ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өөлөхийн аргагүй өвөрмөц уран бүтээлч

Монголын мэдээ
2015 оны 6 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Бүхий л амьдралаа Монголын дэлгэцийн урлагт зориулж, үндэсний дэлгэцийн урлагийн дүрслэлийн хэлийг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан уран бүтээлч бол БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн зураглаач Гэнэнгийн Цэрэн гуай юм.

Хэдийгээр бидэн хоёр үе тэнгийн улс биш боловч Цэрэн гуай дайралдах болгондоо миний ажил төрлийг асууж “Чи ч багагүй юм хийгээд байгаа юм шүү. Хүн завгүй байх тусмаа л их юм бүтээдэг дээ” хэмээн инээмсэглэн хэлдэг байсансан. Тэр дүр төрх нь эдүгээ нүдэнд харагдаж, зөөлөн эерүү дуу хоолой нь сонсогдох шиг болдог юм. Үнэхээр Цэрэн гуай хэнийг ч гомдоочихгүй юмсан гэсэн шинжтэй инээмсэглэж, эвтэй найртай ярьдаг, ажил төрлийг нь асууж, аятай таатай хэлцдэг тийм л зантай хүн байж билээ.

Өөрөө их цэвэрч нямбай, алхаж гишгэхдээ ч эгц шулуун, бүтээл туурвилдаа ч их нарийн нягт ханддаг үнэхээр өөлөхийн аргагүй сонин, өвөрмөц зан чанар, арга барилтай уран бүтээлч байсан юм. Г.Цэрэн гуай 1930 оны тавдугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Өртөө төгрөг” хэмээх газар жирийн малчин Гэнэнгийн нуган үр болж мэндэлжээ. Тэрээр арван зургаахан насандаа буюу 1946 онд “Цогт тайж” киног үзээд үнэхээр ихэд биширч “ийм сайхан кино хийдэг хүн болохсон” хэмээн бодох болсон нь түүний ирээдүйн уран бүтээлийн алтан шар замыг тэнгэр бурхан нээж өгсөн хэрэг байжээ.

Тэр 1947 онд дунд сургуулийн VII ангиа дүүргээд, МУИС-ийн хоёр жилийн бэлтгэл ангид орж төгсгөөд улмаар Зоотехникийн ангид элсэн оржээ. Тэр II курсэд сурч байх үедээ “Монгол кино” үйлдвэр өнгөт кино хийх гэнэ, Орос Улсаас томоохон мэргэжилтнүүд ирж ажиллана гэсэн яриаг азаар сонсч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сургуулиа шууд хаяж орхиод кино үйлдвэр рүү гүйж очсон нь түүний зорьсондоо хүрэхийн тулд ямар их эр зориг, эрч хүч гаргадаг байсныг харуулдаг юм.

Тэр үед Монголд уригдаж ирээд байсан Москвагийн баримтат киноны төв студийн нэрт зураглаач Е.И.Яцуны дагалдан болж, дөрвөн cap гаруй ажиллаад нутаг руугаа буцаж ирэхэд нь монгол киноны ахмад зүтгэлтэн, зураглаач Д.Жигжид гуай туслахаараа авчээ. Энэ нь түүний заяа тавилан ногоон гэрлээр явж, сэтгэл нь ариун байсны гэрч бөгөөд түүний хэнтэй ч хүнлэгээр харьцдаг, ажилсаг, чин сэтгэлтэй хүмүүн байсны өгөөмөр шагнал байлаа.

Тэрбээр кино үйлдвэрт 1956 он хүртэл ажиллаад Москва хотноо Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд очиж, нэрт зураглаач Л. Косматоваар зураглах урлагийн эрдэм ухаанд нэвтрэх хичээл заалгаж, 1961 онд сургуулиа төгсч ирээд “Монгол кино” үйлдвэрт тасралтгүй ажиллажээ.

Г.Цэрэн 1963 онд найруулагч Д.Хишигтийн бүтээсэн “Баясгалан” хэмээх киноны зургийг авснаас эхлээд “Амьдралын цуурай”, “Толбот хивс”, “Гэмшил зэмлэл”, “Өглөө”, “Хүргэнхүү”, “Тэмцэл”, “Баянбулагийнхан”, “Давааны цаана даваа”, “Хүний төлөө”, Газрын жигүүр”, “Хатанбаатар”, “Сахиул уу, сахиус уу”, “Тань руу нүүж явна” зэрэг нийт 15 уран сайхны киноны дүрслэлийн хэлийг бүтээжээ.

Түүний урлах аргын онцлог нь уг бүтээлийнхээ хэсэг бүрийн утга санааг дүүрэн илэрхийлэхийн тулд зураг авалтын цэгийг нарийвчлан сонгож, нэгж дүрсийн оновчтой уран зохиомжтой хослуулан түүгээрээ дамжуулж хэлэх гэсэн санаагаа тодорхой илэрхийлж чаддагт оршино. Г.Цэрэн гуай тэрхүү зураглалаа сэтгэлдээ хүртэл бүтээхийн тулд янз бүрийн өвөрмөц арга техник хэрэглэдэг байсан нь бусад уран бүтээлчдэд үнэтэй туршлага болж үлдсэн юм.

