Уран зургийн галерейд “Тэргэл ба Солонго” хэмээх зураач, яруу найрагч хоёр бүсгүйн хамтарсан үзэсгэлэнг нээхээр болсон байна. Энэхүү сонирхолдтой үзэсгэлэнгийн талаар АНУ-д ажиллаж амьдардаг яруу найрагч Х.Тэргэлтэй цөөн хором ярилцлаа.
-Яруу найраг, уран зураг хослуулсан сонирхолтой үзэсгэлэнг нээх гэж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнг гаргах санаа хэрхэн төрсөн юм бэ?
-Зураач Ч.Солонго бид хоёр фэйсбүүкээр найзууд болсон. Тэгээд энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын үед надад тавьсан. Яг үнэндээ би тухайн зураачийн талаар мэдэх зүйл байгаагүй. Тиймээс ч түүний бүтээлүүдийг сонирхон үзтэл надад маш их таалагдсан. Ийм мундаг зураачийг Монголд байхдаа яагаад мэддэггүй байсан юм бол гэж бодсон.
Мөн зураачийн нэр нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь тэргэл, солонго гэдэг бол хоёулаа тэнгэрт байдаг зүйл. Тэргэл гэдэг бол дүүрэн сар, солонго гэдэг бол борооны дараа татахаар нь хүүхэд, хөгшидгүй баярлаж байдаг. Энэ мэт сайхан утга, ерөөл агуулсан байсан учир тавьсан саналыг нь хүлээн авсан.
-“Тэргэл ба Солонго” үзэсгэлэнгийн бүтээлүүд ихэвчлэн ямар сэдэвтэй байх бол?
-Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд олон өнцгийг харуулсан байгаа. Түүхийн, хайр сэтгэл, гуниг зовлон, атаархал гээд олон төрлийг харуулсан. Өөрөөр хэлбэл, шүлэг зураг хоёр аль аль нь олон талыг харуулсан нийт 18 бүтээл байх болно. Тиймээс үзэгчид нэгэн зэрэг урлагийн хоёр таашаалыг авах ач холбогдолтойгоороо энэхүү үзэсгэлэн анхдагч.
Урьд өмнө нь монголд ийм төрлийн үзэсгэлэн гарч байгаагүй юм билээ. Зураач С.Саранцацралт яруу найрагчдын ганц нэг шүлэгт, номонд зориулан зураг зурж байсан байх. Бүх бүтээл нь хамтарсан ийм том хэмжээний цогц бүтээл гарч байгаагүй.
-Үзэсгэлэн хэзээ, хаана нээгдэх вэ. Тасалбартай байх уу?
-Уран зургийн галерейд энэ сарын 15-нд долоо хоногийн хугацаатай нээнэ. Үзэсгэлэнг үзэхийг хүссэн хэн бүхэн ирээд үнэ төлбөргүй үзэж, сонирхоод оюуны их таашаал авах бүрэн боломжтой. Тасалбарын төлбөрийг зохион байгуулагчид нь төлчихсөн гээд ойлгочиж болно.
-Нийтдээ хэчнээн бүтээл дэлгэгдэх бол. Бүх уран зурагт зориулан шүлэг бичсэн байгаа юу?
-Миний таван шүлэгт Ч.Солонго зураач зураг зурсан. Бусад шүлгүүдээ би түүний уран зургийг хараад шүлэг зохиосон. Яруу найрагч хүн уран зургийг харж анхны сэтгэгдлээр шүлэг зохиох, яруу найрагчийн бичсэн шүлгийг зураач уншаад, төрсөн мэдрэмжээрээ зураг зурж бүтээл болгосон гэсэн үг. Бүтээлүүдийн хэжээний хувьд нэлээн том гэж хэлж болно. Ер нь 1.2-2 метрийн хэмжээтэй бүтээлүүд бий.
-Америкт хэдэн жил амьдарч байгаа вэ. Ирээд буцах хугацаандаа өөр ямар ажил амжуулах гэж байна вэ?
-Би АНУ-д найман жил амьдарч байна. Энэ удаад долоо хоногийн хугацаанд ирсэн. Үзэсгэлэнгээс гадна олон ажил төлөвлөж байгаа. Тухайлбал, н.Наранцогт даргатай “Байгаль дэлхийгээ аврая тэнгэрлэг аян”-ынхантай хамтарч өнгөрсөн жилээс эхэлж, “Хамрын хийдэд” мод тарьж эхэлсэн.
Энэхүү ажлын хүрээнд төлөвлөсөн ажил байна. Мөн энэ сарын 14-нд “Хавана” зочид буудалд уншигч, зохиолчдын “Аз жаргалын эрэлд” нэртэй чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар болсон. Уулзалтын гол зорилго нь АНУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд жинхэнэ байдал дээрээ ямар эрсдэл үүрдэг, ямар асуудалтай тулгардаг талаар ярилцах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!