Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг гэх намбалаг эмэгтэйг уншигчид маань тайз, дэлгэцийн олон сайхан дүрээр нь андахгүй. Орчин цагийн урлагийн ай савд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон арван кино, жүжигт дүрээ мөнхөлсөн түүнийг энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа.
Урлаг, тэр дундаа драмын урлагт бүх насаараа зүтгэж яваа гавьяатыг уншигчид маань Архангай аймгийн Хайрхан сумд төрж, өссөн гэдгийг нь мэдэх биз ээ. Ингээд олныг нуршилгүйгээр Монголын урлагийн ажилчдын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж буй Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалагтай хөөрөлдсөнөө хүргэе.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе Монголын алтан үеийн жүжигчдийн ханцуйнаас шүүрсэн азтай, ховорхон хүнтэй уулзаж, ярилцаж байгаадаа баяртай байна?
-Маш их баярлалаа. Тийм ээ, би өөрийгөө их азтай бас хувьтай хүн гэж боддог. Намайг театрт анх ирэхэд алдарт Шукар буюу Чимэд-Осор, Цагааны Цэгмид, Бат-Очир гуай гурав театрыг эзэгнэж байсан. Тэд бишрэл, айдас хоёрыг зэрэг төрүүлсэн бурхад байлаа шүү дээ.
-Гэхдээ л та тэдний дараагийн үеийн жүжигчдийн нэг биз дээ?
-Тийм ээ, үнэн. Тэдний дараах үе бол театрт нэгэн үеийн шинэ залуу жүжигчин, найруулагчид орж ирсэн юм. Тэдний нэг нь би яах аргагүй мөн.
-Тантай хамт театр хэн, хэн орж байсан юм бэ?
-Найруулагч Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, жүжигчин С.Дамдин, Г.Мягмарнаран, З.Жарантав, Н.Сувд, О.Норолхоо гээд бид театрын гурав дахь үеийн уран бүтээлчид болж байлаа.
-Мэргэжлийн уран бүтээлч болох зам тань тийм ч амар, дардан, шулуун байгаагүй нь мэдээж. Анх урлагт хөл тавьж байсан үеэ дурсахад ямар бодол төрдөг вэ?
-Үнэхээр амар, хялбар байгаагүй ээ. Одоо эргээд санахад их сайхан байдаг. Хүүхэд байхад манай гэр Соёлын ордонтой их ойрхон байсан юм. Нэг өдөр найзтайгаа мотоциклийн ард суугаад Соёлын ордон дээр яваад очлоо. Орсон чинь тайзан дээр нэг хүүхэн дуулж байна.
-Их сургуульд элсэх шалгалтаа өгч байгаа нь тэр үү?
-Тийм ээ. Дараа нь миний нэрийг дуудаж, би тайзан дээр гарлаа. Шүлэг уншиж чадах уу гэж байна. Чадна гэж хэлээд Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би... гээд л үгээ мартаад таг болчихсон.
-Яагаад тэр вэ, сандраад уу?
-Мэдээж шүү дээ.
-Хөгжилтэй юм аа. Тэгээд юу болсон бэ?
-Тэр үед залуучуудын дуулж хит болж байсан “Шөнийн бороо” гэдэг том дууг дууллаа. Үзэгчид инээгээд л байна. Тэгж байтал этюд хийнэ ээ, цаашаа ороод байж байгаад гараад ир гэдэг юм байна. Ээж чинь үхчихэж яана аа гэлээ шүү. Би үнэн голоосоо “Үгүй байх аа, ээж ажилдаа явсан” гэхэд танхим дүүрэн инээд боллоо. Би ч инээлээ. Тэгсэн шалгалт авч байсан эгч “Ээж чинь үхчихсэн гэж байхад яахаараа инээгээд байдаг билээ” гэхэд гэнэтхэн айгаад уйлчихсан. Ингэж л би УБДС-ийн Кино драмын ангид орох анхныхаа шалгалтыг өгч байлаа шүү дээ.
-Үнэхээр хөгжилтэй хэрнээ сайхан түүх юм. Танаас шалгалт авч байсан тэр эмэгтэй таны багш болсон гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Надаас анхны минь шалгалтыг авсан өнөөх гоё эгч бол Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Ренцэнноров гэдэг үзэгч түмэн, урлагийнхандаа гайхагдсан, сор болсон хүн байсан. Энэ хүний инээмсэглэсэн сайхан нүдэнд нь би өртөж жүжигчин болсондоо багшдаа залбирч явдаг.
-Ингэхэд хэдэн онд болсон явдал вэ?
-1967 он шүү дээ. Анх удаа конкурс гэж их, дээд сургуулийн элсэлтийн шалгалж эхэлж, Улаанбаатар хотод ирж шалгалт өгдөг байлаа. УБДС дээр гурван өдөр шалгалт өгч, хорин хэдүүлээ нэг ангид орсон. Дээд мэргэжилтэй найруулагч, жүжигчин бэлтгэх гурав дахь элсэлт нь манай ангийнхан байсан юм.