“Давааны цаана даваа” /1977, найруулагч Ж.Бунтар/ кинонд зураглаач Г.Цэрэнгийн оруулсан хувь нэмэр их билээ. Нэгдэлчдийн зам засч байгаа хэсгийн зургийг далайцтай харуулахын тулд зам засагчдын дээгүүр нь олс татаж, түүн дээгүүрээ зураглуураа гүйлгэн 100 гаруй метр урт дүрсийг дагуулал хэлбэрээр авсан нь Монголын кино урлагийн дүрслэлийн урлагт нэг шинэ алхам болжээ. Энд эрч хүчтэй ажиллаж буй хүмүүсийн ажлын явц үнэхээр хэмнэл сайтай, хөдөлмөрийн эрч хүч нь мэдрэгдэм дүрслэгдсэн байдаг. Зөвхөн ганц энэ дүрслэлээр зогсохгүй шигтгээ болгож авсан том дүрсээр хүрз, шороо, ажилчин хуний гар, хөлний утга санаа бүхий дүрслэлүүдийг нягт нямбай харуулсан нь зураглаач Г.Цэрэнгийн аливааг дуустал чанартай бүтээхийг эрмэлздэг байсан хөдөлмөрч зан төрхийн илэрхийлэл болжээ.

Тэрбээр нэг удаа надтай ярилцаж суухдаа өөрийнхөө урлан бүтээх арга хөдөлгөөнтэй өрөлтөөр чөлөөтэй зураг авах дуртай. Жүжигчин хүн аппаратад захирагдаж жүжиглэх биш, аппарат жүжигчнийг дагаж, тэдний үйл хөдөлгөөнд захирагдах ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг. Найруулагч дотроос Сумхүү, Бунтар нартай нэлээд гар нийлдэг. Бунтар өрөлтөө их өвөрмөц тавьдаг хүн шүү дээ. Драматургаа бас нэлээд сониноор шийддэг. Энэ онцлогууд нь надад аятайхан санагддаг юм” гэж билээ.

Г.Цэрэн “Өглөө” /1968, найруулагч Д.Жигжид/ киноны зургийг авахдаа уг бүтээлийн туульсын өнгө аясыг тодруулахыг эрмэлзсэн нь олон хэсгүүдээс харагддаг. Энэ киноны зургийг зураглаач О.Уртнасан гуай мөн хамтарч авсныг хэлэх хэрэгтэй юм. Уг бүтээлийн зургийг хоёр сайн зураглаач ур чадвар, оюун ухаанаа шавхан авахдаа санаа бодол, арга барилаа нэгтгэн ажилласан учраас аль алиных нь бүтээл хэмээн хэлэхэд буруутахгүй буй заа. Ардын хувьсгалын партизанууд Алтанбулаг хотыг гамингийн цэргүүдээс чөлөөлж буй үйл явдлыг харуулсан асар олон хүн /массовка/ оролцсон нүсэр зургийг дан хөдөлгөөн дунд урлан бүтээсэн нь гарцаагүй Г.Цэрэн гуайн зураг авалтын арга барилыг тодруулан харуулдаг.

Уг киноны үйл явдлын нэгэн оргил хэсэг болох Сүхбаатар, Ленин нарын уулзалтыг харуулсан хэсгийн зургийг хоёр зураглаач гэрлийн тэнүүн, уужим өнгөлөг тусгалыг ашиглаж авсан нь тэрхүү түүхэн уулзалтын утга санааг яруу тод илэрхийлсэн байдаг. Энэ зураг авалтын ололт нь манай орны төдийгүй гадаадын судлаачдын анхаарлыг ч ихэд татсан билээ. Тухайлбал, 1969 онд “Советская культура” сонинд кино судпаач Я.Рыжакин бичихдээ “Өглөө” киноны Сүхбаатар, Ленинтэй уулзаж байгаа хэсэг бол хамгийн их сэтгэл хөдлөм сайхан хэсэг юм...

Эл бүтээл дээр Монголын шилдэг уран бүтээлчид авьяас билгээ дайчлан ажилласан явдал бол Монголын урлагийн мастерууд өөрсдийгөө ямар ч хүнд хэцүү уран бүтээл хийх эрийн цээнд хүрснээ дахин харууллаа” гэж өндрөөр үнэлсэн юм.

