Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлфи буюу Өөрөгийн түүх

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 6 сарын 21
iKon.MN

Сүүлийн үеийн амьдралын хэв маяг болсон Сэлфи буюу Өөрөг (өөрийн хөрөг) нь цоо шинэ зүйл биш ажээ.

Гэрэл зураг авч чаддаг болсноосоо хойш хүн төрөлхтөн үүнийг янз бүрээр хийж байсан байна.

 

Анхны Сэлфи

 

Түүхэн дэх хамгийн анхны сэлфиг Роберт Корнелиус 1839 онд хийжээ. Филаделфид амьдардаг химич Корнелиус, гэрэл зургийн хорхойтон байсан гэнэ.

 

Жозеф Байроны сэлфи

 

Гэрэл зурагчин Жозеф Байрон 1909 онд өөрийн хөргөө Нью Йоркод буулгажээ. Байрон бол Нью Йоркын хамгийн алдартай гэрэл зургийн студийг байгуулсан хүн юм.

 

Гүнж Анастасиягийн сэлфи

 

Оросын гүнж Анастасия 1914 онд өөрийн хөргийг толинд харж байгаад буулгасан байдаг.

 

Стэнли Кубрикийн сэлфи

 

Орчин үеийн анхны сэлфиг Стэнли Кубрик 1940-өөд оны LOOK сэтгүүлд зориулж толинд ойлгон буулгажээ.

 

Жаклин Кеннедигий гэр бүлийн сэлфи

 

Жаклин Кеннеди нөхөр Жон, нөхрийнхөө дүү Эдель нарын хамт 1954 онд толинд ойлгож буулгасан сэлфи. Энэ ховор зураг Кеннедигийн гэр бүлийн альбомоос олдсоны дараа 2013 онд дуудлага худалдаагаар зарагджээ.

 

Жорж Харрисоны сэлфи

 

Битлз хамтлагийн гишүүн Жорж Харрисон сэлфид нугасгүй дуртай байжээ. Тэр дэлхийн олон орноор аялахдаа ингэж дүрээ буулгасан байдаг.

Тэдний дундаас хамгийн алдартай нь 1966 онд Таж Махалын өмнө дугариг, загасны нүдэн дурангаар авсан сэлфи юм.

 

Буз Алдрины сэлфи

 

1966 оны Gemini 12 сансрын аялалын үеэр Буз Алдрин анхны задгай сансар дахь сэлфиг авчээ. Бусад сансрын нисэгч нар үргэлж дэлхий, сар, эсвэл сансрын хөлгийн зураг авдаг байсан бол Алдрин өөрийгөө оруулж авах дуртай байжээ.

 

Ангараг дээрх сэлфи

 

Куриосити Ровер роботыг Ангараг гаригийн гадаргуу дээр буулгасны дараа 2012 онд робот маань өөрийн сэлфиг дэлхий рүү илгээсэн нь харь гариг дээр хийсэн анхны сэлфи байлаа.

 

Эллений сэлфи

 

2014 оны Оскарыг дамжуулах үеэр хөтлөгч Эллен Деженер олон кино одуудын хамт сэлфи хийж Твиттер сүлжээгээр тараасан нь Твиттер сүлжээний түүхэн дэх хамгийн олон рэтвит авсан тохиолдол болсон юм.

Энэ сэлфи нь Самсунгийн гар утасны сурталчилгааны нэг хэсэг байсан нь сүүлд тодорхой болжээ.

 

Сармагчингийн сэлфи

 

Сүүлд зэрлэг амьтан хүртэл сэлфи хийдэг болов. Гэрэл зурагчнаас олзолсон камераар санамсаргүй өөрийн хөргийг буулгасан эмэгчин макака сармагчны сэлфи 2014 онд Интернэтээр тархсан.

Энэ сэлфиний оюуны өмчлөл дээр маргаан дэгдэж байсан ч Википедиа болон бусад интернэт ертөнц түүнийг камерны эзний өмч биш гэж үзсэн юм.

 

Эх сурвалж: Allday.Com