ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг баталжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 17
iKon.MN

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Ерөнхий сайдын зөвлөх мэдээлэл хийлээ.

 

Эрчим хүчний цогцолбор байгуулах асуудлыг хэлэлцлээ

Хуралдаанаар эрчим хүчний цогцолбор байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах тухай шийдвэрийг Засгийн газар арван сарын 27-нд гаргаж, бэлтгэл ажил хангах, төслийн нэгж байгуулахыг “Эрдэнэс МГЛ” компанид даалгасан.

Нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах ажил бол анхны томоохон хэмжээний бүтээн байгуулалт юм. Энэ бүтээн байгуулалтанд хамтран оролцож байгаа Хятадын талаас нэг жилд 34 сая тонн нүүрс олборлох уурхай байгуулах санал тавьсан байна. Уг эрчим хүчний цогцолбор нь манай улсын одоогийн үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг найм, ес дахин нугалах хэмжээний буюу 9240 мегаватт хүчин чадалтай өндөр хэмжээний цахилгаан станц юм. Дээр нь найман сая кВт цахилгааныг шууд дамжуулах агаарыг шугам байгуулах ажил хийгдэх аж. Энэ төсөлтэй холбоотой манай улс нүүрс, усаар хангах үүрэг хүлээсэн байна.

Нүүрсний хэмжээтэй холбоотой асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан байна. Тэрбээр нэг жилд 34 сая тонн нүүрс эрчим хүчний цогцолборт хэрэглэх юм бол ашигтай ажиллах эхний 30 жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэгтэй байна.

Гэтэл түшиглэн байгуулж байгаа “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордын тогтоогдсон нөөц бол 600 гаруй сая тонн юм. Энэ нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч болохыг танилцуулж ”Шинэ шивээ” гэж Төрийн өмчит “Шивээ-Овоо” компаний зэргэлдээ томоохон орд эзэмшдэг компани байдаг. Энэ компаний эзэмшлийн талбайд 1 тэрбум гаруй нөөц байгаа нь тогтоогдсон. Тиймээс “Шинэ Шивээ” компанитай “Эрдэнэс МГЛ” компани энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хэлэлцээр хийж, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригтод нүүрсээр тасралтгүй хангах үүрэг өгчээ.

0-5 хүртлэх насны хүүхдийн 20-30 хувь нь А, Д амин дэмийн дутагдалтай байна

Өчигдрийн хуралдаанаар Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийг баталжээ. Мянганы зорилтын хөтөлбөрт 1990 оноос 2015 он гэхэд Хүн амын хоол тэжээлийн дутлыг зургаа дахин бууруулна гэсэн зорилт тавьсан нь хангалттай биелсэн гэсэн дүгнэлтийг ЭМСЯ-наас өгсөн аж. Гэвч чанар, эрүүл хооллолтын асуудалд онцгой анхаарах шаардлага байгаа учраас Хүн амын хоол тэжээлийн хөтөлбөрийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзэн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.

Хэдийгээр томоохон зорилт хэрэгжсэн ч хоол тэжээлтэй холбоотой хэд хэдэн асуудал байгааг Үндэсний статистекийн хорооноос гаргасан зарим тоо баримт харуулж байна. Тухайлбал 0-5 хүртлэх насны хүүхдийн хооллолтод онцгой анхаарах шаардлагатай. Учир нь 0-5 хүртлэх насны хүүхдийн 10 гаруй хувь нь өсөлтийн дутагдалтай, 1.6 хувь нь тураалтай, мөн насныхны 20-30 хувь нь А, Д амин дэмийн дутагдалтай байна гэсэн судалгаанууд гаргажээ. Энэ бүхэнтэй уялдуулаад өсвөр болон балчир насны хүүхдийн хоол хүнсний асуудалд онцгой анхаарахыг энэ хөтөлбөрт тусгасан байна.

1990 оноос хойш Монгол Улс өөрийн нутагтаа үйлдвэрлэдэг байсан органик, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь тодорхой хэмжээгээр буурсан. Гадаадаас оруулж ирдэг хүсний бүтээгдэхүүний хэрэглээ эрс өссөн. Ингэснээр стандарт хэмжээнээс илүү сахар, давс, тослог агуулсан хүнсний бүтээгдэхүүн өргөн сүлжээгээр зарагдаж байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтиийг судлаачид хийсэн байна.

Мөн судалгаагаар Монголын нийт хүн амын 50 гаруй хувь нь илдүүдэл жинтэй байгаа, иргэдийн хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн өвчлөл үүсгэж байгаа гэсэн дүгнэлтүүд байгаа. Энэ бүхнийг арилгахын тулд Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Жил бүр энэ асуудлаар ямар арга хэмжээ авах төлөвлөгөө гаргаж ажиллахыг ЭМС-ын сайдад, үүнтэй холбоотой хөрөнгийг жил болгоны төсөвт суулгаж, хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллахыг Сангийн сайдад тус тус даалгасан байна.