Тэрчлэн Г.Цэрэнгийн уран бүтээлийн онцлогийн тухай кино судлаач агсан Д. Цолмон “Монгол кино” номдоо бичихдээ “Оператор Г.Цэрэнгийн ихэнх бүтээлийн өнгө аяс нь ард түмний түүх, баатарлаг тэмцэл, нутгийн аж амьдрал, улс орныхоо хөгжил цэцэглэлт зэргийг агуулга хэлбэрийн нэгдэл сайтай, уран дүрслэлтэйгээр харуулсан байдаг. Түүний авсан зураг хэмнэл сайтайгаас гадна анх “Баясгалан”, “Толбот хивс” киноны ракурсаар үндэсний кино урлагт нэгэн шинэ хэллэгийг зоригтой анх нэвтрүүлсэн гэж хэлж болно” хэмээсэн байдаг. Зураглаач Г.Цэрэн уран сайхны киноноос гадна “Буддагийн 2500 жилийн ой”, “Манай хүндэт зочин Ворошилов”, “Баярт уулзалт”, “Эртний нутгийн солонго”, “Их говийн зоригтны нутгаар” зэрэг 46 баримтат киноны зургийг авчээ.

Эдгээрийн дотроос “Эртний нутгийн солонго” /1966,найруулагч Ц.Зандраа/ киноны зургийг авахдаа эх орныхоо байгалийн үзэсгэлэнг дурайтал харуулаад зогсохгүй уг бүтээлийнхээ дүрслэлийн хэллэгийг баяжуулж уран сайхны киноны арга барилыг уг бүтээлийн “гол дүрүүд” болсон хүмүүсийг хөрөглөсөн том дүрсүүд дээр гэрлийн өвөрмөц шийдлүүдийг ашиглан оруулж ирсэн нь анхаарал татдаг.

Энэ нь тэр цаг үедээ төдийлөн ажиглагдаж үнэлэгдээгүй байж болох боловч уг киноны баримтат уран сайхны шинжтэй өнгө аясыг зураглаач гүнзгий мэдэрч дүрслэлийн хэлээрээ тодруулсан нь тухайн бүтээлийн амжилтад хүрэхэд нэг том хөшүүрэг болсон билээ. Өөрөөр хэлбэл, ялангуяа хөрөг зурагнуудад уран сайхны гэрэлтүүлгийг чадварлагаар ашигласан нь баримтат киноны арга барилаас зугтах хэмээсэн түүний нэг оролдлого байсан төдийгүй Монголын кино урлагийн дүрслэлийн хэллэгийн нэг шинэ эхлэл болсон юм.

Г.Цэрэн зураглаач өөрийнхөө эрдэм мэддэг, ур авьяасыг урган төлжиж буй киноны дүрслэлийн хэллэгийг сонирхон хүч чаддаа сорих хэмээсэн олон арван залуу уран бүтээлчдэд сэтгэл харамгүй өвлүүлэхээр сэтгэл, зүрхээ зориулан зүтгэж асан нь тэрхүү нэрт уран бүтээлчийн нэгэн гайхамшигтай чанар байсан хэмээн хэлж болно.

Монгол орон зах зээлд орсноос хойш монголчууд жинхэнэ монгол ёс заншил, сэтгэл зүрхээ алдахад хүрч эхэлсэн тэр эмзэг хэцүү үед олон шавь нараараа тойруулан мэргэжлээ заагаад зогсохгүй “Монголын кино урлагийн түүх”-ийг Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд насан өөд болтлоо зааж байсан нь эдүгээ бодоход ямар их сэтгэлийн халгиатай, буянтай уран бүтээлч байж вэ дээ хэмээн харуусах сэтгэл төрдөг юм.

...Нэг өдөр утас дуугарлаа. Киноны сургуулийн Сургалтын албаны дарга Мөнхжаргал “Манайд “Монголын кино урлагийн түүх”-ийн хичээл зааж байсан Г.Цэрэн багш насан өөд болоод хичээл нь тасрах гээд байна. Та орох боломж байна уу” гэж байна.

Үнэхээр сэтгэл өмөрч, бас хажуугаар нь киноныхоо сургуульд тэр их уран бүтээлчийн сургалтын “алтан аргамжийг” цааш нь үргэлжлүүлэн авч явна гэдэг бахархалтай санагдаж киноныхоо сургуульд хэдэн жил “Монголын кино урлагийн түүх”, улмаар “Дэлхийн кино урлагийн түүх”, “Драматургийн үндэс” зэрэг хичээлийг заасан нь эдүгээ бодоход чин үнэн сэтгэлтэй Г.Цэрэн гуайн маань надад үлдээсэн нандин өв байсан юм болов уу даа хэмээн миний бие үргэлж бэлгэпгээн санаж явдаг юм.

Нэрт зураглаач Г.Цэрэн гуай Монголын кино урлагийн дүрслэлийн хэлийг хөгжүүлэхэд өөрийн өвөрмөц олон арга барил, өнгө төрхийг оруулсан томоохон уран бүтээлч байсныг Монголын ард түмэн үеийн үед үл мартмуу.

ДҮЙНХОРЫН МЯГМАРСҮРЭН

Зураг