Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хот хоорондын зорчигч тээврийн компаниудын хариуцлагыг өндөржүүлэх ёстой

Х. Батсайхан
2015 оны 6 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар, Увсын чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Архангай аймагт осолдож, найман хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргээс үүдэн олон нийтийн анхаарал хот хоорондын зорчигч тээврийн компаниуд руу чиглэсэн юм. 

Сэлгээний жолооч хаачив 

2015.06.11

Ослын шалтгаан тодорхойгүй хэвээр. Гэвч зарим ноцтой мэдээллүүд ил боллоо. Автобус Улаанбаатараас хөдлөхдөө хоёр ээлжийн жолоочтой байсан ч нэг жолооч нь замдаа бууж үлджээ.

Тиймээс хотоос нэмэгдсэн жолооч биш, Увсаас зорчигч тээвэрлэж , ирсэн жолооч нь сэлгээгүй жолоо барьж явсан нь тодорхой болсон юм.

Автобус Улаанбаатараас хөдлөхдөө хоёр ээлжийн жолоочтой байсан ч нэг жолооч нь замдаа бууж үлджээ. 

Үүний дараа Замын цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдэл гаргалаа. “Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлын 8 цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх ёстой.

Энэ жолоочийн хувьд бараг 40 гаруй цаг амралтгүй жолоо барьсан нь зорчин явагчдын аюулгүй байдлыг хангахгүй байдалд хүргэсэн байна” хэмээн уг мэдэгдэлд дурдаж байсан юм. Гэхдээ сэлгээний жолооч үнэхээр хотоос гарсан ч замдаа бууж үлдсэн үү, эсвэл сэлгээний жолооч гэж угаасаа байгаагүй юу гэдэг нь одоо ч тодорхойгүй хэвээр... 
 

Ослын шалтгааныг тодруулж эхлэв

2015.06.10

Гэмтэл авсан найман хүнийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээж аван шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа таван зорчигч нь Увс аймгийг зорьсон байна. Харин хүнд гэмтэлтэй байсан  гурван хүнийг Улаанбаатар хот руу хүргэжээ. Холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ.

Автобус жолоодож явсан  хүн нь 39 настай В,С, D ангилалтай, олон жил мэргэжлээрээ ажилласан ажилласан туршлагатай хүн байсан бөгөөд осол гарах үед эрүүл байсан гэдэг нь хамгийн түрүүнд тогтоогдсон юм.

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Д.Батбаатар “Ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар жолооч үүрэглэсэн байж магадгүй гэж үзэж байгаа ч тэрбээр эсрэг талынхаа урсгал руу орж, хоёр метрийн өндөр гүүрний эхэн хэсгээс далан руу унасан байсан. Тиймээс тухайн автобусны хөндлөн тяга хугарсан байх магадлал өндөртэй гэж харж байгаа" хэмээн мэдэгдэв.

УВСААС УЛААНБААТАРТ ИРСЭН ЖОЛООЧ АМРАЛГҮЙ ЭРГЭЭД ХОЛЫН ЗАМД ГАРЛАА

2015.06.08

Увс-УБ чиглэлд зорчиж явсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн УВХ 22-88 улсын дугаартай, хот хоорондын зорчигч тээврийн “ПАЗ 4234” автобус

13.00 цагийн орчимд Улаанбаатарт хотод орж ирлээ. Энэхүү автобус нь авто вокзал дээр дөрвөн цаг саатаад 15.00 цагийн орчимд буцаад Увс аймаг  руу хөдөлжээ. Ингэхдээ 30 зорчигч, хоёр жолооч, нийт 32 хүнтэй байсан хэмээн бүртгэлд тэмдэглэсэн байна.

АРХАНГАЙ АЙМАГТ ОСОЛДОЖ, НАЙМАН ХҮН ГЭМТЛЭЭ

2015.06.09

УБ-Увсын чиглэлд зорчиж явсан “ПАЗ 4234” автобусны хяналтын GPS төхөөрөмж шөнийн 04.30 цагийн орчимд унтарчээ. Авто тээврийн үндэсний төв тэр даруй шалтгааныг нь тодруулахад осолдсон болох нь тодорхой болсон байна.

Улаанбаатараас хөдөлсөн автобус замдаа 22-ын товчооны цаанаас 2-3 хүн, улмаар цааш явах замдаа хүн нэмсээр 38 зорчигчтой болсон байна. Ингээд шөнө 04.30 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрээр гарч явахдаа жолоодлогогүй болон эсрэг урсгалд орж, хоёр метр өндрөөс унаж осолджээ. 