-Оюутан ахуйн цаг адал явдлаар дүүрэн өнгөрдөг. Эргээд бодоход дэндүү богино хугацаа шиг санагддаг. Дөрвөн жил бол шуураад л өнгөрсөн байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Батсүмбэрийн сангийн аж ахуйд очиж хадлан хадаж, би тогооч хийж ингэж л оюутан ахуй цаг минь эхэлсэн дээ. Манай ангид урлагийн салбарт ажиллаж байсан ахмад хүмүүс, 10 жилээ төгссөн хүүхдүүд хуваарилагдаж оюутны дөрвөн жил хөгжилтэй, хөөртэй, содон зүйлээр дүүрэн өнгөрсөн. Баяртайгаараа инээлдсээр ахмад нэгэн нь залуусаа даган хөгжиж, залуус нь ахмадуудаа даган ухаан сууж, 1971 онд сургуулиа төгссөн дөө.
-1971 он гэхээр та их сургуулиа дөнгөж төгсөөд л театрт очсон байх нь?
-Уг нь би сургуулиа төгсөөд гэртээ харина гэж бодож байсан.
-Тийм гэж үү. Тэгээд яаж яваад театрт жүжигчнээр орчихсон юм бэ?
-Соёлын яам дээр биднийг хэрэгцээтэй газар нь хуваарилсан. Намайг Улсын драмын эрдмийн театрт хуваарилсан. Ингээд Б.Цэцэгбалжид агсан, Ё.Гантөмөр, Ж.Батбаяр бид дөрөв их театрын үүдээр алхаж орсноор миний урлагт зүтгэн ажиллаж, амьдарч яваа 40 гаруй жилийн зам мөр маань эхэлсэн юм.
-Өөрийн тань хэлснээр та үнэхээр азтай бас хувьтай хүн юм. Одоо бол дөнгөж их сургуулиа төгсөөд театрт орж, ажиллана гэдэг ховор шүү?
-Үнэн шүү дээ. Үнэхээр би азтай, хувьтай эмэгтэй.
-Андуураагүй бол театрт ороод авсан анхны дүр тань Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа”-гийн Хүүхнээ байх аа?
-Тийм ээ, миний сэтгэлд одоо ч байдаг энэ дүрээрээ би дипломоо хамгаалсан. Миний дүр уйлж эхлээд төгсгөлд нь бас л уйлж ордог байж билээ. Тэр үед Д.Намдаг гуай жүжгийнхээ талаар их сайхан яриа хийнэ. Жүжигчдэд ёстой л нэг ой ухаанд нь ортол ярьж өгнө. Том, том жүжигчид Д.Намдаг гуайтай санал, сэтгэгдлээ солилцож ярилцана. Нэг өдөр зориг орж Д.Намдаг гуайгаас “Би энэ жүжгийн эхлэл, төгсгөлд нь ордог. Гэтэл хоёуланд нь л уйлах юм” гэж асууж билээ.
-Тэр том хүн танд юу гэж хариулсан бэ?
-“Энэ жүжигт жинхэнэ шинэ цагийн, шинэ хүний дүр бол чи л байгаа юм. Чамаас энэ шинэ засаг төр эхэлж байгаа. Тэгэхээр чи хуучин бурангуй нийгмийн ч төлөөлөл, шинэ цагийн ч төлөөлөл. Ингээд л уялдаа холбоог нь бодоод уйлаад байж дээ” гэсэн.
-Түүнээс хойш та их олон жүжиг, кинонд тоглосон шүү дээ?
-Тийм ээ, энэ цаг мөчөөс л би жүжигт тоглох сайхан хэрнээ дүр бүтээх хэцүү бэрх, ухаан зардаг ажил гэдгийг ойлгосон. Бие сэтгэлээ зориулсан 40 гаруй жилийнхээ хугацаанд дэлхийн сонгодог болон өөрийн орны нэрт зохиолчдын 60 гаруй жүжигт тоглосон.
Ингэх бүртээ алдаж онож, магтуулж шүүмжлүүлж, уйлж дуулж Б.Тунгалаг гэх бие хүн болон төлөвшсөн. Нийгмийн ороо бусгаа үед театрынхаа төлөө ажиллаж, одоо Монголын урлагийн ажилчдын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж, урлагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.
-Харин сүүлийн үед сайхан ээж, эмээгийн дүр л бүтээж байгаа харагддаг боллоо?
-Намайг анх урлагт хөл тавьж байхад Ардын жүжигчин Долгорсүрэн гуай хэлж байсан юм. Тэр үг одоо ч санаанаас гардаггүй.
