Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог цочмог халдварт өвчин бөгөөд бусад халдварт өвчнийг дархлаажуулалтаар хяналтанд авахын хэрээр манай улсад ойрын ирээдүйд ихсэх хандлагатай халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна.
Манай эрдэмтэд одоогийн байдлаар салхинцэцэг-бүслэх үлдийн вирүсийн 22 омгийн нүклеотидийн бүрэн дарааллыг тогтоогоод байна.
Халдвар дамжих зам: агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварлана.
Шинж тэмдэг: Салхин цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.
Тууралт: Арьсан дээр гарсан тууралт нь дотроо шингэн агуулсан, жижиг улаан толбо байх бөгөөд дунджаар 250-500 ширхэг байна. Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг.
Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. Энэ вакциныг 12-18 сартай болон 12 хүртлэх насны хүүхдэд тарихыг зөвлөсөн байдаг. Вакцин тариулснаас хойш 6 жил хүртэлх хугацаанд 70-90% хамгаалах дархлаа тогтдог болохыг судалгаагаар тогтоосон.
Салхин цэцэг өвчтэй хүүхэдтэй хамт байсан хүүхдийг 3 хоногийн дотор энэ вакцинд хамруулбал өвчнөөс сэргийлэх, өвдсөн ч явц нь хөнгөн байх ач холбогдолтой. Мөн салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг дархлаажуулалтанд хамрагдаагүй 13-аас дээш насны хүүхэд эсвэл хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүст тарьж болно.
Харшил, дархлал дутмагшилтай хүмүүс, нярай хүүхдэд энэ вакциныг хийхгүй байх заалтууд байдаг. Түүнчлэн салхин цэцгийн вирүсийн эсрэг иммуноглобулиныг халдварт өртсөнөөс хойш 96 цагийн дотор хэрэглэхэд өвчнөөс сэргийлэх эмчилгээний үр дүнтэй.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хүн амын генетик, биотехнологи үйлдвэр судалгааны төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!