Авто тээврийн үндэсний төв осол болсон гэдгийг баттай магадалсны дараа Архангай аймгийн Онцгой байдлын газар руу мэдэгджээ. Гэхдээ багагүй хугацаа алдсан гэдэг нь Архангай аймгийн Онцгой байдлын газрын эх сурвалжийн өгсөн мэдээллээс харагддаг. Архангай аймгийн Онцгой байдлын газрын газарт ослын талаарх мэдээлэл, дуудлага 07.30 цагт ирсэн байна. 

Хариуцлагатай жижүүрт байсан албан хаагчид дуудлагын дагуу осол болсон газар очиж ажиллажээ. Автобусанд 32 том хүн, 0-4 настай зургаан хүүхэд зорчиж явснаас найман хуний биеийн байдал хүнд байв.

Онцгойгийнхон эмнэлгийн тусламж шаардлагатай байсан найман хүнийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна. Харин үлдсэн 30 хүнийг Архангай аймгийн Авто тээврийн газраас автомашин гарган Улаангом руу тээвэрлэн хүргэжээ.


Сэтгүүлчийн өнцөг 

Шунал ихэдвэл...

Архангайн ослын хувьд, жолооч үүрэглэсэн, автобусны хөндлөн тяга хугарсан гэсэн хоёр таамаг дэвшүүлэн шалгаж байгаа гэж албаны хүн мэдэгдсэн билээ. Гэхдээ дүгнэлт хэрхэн гарахаас үл хамаараад хариуцлагагүй байдал, хувиа хичээгч үзэл, шунал, хэнэггүй байдал гээд манайханд байдаг олон муу чанар л ослын шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байна.

Жолооч нь үүрэглээд л замын хажуу руу нисч орхино. 

Хот хоорондын зорчигч тээвэрт хувийн микро автобус явдаг байх үед иймэрхүү осол олон гардаг байлаа.

Жолооч нь үүрэглээд л замын хажуу руу нисч орхино. Хөдөө аймгаас зорчигч тээвэрлэж ирсэн жолооч тээврийн товчоон дээр ирмэгцээ хэн нэг танилаараа "Тийшээ, ийшээ явлаа” хэмээн зарлуулж, тэр хоорондоо жаахан дуг хийсэн болоод эргээд л гарах нь ердийн үзэгдэл байв.

Зорчигчид нь ч хэнэггүй, 10 хүн тээвэрлэх зориулалттай бага оврын автобусанд 18-20 хүн суулгана гэхэд “За” гээд л суудаг. Жолоочийнх нь нүд улайчихаад үүрэглэх гээд байгааг харсаар байж “Жаахан амарч байгаад хөдөлье” гэхийн оронд “Хурдан яваач ээ, хүрэх газраа хурдан хүрмээр байна” гэж загнана. Үр дүнд нь илүү олон хүн осолд өртөж хохирдог байв.

Хот хоорондын тээвэрт ийм хэнэггүй, хариуцлагагүй байдал ноёлж, эх захаа алдсаны дараа холбогдох байгууллагаас шийдвэр гаргаж, зөвхөн том оврын автобусаар тээвэр хийлгэхээр болж, хуулийн этгээдэд л тээвэрлэлт хийх боломжийг олгож өгсөн. Эх захгүй, эмх журамгүй байдлыг үгүй болгох л гэж тэр шүү дээ. Гэтэл энэ хэнэггүй, хариуцлагагүй байдал хэвээрээ байгаа юм байна. ПАЗ 4234 автобус нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, 30 зорчигч тээвэрлэх стандарттай.

Увс руу зорчиж явсан автобус Улаанбаатараас гарахдаа дүүрэн зорчигчтой гарсан гэсэн үг. Замд авсан найман зорчигч бүгд хэтрэлт байжээ. Гэхдээ зорьсон газраа хүрэх гэж замын унаанд гар өргөсөн иргэд биш, компани, машин техник, зорчигчдын амь насыг хариуцаж яваа жолооч нарын хариуцлагын асуудал энд яригдана.

“Цавчаа” гэдэг үгийг мэдэхгүй Монгол хүн үгүй биз. Уг нь бол илд, сүх гэх мэт иртэй зүйлээр юмыг нэг далайлтаар тас цохихыг цавчих гэдэг. Харин өнөө үед бол цалингаас гадуурх орлого гэсэн утгаар ойлгогдоно. Ямар ч ажил хийж байгаа хүнд цавчаа хийх боломж байдаг. Их багын л ялгаатай.

