй ногоон байгууламж хөвөрнө. Дөрвөн цаг орчим давхисан бид Ордос хотод ирлээ. Цэгцтэй цэвэрхэн хот төлөвлөлт, том том хорооллууд байх боловч гудамжаар хүн явж харагдахгүй. Таван эгнээтэй өргөн замаар ганц нэгхэн машин явж харагдана. Ингэж хэсэг явсаар хотын төвд очиход хөл хөдөлгөөн нэмэгдлээ.
Улаанбаатар шиг байшин барьчихаад сүлжиж зам тавих бус замаа өргөн тавьчихаад байшингаа барьсан нь илхэн харагдана.
Барилгыг ёстой л хүссэнээрээ барьсан архитекторын гайхалтай шийдлүүдийг эндээс харж болно. Номын санг ном шиг, галлерейг шувууны үүр шиг, үзвэрийн танхимыг малгайн хэлбэртэй барьжээ. Буудлын өрөөнд байсан сэтгүүлүүдээс харвал эдгээр барилгуудын бүтээн байгуулалт сүүлийн таван жилд л хийгдсэн байлаа.
Ордос хотод ирсэн бидний гол зорилго Чингис хааны онгоны тахилгад оролцох байсан юм. Чингис хааны онгон Ордос хотын төвөөс 65 км зайтай юм байна.
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг тахиж байдаг бөгөөд өмнө мөнхийн зул бадраатай байдаг ажээ.
Жил болгоны билгийн улирлын гуравдугаар сарын 21, тавдугаар сарын 15, есдүгээр сарын 12, аравдугаар сарын шинийн 3-нд Их хааны онгоныг тахидаг бөгөөд тахилгын үеэр заавал хур бороо ордог хэмээн хүмүүс ярьж байсанчлан хоромхон зуур хүчтэй шуурч, бороо орон чийг ханхаллаа. Үүнд нь тахилгад оролцож буй хүмүүс таатай байх бөгөөд "Их хаан хур хайрлалаа" хэмээн бэлгэшээнэ.
Өдгөө Чингис хааны онгон Өвөр Монгол төдийгүй Хятад улс даяар нэртэй аялал жуулчлалын газар болж, зорин очих хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байгаа ажээ. Энэ удаагийн тахилгад гэхэд л 100 мянга гаруй хүн ирж, оролцсон байна.
Дөрөвдүгээр 28-нд Хөх хотод буцаж ирсэн биднийг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзсан юм. Тэрбээр Ерөнхий консулаар томилогдоод сар орчмын хугацаа болж байгаа аж. Монголчууд суралцах, эмчилгээний, аялал жуулчлалын зорилгоор Хөх хотод их ирж байгааг Консул хэлж байлаа.
Одоогийн байдлаар Хөх хотод Монголын 1,000 гаруй оюутан суралцаж байна. Тэдний дийлэнх нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаа ажээ.
Энд хүрээд бидний ажил, аялал хосолсон хөтөлбөр өндөрлөж, дөрөвдүгээр сарын 29-ний өглөө эртлэн босож нутгийн зүг буцсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!