Аливаа хэлний хэлц гэдэг тухайн хэлнийхээ охь дээж болсон, тэр ард түмний соёлыг тээсэн эрдэнэсийн сан нь юм.
Тиймээс энэ удаагийн эх хэлний хичээлийг “Монгол хэл соёл цуврал”-аас хүргэж байна. Уг толь нь хэлцийн үүсэх болсон гарлын шалтгаан, соёл сэтгэлгээний учир холбогдлыг тайлбарласан нь давхар танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой.
Өглөө эрт босож
Өндөр уулын оройд гар – Өглөө эрт босож байх тухай, биеэ чийрэгжүүлэх тухай хэлц
«Зүйр цэцэн үг бол олон үе зууны хам олны туршлагаар батлагдсан шинжлэх ухааны маягийн сэтгэлгээний үр шим, өвөрмөц бодрол, философийн гаргалгууд оршиж байдаг гэж болно. Чингэхдээ байгаль хийгээд нийгмийн зүй тогтлын шинжтэй юм үзэгдлийг нээж гаргадаг онцлогтой.
Ер нь зүйр цэцэн үг болгоны цаана нэг нэг эрдэм ухаан байна гээд хэлчихэд хэтрүүлсэн хэрэг болохгүй болов уу. Хэдийгээр энэ нь орчин цагийн шинжлэх ухааны шинжилгээтэй зүйрлэж болохгүй ч гэсэн туршлагаар батлагдсан зүйл байж болдог.
Жишээ нь: Дээрх зүйр үг өнгөц ерийн байдлаар ажиглахад эрт босож байх тухай, бие чийрэгжүүлэх тухай сургаал мэт боловч шинжлэх ухааны талаасаа болохоор хүний бие эрхтэн доторх даавруудын зарим нь өглөөний нарны анхны туяагаар идэвхжиж, тэр эрч хүчээрээ бүхэл өдрийн турш хүний бие махбодыг сэргээн сэргэлэн тунгалаг өнжүүлдгийг туршлагаар нотолсон байна. Гэтэл энэ мэдлэгийг хоёрхон шадад багтаан хайрцагласан байх юм.
Сайхан алхах гээд
Доголон алхав – 1. Сайжруулах гэсэн биш шал дортгох гэсэн утга 2. Бусдыг сохроор дуурайх гэсэн санаатай хошин хэлц
«Эрт урьдын цагт нэгэн хүн хөрш зэргэлдээ улсын хүмүүсийн алхаа нь асар сайхан гэж сонсоод, тэнд хүрч тэдний сайхан алхааг сураад эндэх муухай алхаагаа өөрчлөхөөр шийджээ. Тэгээд тэр зэргэлдээ улсад очоод өдөр бүр захад хүрч тэндхийн хүний сайхан алхааг анхааран суралцжээ. Гараа хэрхэн савах, хөлөө яаж өргөх, тавих зэрэгт удтал дуурайн сураад, сэтгэл таатай улсдаа буцаж гэнэ.
Тэр хүн хөрш улсын сайхан алхааг нутгийн хүмүүстээ заах гэсэн боловч түүний шинэ алхаа гишгээг нутгийн хүмүүс нь сонирхон магтаж дуурайх байтугай харин ч бүр амаа таглан шоолж инээцгээжээ. Уг нь энэ хүн бусдын сайхан алхааг сурах гэж дэмий л дэрвэсээр байгаад урдах алхаагаа ч мартаад , шинийг нь сурч чадсангүй, хоёрын хооронд гурвын дунд доголон алхах болсон гэнэ.»
Уул усны ойр нь дээр
Ураг төрлийн хол нь дээр – Ах дүү, ураг садны хүмүүс хол байх нь сайн муу явавч нэгэндээ тээр дараа, нэрэнд сэв болохгүй, ойр байснаасаа дээр, зөв юм гэсэн санаа
Монголчууд эрт дээр цагаас нэг омог яснаас ураг барилдахыг цээрлэдэг. Охиноо эрд гаргах, хүүдээ бэр сонгохдоо нутаг орны холыг сонгож ирсэн нь цус ойртохоос сэрэмжилж байгаа хэрэг аж.
Нөгөө талаар ураг төрлийн хол байх нь залуу эр эмийн биеэ дааж амьдрах, хадмууд хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралд хошуу дүрэхгүй байх, улмаар хов жив гарахаас болгоомжилж байсан зэрэгтэй холбогдож дээрх хэлц гарчээ.»
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!