ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

35,000,000,000,000,000 Зимбабве доллар 1 Америк доллартай тэнцэнэ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Зимбабве улсын Нөөцийн Банк зургаадугаар сарын 15-нд үндэснийхээ мөнгөн тэмдэгттэй холбоотой сүүлчийн арга хэмжээг авлаа.

Засгийн газар эргэлтэнд байгаа Зимбабве долларыг 1 ам.доллар=35,000,000,000,000,000 Зимбабве доллар гэсэн ханшаар татаж авах гэнэ.

Харин 2015 оны есдүгээр сарын 30-наас хойш эргэлтэнд үлдсэн бүх Зимбабве доллар ямар ч үнэ цэнэгүй цаас болон үлдэх юм.

Ингэснээр Зимбабве улсын иргэд дэлгүүр хэсэхдээ том цүнх, заримдаа тэрэг дүүрэн мөнгө авч явдаг үеийг төгсгөл болгож байгаа аж.

2009 онд засгийн газар АНУ-ын долларыг гүйлгээнд зөвшөөрөх болсноос хойш хүмүүс Америк доллар болон Өмнөд Африкийн рандыг өдөр тутам хэрэглэх болж Зимбабве долларын хэрэглээ эрс буурсан юм.

1980 онд тусгаар тогтносныхоо дараа Зимбабве улс өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт болох Зимбабве долларыг гаргасан ба тэр үед ханш нь 1.5 Америк доллартай тэнцэж байжээ.

Тэр цагаас хойш инфляц, авлигал, ерөнхийлөгч Роберт Мугабегийн будилаантай газрын реформ зэрэг олон алдаа завхарлаас болоод үндэсний валют нь үнэ цэнээ эрчимтэй алдсаар ирсэн юм.

2008 оны 11 дүгээр сард Зимбабвегийн инфляц түүхэн дээд хэмжээ болох 79,600,000,000 хувьд хүрчээ.

Энэ үед барааны үнэ 25 цаг тутамд хоёр дахин өсч байсан гэдэг.

Зимбабве улс үүнээс хойш хэд хэдэн удаа валютаасаа тэгийг хасан бүхэлчлэх арга хэмжээ авч байв.

  • 2006 онд 1 шинэ долларыг 1,000 хуучин доллартай тэнцүүлсэн;
  • 2008 онд дахин 10 тэгийг хассан;
  • 2009 онд дахин 12 тэгийг хасч байлаа.

Үүнтэй зэрэгцэн засгийн газар 2009 онд Америк долларыг хэрэглээндээ нэвтрүүлж 2014 онд өөр олон гадаад валютыг гүйлгээнд зөвшөөрөх болсон юм.

Үүнд Өмнөд Африкийн ранд, Ботсваны пула, Британий паунд стерлинг, евро, Австралийн доллар, Хятадын юань, Энэтхэгийн рупи, Японы иен орж байв.

Энэ бол дэлхийн аль ч улсад тохиолдож байгаагүй явдал байлаа.

Гэхдээ ийм олон валютыг гүйлгээндээ зөвшөөрөх нь удаан хугацаанд үргэлжлэхгүй, хэзээ нэгэн цагт нэг валютаар голлох нь тодорхой.

Энэ тохиолдолд АНУ-ын доллар шалгарч үлдэх нь хамгийн өндөр магадлалтай. Бас Зимбабве доллар эргэн сэргэх боломжийг ч үгүйсгэж болохгүй юм.

 

Эх сурвалж: Mashable