"Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратеги" батлагдлаа
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны наймдугаар сарын 24 өдрийн 325 тоот тушаалаар “Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратеги” батлагдлаа. Энэхүү стратеги нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих, эсэн мэнд амьдрах, цаашид насан туршдаа эрүүл амьдрах үндэс суурь болсон эрүүл хооллолтыг дэмжихэд чиглэсэн юм.
Хүний амьдралын эхний 1,000 хоног буюу эхийн хэвлийд ураг болон бүрэлдэхээс эхлээд 2 нас хүртэлх хугацаанд хоол тэжээлийн дуталд өртөх нь хожим залруулах боломжгүй эргэшгүй өөрчлөлтөд хүргэдэг байна.
Хүн амьдралынхаа эхний 1,000 хоногт аминдэм, эрдэс бодисоор баялаг тэжээллэг хоол, хүнсийг хангалтгүй хэрэглэсний улмаас өсөлт нь саатаж насан туршдаа намхан болох, иод, төмөр гэх мэт эрдэс бодисын дутлаас үүдэн оюун ухааны чадамж буурах, цус багадалттай болох; цайр, селений дутлаас шалтгаалан өсөлт хоцрох, дархлаа суларч өвчлөмтгий болох, эндэх эрсдэл ихэсдэг бөгөөд насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин гэх мэт халдварт бус өвчнөөр өвчлөх магадлал нь өндөр байдаг ажээ.
Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратеги нь бага насны хүүхдийн хоол тэжээлээс хамааралт эмгэгийг 2020 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар бууруулах зорилготой юм.
Энэхүү зорилтыг хангахын тулд дараах 6 зорилтыг дэвшүүлсэн.
- эх, хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой эрх зүйн орчинг сайжруулах;
- эх, хүүхдийн хооллолтыг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах,
- бага насны хүүхдийн хооллолтыг сайжруулахад олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- мэдээлэл харилцааны олон сувгийг ашиглан бага насны хүүхдийн хооллолтын зөв дадлыг дэмжих;
- хүүхдийн нэмэгдэл хоолны чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
- гамшиг, онцгой байдлын үед бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих, хоол хүнсээр хангах тогтолцоог бүрдүүлэх
Стратегийг хэрэгжүүлснээр эрүүл хооллолтын эхний гараа болсон “эхийн сүүгээр хооллолт”-ийг нэмэгдүүлэх, олон нэр төрлийн хүнс агуулсан нэмэгдэл хоолыг хангалттай хэмжээгээр, зохих давтамжтай хооллож байгаа хүүхдийг эзлэх хувийг нэмэгдүүлж, улмаар монгол хүүхдийн дунд түгээмэл тохиолдож буй өсөлт хоцролт, рахит болон Д аминдэм, А аминдэм, төмөр дутлыг 30 хүртэлх хувиар бууруулах болно.
Хоол тэжээлийн дуталтай эхээс бага жинтэй, хоол тэжээлийн дуталтай, амьдрах чадвар сул хүүхэд төрдөг тул энэхүү стратегийн зорилтын хүрээнд эхийн нийгмийн хамгааллыг сайжруулах, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хооллолтыг дэмжих замаар эх, хүүхдийг хоол тэжээлийн байдлыг сайжруулж, улмаар Монголын эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн дунд түгээмэл тохиолдож байгаа аминдэм, эрдсийн дутлыг бууруулах цогт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