Дарга төсвийн мөнгөөр улсад хохиролтой худалдан авалт хийж хувьдаа мөнгө цохидог бол жолооч шатахууны баримтан дээрээ илүү дүн бичүүлж мөнгө цохино. Эмч нар үнэгүй үйлчилгээг үнэтэй үзүүлнэ, барилгын туслах ажилчин байсан ч байгууллагаас хулгай хийнэ. Энэ бол эдийн засаг хөгжөөгүй, орлого багатай оронд л ийм “цавчаа” их байдаг гэх.

“Та хэдэн төгрөгийн цалин авч байна” гэхэд “500,000” гээд, “Хэдийг нь зарцуулж байна” гэхээр “Сая гаруйг л зарцуулж байна даа” гэж хариулах хүмүүс зөндөө. Төрд ажилладагууд нь үүнийгээ “Албан тушаалын хаялга” гээд эвтэйхэн нэрлэчихсэн. Хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн хувьд ийм “цавчаа” нь зам зуураас суусан зорчигчид юм. Тасалбар өгөлгүйгээр зорьсон газар нь хүргэж өгөөд мөнгийг нь өөртөө авна гэсэн үг.

Хол газар явгараад гараа өргөсөн нэгнийгээ зогсоод авчихдаг монгол хүний сайхан сэтгэл хэвээрээ байгаа байж болно. Бас хаа байсан Төв аймгийн Лүнд байгаа хүнийг заавал Улаанбаатарт очиж бүртгүүлж байж Увс руу яв гэж хэлэх ч хаашаа юм бэ. Хамгийн гол нь, таван цаас бодож хийсэн энэ алхам нь жолооч нарын хувьд буруутан болох нэг үндэслэл болж байгааг л ойлгох хэрэгтэй.

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан орон нутгийн автобус “Цонжин болдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баян даваагийн адаг зам дээр осолдож зургаан хүн газар дээрээ нас барсан ноцтой осол гарч байсан. Энэ осол жолооч зүүрмэглэснээс болж гарсан нь тогтоогдсон.

Үүнээс 10 хоногийн өмнө Улаанбаатар Багануурын чиглэлийн том оврын зорчигч тээврийн УБГ 5775 улсын дугаартай автобус Төв аймгийн Баяндэлгэр суманд осолдсон хэрэг гарч байсан гэх зэргээр хот хоорондын зорчигч тээвэр их бага хэмжээгээр осолд өртсөн гэсэн мэдээлэл cap алгасахгүй гарч байгаа нь харамсалтай.

Олон хүний амь насыг тээн яваа хот хоорондын зорчигч тээврийнхэн нэг жолоочийг ээлжгүй, амралтгүй ийн явуулдаг нь осол гарах гол шалтгаан болж байгаа юм.

Хот хоорондын тээврийн хэрэгслүүд шөнийн цагаар зорчигч тээвэрлэн явах нь элбэг байдаг. 

Хот хоорондын тээврийн хэрэгслүүд шөнийн цагаар зорчигч тээвэрлэн явах нь элбэг байдаг.

Энэ нь ч мөн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Хамгийн наад захын жишээ гэхэд үзэгдэх орчин муу, энэ цагт амарч байх ёстой тул хүний сэтгэн бодох чадвар зэрэг суларч сульдсан байдалтай байдаг зэргээс осол гардаг байна. Иймд холбогдох албаныхан хот хоорондын зорчигч тээврийн энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол цаашид орон нутгийн замд үүнээс болж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч мэдэхээр байна.

Автобус хотоос гарахдаа хоёр жолоочтой гарсан гэж бүртгэлд тэмдэглэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, ээлжийн жолоочтой, бүх зүйл ёс журмын дагуу байжээ. Гэвч энэ бол цаасан дээр л ийм байгаа юм. 40 гаруй цаг жолоо мушгиж осол гаргасан жолооч цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Ээлжийн жолооч нь ажлаасаа гарсан” гэж мэдүүлэг өгсөн байсан талаар хэвлэлүүдэд мэдээлсэн.

Гэтэл ЗЦГ-аас гаргасан мэдэгдэлд Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлын найман цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх ёстой” гэж тов, тодорхой бичсэн байгаа шүү дээ. Хэрвээ жолоочийн хэлсэн үнэн бол компани ч хариуцлага хүлээх асуудал яригдана.

Жолооч нь ажлаасаа гарсныг компани л мэдэхгүй байв гэж. Мэдсээр байж хоёр зорчигчтой мэтээр заль гаргаж байсан бол хариуцлага ярихаас аргагүй. Ер нь энэ хэргийн цаана хот хоорондын зорчигч тээврийн компаниудын гаргадаг энэ мэт заль мэх олон байх магадлалтай. “Шунал ихэдвэл шулам болно“ гэдэг үг бийг санах цаг болсон шүү.

Зураг