Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулахтай холбоотойгоор ашиглалтын хугацаа дууссан микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Д.Болдоос тодрууллаа.
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер микро автобусыг шугаманд явуулахгүй байх шийдвэрийг чухам яагаад гаргах болсон бэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд 5012 гэсэн стандарт тавигддаг. Энэхүү стандартад нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа их, бага, дунд багтаамжийн автобуснууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан тохиолдолд хасагдах ёстой гэсэн шаардлага байдаг.
Манай нийслэлийн тээврийн газарт 350 орчим бага оврын автобус буюу микро автобус бүртгэлтэй байгаа. Үүний 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн. Тиймээс энэхүү шаардлагын дагуу стандарт хангахгүй байгаа микро автобусыг шугаманд явуулахгүй байх шийдвэрийг гаргасан.
-Тэгэхээр эдгээр микро автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн үг үү?
-Энэхүү асуудлыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, стандарт хэмжил зүйн газар удирдлагын хэмжээнд ярилцаж байна.
Мөн бага оврын автобус хэрэглэгчдийн холбоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн сайд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт автобусны стандартын асуудлыг багахан хугацаагаар сунгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн тээврийн газрын удирдах зөвлөл хуралдаад дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл хойшлуулаад байна.
-Энэхүү стандарт нь зөвхөн микро автобусанд л тавигддаг уу. Эсвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бусад тээврийн хэрэгсэлд хамаарах уу?
-Зөвхөн микро автобусанд энэхүү стандарт хамаардаг юм биш. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус болон такси, автомашинуудад ч хамаатай.
Гэхдээ том оврын автобус болон үйлчилгээнд явж байгаа таксинуудын хувьд микро автобус шиг хүндрэлтэй төвшинд хүрсэн асуудал одоохондоо байхгүй байна.
-Микро автобуснуудыг явуулахыг хоригловол нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобусны ачаалал нэмэгдэнэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Нийтийн тээврийн газар иргэдэд хүртээмжтэй, доголдолгүй, аюулгүй нийтийн тээврээр үйлчлэхийг зорьдог. Гэтэл Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа ихэнх микро автобус стандартын шаардлага хангахаа больсон байгаа.
Тиймээс стандартын дагуу зайлшгүй хасагдах ёстой. Гэхдээ 350 орчим микро автобусыг стандарт хангахгүй байна гэсэн шаардлагаар хаслаа гэхэд энэ үйлчилгээний орон зайг нөхөх боломж үнэхээр хүндрэлтэй. Мэдээж шууд төсвөөс мөнгө гаргаад шинэ микро автобус оруулж ирэх боломж байхгүй шүүдээ.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудад жилд хэдэн удаа хяналт шалгалтыг хийдэг вэ?
-Нийслэлийн нийтийн тээврийн газар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бүх автомашинууд болон автобуснуудад жилд хоёр удаа техникийн үзлэг, шалгалт хийдэг. Үүнд техникийн бүрэн бүтэн байдал, гадна болон доторх цэвэрлэгээ зэрэг бүх л зүйлс хамрагддаг.
Мөн одоо явж байгаа нийтийн тээврийн жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, автобусын зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгоод байна. Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуй нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах” тухай албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлээд байна.
-Бүртгэлтэй байгаагаас гадна хувийн микро автобус хулгайгаар явдаг асуудал байдаг. Үүнд хяналт тавьдаг уу?
-Нийслэлийн авто тээврийн газар 27 улсын байцаагчтай. Тэд үйлчилгээнд гардаг 77 чиглэлийн 900 орчим том оврын автобусанд өдөр бүр хяналт тавьдаг. Тиймээс маш их ачаалалтай ажилладаг. Энэ асуудалд анхаарлаа хандуулсаар хулгайн микротой тэмцэх боломж гардаггүй.
Нэмж хэлэхэд, 12 жилээс доош насжилттай, нийтийн тээвэрт тавигддаг стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй иргэд хэд хэдээрээ нийлээд хоршоо байгуулж, манай байгууллагатай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Хамгийн гол нь тавигдах стандартуудыг л бүрэн хангасан байх хэрэгтэй. Бид үйлчилгээнд явж байгаа микро автобуснуудаас янз бүрийн татвар шимтгэл авдаг асуудал байхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!