-Ямар үг хэлсэн болохоороо өнөөг хэр нь санаанаас тань гардаггүй билээ?
-“Жүжигчин болно гэдэг хэцүү шүү дээ, охин минь. Их л хүнд, бас нас богинотой ажил даа” гэж.
-Нас богинотой ажил гэдгийг яг ямар утгаар нь хэлээд байна вэ. Та одоо ч гэсэн урлагт зүтгэж л явна шүү дээ?
-Уран бүтээлч хүн ид хийж бүтээх залуу насандаа л олон сайхан дүр бүтээдэг. Түүнээс хойш бол нэртэй, нэргүй ээж, эмээгийн л дүрд тоглодог юм байна. Тухайн үед Ардын жүжигчин Долгорсүрэн гуайн хэлсэн үгийг яг л чам шиг ойлгоогүй явж. Тэгсэн ийм л үнэн үг байж л дээ.
-Одоо л ойлгож байх шиг байна. Гэхдээ таны тоглосон жүжиг, киног харахаар ихэвчлэн уян зөөлөн эмэгтэйн дүр бүтээсэн байх юм?
-Жүжигчин хүний амбалог гэж байдаг. Чиний хэлснээр найруулагчид намайг ихэвчлэн уян зөөлөн эмэгтэйн дүрд тоглуулдаг. Энэ олон жил урлагт зүтгэхдээ уйлж, унжсан олон ч кино, жүжигт тоглосон доо. Харин одоо кино зохиол уншихаар нэр байхгүй “Ээж” гээд л биччихсэн байх юм.
-Туниад байгаа юм уу даа?
-Гэхдээ яах вэ дээ. Ээж болгон адилгүй юм чинь. Болж л байна.
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ уран бүтээлч, жүжигчин хүний хувьд нэг ийм дүр бүтээчих юмсан гэх нууцхан бодол бий л биз дээ?
-Жүжигчин хүнд тоглохыг хүссэн олон дүр байлгүй яах вэ. Одоо ч мөрөөдлөөр дүүрэн үлдэж дээ. Нас ахиад ирэхээр санаанаас цаашгүй болдог юм байна шүү дээ.
-Таныг алдарт “Ромео Жульетта”-гийн Өрлөг эхийн дүрд тоглохыг хүсдэг байсан гэж сонссон юм байна?
-Тийм ээ, үнэн. Залуу байхдаа бас алдарт “Гамлет”-ийн Офеллад тоглохыг мөрөөддөг байлаа. Даанч намайг театраас гарснаас хойш эдгээр жүжиг тайзнаа амилсан.
-Харамсалтай юм аа. Хэрэв театртаа байсан бол мөрөөдлийнхөө талыг нь ч гэсэн биелүүлэх байж шүү дээ?
-Магадгүй ээ.
-Ингэхэд таныг Архангай аймгийн Хайрхан суманд төрж, өссөн гэдгийг мэдэх юм байна?
-Манай Архангай их сайхан аймаг шүү дээ. Арын сайхан хангай гэж Монголдоо нэртэй, тамгатай сайхан нутаг. Хэзээний мал сүрэг, идээ цагаагаар баялаг. Байгалийн зүй тогтлын хувьд ч гэсэн хангай, говь хосолсон. Ийм сайхан нутагт төрж, өссөндөө баярладаг. Нутгаараа, тэр тусмаа Хайрхан сумынхаа зон олноор бахархаж явдаг даа.
-Та нэг бус удаа “Хүний өсч өндийсөн нутаг гэдэг яах аргагүй өөрийнх нь хүн болох ноён, нурууг нь босгож өгдөг юм байна” гэж ярьсан байна лээ?
-Үнэн шүү дээ. Тэр сайхан ард түмний дотроос л бид чинь хүн болж, босч өндийж ирдэг юм байна гэдгийг хүн их хожуу ухаарч, ойлгодог юм байна. Залуу нас гэдэг энэ тэрийг бодохгүй, ийш тийшээ гуйвахгүй хийсээд л өнгөрдөг юм байна шүү дээ.
-Үнэхээр сайхан хэллээ. Харин таны үеийн хүүхдүүд ихэвчлэн хурга ишиг хариулж, тугал эргүүлж өссөн байдаг юм билээ?
-Хүүхэд нас маань холбоо хоёр нуур, Хайрхан уулын бэлд өнгөрчээ. Тэр л уулынхаа хормойгоор гүйж өссөн байх юм. Миний үеийнхэн бүгд л тийм байсан. Нутгийнхаа зүлгэн дээр хөл нүцгэн гүйж, хурга ишиг эргүүлж явсан минь одоо зөвхөн дурсамж л болж.
Хүний өсч, өндийсөн нутаг гэдэг ямар сайхан юм бэ. Нас ахих тусам нутгийн минь сайн сайхан нь улам л торойн харагддаг юм байна. Ингэж л бодож сууна даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!