Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалтай хүүхдийн 7 дадал

ikon.mn
2015 оны 9 сарын 18
iKon.MN

-Бага насны хүүхдүүд 7 дадлаас суралцах боломжтой боллоо-

Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын зохиолч Шонн Ковигийн бяцхан уншигчдадаа зориулан гаргасан  “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” ном Монгол хэл дээр гараад удаагүй байгаа боловч эцэг эх, багш нар,  хүүхдүүдийн сэтгэлд хүрч чаджээ.

 

“Аз жаргалтай хүүхдийн 7 дадал”  нь бага насны хүүхдэд 7 дадлыг анхлан таниулахад зориулсан ном бөгөөд номын нэг бүлгийг нэг дадалд зориулсан байдаг.

Хүүхдүүдийн анхаарлыг татсан хөгжилтэй зураг, түүхүүдээр дамжуулан дадлуудыг илүү хурдан ойлгох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм. Бүлэг бүрт эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж дадлыг хэвшүүлэх Эцэг эхийн булантай бөгөөд энэ булан нь Бүлгийн хураангуй, Ярилцацгаая, Анхны алхам хэсгүүдээс бүрддэг.

Эцэг эхчүүд тухайн бүлгээс хүүхдүүддээ яг юуг ойлгуулах ёстой болох, хүүхдүүддээ зөв дадлыг хэвшүүлэхэд тэдэнд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг энэ хэсэгт өгүүлсэн байдаг. Харин Анхны алхам хэсэгт хүүхдүүд ямар алхам хийснээр энэ дадлыг амьдралдаа хэрэгжүүлж болохыг өгүүлжээ.

7 царс хотхоны өхөөрдөм хөөрхөн баатрууд болох баавгайн бамбарууш Майга бор, туулайн бүжин Дэлдэн, өмхий хүрэнгийн сөдий Цэцэгхэн, хэрэмний хувдай Самархан, хэрэмний хувдай Хушгахан, зарааны зулзага Бөөдий, хулганы гөлчгий Өөдөсхөн нарын түүхээр дамжуулан хүүхдүүд хөгжилтэй байдлаар дадлуудаас суралцах юм.

 

Тухайлбал: номын Уйдаад байна, Уйдаад байна 1 бүлэгт хэрэмний хувдай  Самархан өөрийн уйтгарлаж байгаа шалтгаандаа ээж, найз нөхөд, амьдралыг буруутгаж байгааг харуулах бөгөөд түүхийн төгсгөлд хөгжилтэй байх уу?, уйтгартай байх уу гэдэг нь зөвхөн өөрөөс нь шалгаалах юм гэдгийг ойлгодог. 

Бөөдий үсэглэлийн шалгалт өгсөн нь 3 бүлэгт Бөөдий шалгалтын өмнөхөн үгээ яаран сандран бэлдсэн шиг чухал зүйлсээ хийлгүй алгуурлаж хойш тавих нь ямар хэцүү байдалд оруулж болохыг энэ түүхээр харуулсан байдаг. Хүүхдүүд хийх ёстой зүйлсийнхээ тухай 30 минут гомдоллож байхдаа хийх зүйлсээ амжуулах хангалттай хугацаа өнгөрч байгааг анзаардаггүй.

Үнэндээ хамгийн чухлыг түрүүлж хийнэ гэдэг амаргүй даваа. Гэвч бид үр хүүхдүүддээ хөгжөөн наргиаг түр хойш нь тавиад хэцүү зүйлийг хамгийн түрүүнд хийж байхыг багаас нь зааж сургахгүй бол тэд нэг бол оройтсон хойно нь сурах, эсвэл бүр сурахгүй ч байж магадгүй юм.

 

Цэцэгхэн ногоо тарьсан нь 4 бүлэгт Цэцэгхэнд сонголт хийх шаардлага гарч байгаа бөгөөд охин ээжийгээ ч, өөрийгөө ч сэтгэл хангалуун болгох арга бодож олсон нь хамтдаа хожиж болохын жишээ болдог. Хамтдаа хожих нь өөрийгөө боддог шигээ бусдыг ч гэсэн боддог байх нь бидний хүүхдүүддээ зааж сургах хамгийн хэрэгтэй дадлуудын нэг юм. Ер нь амьдрал гэдэг зөвхөн миний тухай биш, бас таны тухай ч биш харин та бид хоёрын тухай юм.

 

Нойрмог хушгахан 7 бүлэгт Хушгахан цорын ганц зүйлдээ буюу ном уншиж оюун ухаанаа ажиллуулах дээр анхаарч бие бялдар, зүрх сэтгэлээ хөгжүүлэхээ мартаж үлбэгэр, нойрмог болсон байдаг.

Өөрийгөө хурцлах нь тэнцвэрээ олж сурахад зориулагдсан бөгөөд эрүүл, аз жаргалтай байхын тулд бие бялдар, оюун ухаан, зүрх сэтгэл, итгэл үнэмшилдээ анхаарал хандуулж байх ёстой гэдгийг өгүүлдэг.