Эрүүгийн хуулийн ОНЦЛОХ ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр УИХ-аар баталсан билээ.
Шинэчилсэн хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Ингээд Эрүүгийн хуулийн онцлох өөрчлөлтүүдийг iKon.mn нэрлэж байна.
НЭГ. ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА->ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
Өмнө нь “Гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн энэ хуулиар тодорхойлно” гэж бичсэн байдаг бол шинэчилсэн найруулгад эрүүгийн хариуцлагыг ял, албадлагын арга хэмжээ гэж нэрлэжээ.
ХОЁР. ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА
Гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял оногдуулна:
- торгох;
- нийтэд тустай ажил хийлгэх;
- Зорчих эрхийг хязгаарлах;
- хорих;
- эрх хасах.
ӨӨРЧЛӨЛТ: Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих зэрэг ялын төрлийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд түгээмэл ашигладаг бөгөөд эрх хасах нь зөвхөн автомашин жолоодох эрхээр хэрэглэгдэж хэвшсэн. Энэ заалтыг өргөжүүлж мэргэжлийн эрх хасах /жишээ нь: багшлах, эмчлэх, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах/ хэлбэрээр хэрэглэх юм.
Зорчих эрхийг хязгаарлах /гэрийн хорионд байлгах/ ялын төрлийг гадаадын орнуудад түгээмэл хэрэглэдэг бөгөөд ялын төрөл зүйлийг олон болгох, хэрэгтний хийсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл эдлүүлэх зорилгоор нэмж оруулсан.
ГУРАВ: ТОРГОХ ЯЛЫН НЭГ НЭГЖ НЬ 2,000 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦҮҮ БАЙНА
Эрүүгийн хуулийн ялын төрөл болох торгох арга хэмжээний нэг нэгжийг 2,000 төгрөгтэй тэнцүү байхаар тогтоожээ. Ял авч буй этгээд торгох ялын хүрээнд шүүхээс тогтоосон нэгжийг 2,000 төгрөгөөр үржүүлж төлөх юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” хэмээн заасан байдаг.
ДӨРӨВ: ӨСВӨР НАСНЫ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАХ
Гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас хүрсэн ба, 18 насанд хүрээгүй хүүхдүүд энэ бүлэгт хамаарна. Өсвөр насны хүнд оногдуулах ял нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан байх ажээ.
Өсвөр насны хүнд
- Нийтэд тустай ажил хийлгэх
- Зорчих эрхийг хязгаарлах
- Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг оногдуулна хэмээн заажээ.
Гэхдээ энэ хуульд найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй ажээ.
ТАВ: ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ХАСАВ
“Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”
“Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
ЗУРГАА: ХҮНИЙГ САНААТАЙ АЛСАН БОЛ ДООД ТАЛ НЬ НАЙМАН ЖИЛ ХОРИГДОНО
Одоо мөрдөгдөж буй хуулиар хүнийг санаатай алах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөлгүйгээр 10-15 жил хүртэл хорих ял оногдуулдаг байсан бол шинэчилсэн найруулгаар 8-15 жил болж доод хэмжээ нь хоёр жилээр буурсан байна.
ДОЛОО: МОНГОЛ УЛС ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛОВ
Хэдийгээр Монголчууд цаазын ял гүйцэтгэхгүй байгаа ч одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд цаазаар авах зүйл заалт байсан.
Тэгвэл шинэчилсэн найруулгаар цаазаар авах зүйлийг бүрмөсөн хасжээ. Ингэснээр Монгол Улс цаазын ялгүй орон болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
